Минимализм (үзэл бодол)

Минимализм (үзэл бодол) — Энгийн хялбар, чухал хэрэгцээгүй эд зүйлээс татгалзахад чиглэсэн үзлийг номлодог амьдралын хэв маяг юм. Ийм амьдарлыг сонгох шалтгаан нь шашны, ёс зүйн болон байгаль хамгаалах үзлээс үүдэлтэй байдаг.

Хүмүүс оюун санааны хувьд өөрийгөө хөгжүүлэхийн төлөө ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурь, эд хөрөнгөө золиосолж байсан тохиолдол түүхэнд олон байдаг. Жишээ нь Эртний Ромын эзэн хаан Диоклетиан амьдралынхаа сүүлийн жилүүдийг Иллирид амьдрахаар шийдэж, тэнд өөрийн эдлэн газарт суурьшиж, 8 жил ганцаараа амьдарсан түүх байдаг.

Байгальтайгаа уялдан зохицсон энгийн амьдралыг Америкийн зохиолч Хенри Дэвид Торо "Волден буюу ойн амьдрал" зохиолдоо номлосон байдаг.

Энгийн бөгөөд баялаг тав тух бүхнээс татгалзсан амьдралын алдартай жишээ бол Оросын сонгодог уран зохиолч Лев Толстой юм. Шашны эрэл хайгуултай холбоотой үзэл суртлын гүн хямралын дараа (энэ нь Ортодокс сүмээс татгалзахад хүргэсэн) зохиолч хамгийн сайхан амьдрал бол материаллаг үнэт зүйлс шаардлагагүй тариачины "энгийн хөдөлмөрч хүмүүсийн" амьдрал гэсэн санааг дэлгэрүүлсэн байна.

1960-аад оны үед АНУ-д "хиппи" гэх хөдөлгөөн үүсч, гэр орон, нийгмээ орхиж, хайр дурлал, нөхөрлөл, харилцан туслалцсан ертөнцөд ижил төстэй хүмүүсийн дунд амьдрахыг номлодог байв.