Метрополитен Опера

Метрополитен Опера (англи. Metropolitan Opera, үгчилбэл. Хотын дуурь) — 1880 онд Хөгжмийн академи (англи. Academy of Music)-тай өрсөлдүүлж Нью-Йорк хотод байгуулагдсан дуурийн хамтлаг. 1966 оноос Линкольны урлагийн төвд Метрополитен Операд тусгайлан зориулан барьсан барилгад байрлаж ирсэн. Энэ бол дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй дуурийн театруудын нэг юм. Ихэнхдээ "The Met" гэж товчилж нэрлэдэг байна.
"Метрополитен-опера хаус" компанийн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд баян чинээлэг пүүс, хувь хүмүүс ивээн тэтгэдэг.
Театр жилийн долоон сар буюу 9-р сараас 4-р сар хүртэл тоглолттой байдаг. Долоо хоногийн ням гаргаас бусад өдөр ямар нэг тоглолт үзүүлдэг. Бямба гарагт өдрийн болон үдшийн хоёр тоглолт үзүүлдэг байна. 5-р сараас 6-р сар хүртэл театр өөрөө аялан тоглолт хийдэг юм. Нэмж дурдахад, 7-р сард театр нь Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үнэ төлбөргүй тоглолт үзүүлж маш олон хүний анхаарлыг татдаг байна.
Театрын найрал хөгжимчид болон найрал дуучид байнгын ажилтай, харин гоцлол дуучид болон хөгжмийн удирдаачдыг улирлын гэрээгээр эсвэл 1-2 удаагийн тодорхой тоглолтод урьж оролцуулдаг байна. Уламжлал ёсоор дуурийг эх хэлээр нь тоглодог бөгөөд англи, испани, герман хэлээр хадмал орчуулга дагалдуулдаг бөгөөд итали хэлээрх дуурь нь итали хадмалтай байдаг. Танхимын суудал бүр нь урд талын суудлын ард байрладаг дэлгэц дээр үзэгчийн сонгосон хадмал орчуулга гардаг юм. Урын сан нь үндсэндээ дэлхийн сонгодог бүтээлээс бүрддэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]"Метрополитен Опера" компани нь 1880 онд байгуулагдсан бөгөөд Бродвэй дэх Кливленд Кадийн барьсан Дуурийн театрт байрладаг байсан. 1892 оны 8-р сарын 27-нд гарсан гал түймрээс барилга ихээхэн сүйдсэн. Сэргээн босголтын ажил дууссаны дараа театр дахин нээгдэж, 1966 он хүртэл тус барилгыг ашигласан. Сүүлд 1962 онд компанийн удирдлагууд дуурийн театрыг шинэ байранд шилжүүлэхээр шийджээ.
1966 оны 9-р сард тус компани бусад арван хоёр байгууллагын хамт Манхэттэн дэх Линкольны урлагийн төв дахь шинэ байранд нүүжээ. Тус танхим нь 3900 үзэгчийн суудалтай. Гайхамшигтай хөшиг нь хэдэн зуун кг жинтэй бөгөөд цэвэр торгон хатгамал, чимэглэгдсэн байдаг. Тайзны тоног төхөөрөмжийг Германы Герриц компанид үйлдвэрлэсэн. Үндсэн тайзнаас гадна гурван туслах тайз байдаг. Театрын дотоод ханыг Марк Шагалын монументаль фрескээр чимэглэсэн байдаг.
Метрополитен Операг 1883 оны 10-р сарын 22-нд Чарльз Гуногийн "Фауст" дууриар нээсэн. 1966 оны 9-р сарын 16-нд Линкольны урлагийн төвд шинэ дуурийн театрын нээлт Самуэл Барберын "Антоний ба Клеопатра"-гаар нээлтээ хийсэн байна.
20-р зууны эхэн үеэс эхлэн "Метрополитен Опера" театрыг Венийн дуурь, Милан дахь Ла Скала театрын хамт дэлхийн тэргүүлэгч дуурийн тайз гэж үздэг болсон.