Монголд өнгөрүүлсэн есөн сар
Эрхлэн гаргасан | |
---|---|
Монсудар хэвлэлийн газар | |
Номын тухай мэдээлэл | |
Зохиогч | И.Я.Коростовец |
Эрхлэн гаргасан | 2013 |
Хэл | Монгол |
ISBN код | 978-99962-0-284-1 |
Ангилал | Монголын түүх |
Формат | хатуу хавтастай |
Цуврал | Монголоор бэдэрсэн гадныхан |
Худалдаалагдаж буй газар | Интерном номын их дэлгүүр |
Монголд өнгөрүүлсэн есөн сар хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть болно. ХХ зууны эхэн үеийн монголчуудын тухай ямар ч будаг шунхгүйгээр зурсан Оросын дипломатын энэхүү өдрийн тэмдэглэл анх удаа монгол хэлээр хэвлэгдэж байна. Өдрийн тэмдэглэлийн эзэн нь Оросын төрийн нууц зөвлөх хэргэмтэй, нэрт дипломатч Элчин Коростовец бөгөөд 1912 онд Монголд ирж 9 сар байхдаа, Монгол улс Орос улсын хооронд Найрамдлын гэрээ ба Худалдааны протокол, цэргийн болон санхүүгийн гэрээнүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нартай гарын үсэг зурсан билээ. Эл өдрийн тэмдэглэл нь Монголын тухай болон монголчуудын амьдралын дүр төрхийг он, сар, өдрөөр нь тодорхой илэрхийлэн харуулснаас гадна бидний амьдарч буй улсын маань нийслэл тухайн үед байгалийн өнгө үзэмж, ан амьтан, шувуудаар хэрхэн баялаг байсныг тодорхой харуулснаараа онц сонирхолтой билээ. Монгол Улсын эзэн хаан, төр засгийн сайд, түшмэдийн амьдрал, үзэл бодол, байр суурь зэргийн талаар өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлсэн нь бидэнд түүхийн ховор эх сурвалж болох нь мадаггүй. Энэхүү тэмдэглэлээс Орос улс болон Хятад улсын төрийн бодлогын зангилаа асуудлуудыг харж болох тул эрдэмтэн судлаач, түүх сонирхогч хэн бүхэнд онц сонирхолтой байх нь дамжиггүй. Нэгэн зууны тэртээх монголчуудын амьдрал, улс төр, эдийн засаг, соёл гээд бүхий л талыг эргэн харах боломж бидэнд олгож буйгаараа энэхүү тэмдэглэл онц ач холбогдолтой билээ. Ялангуяа, төрийн эрх барьж буй эрхэм түшмэл, улс төрийн бодлого боловсруулагч хэрэгжүүлэгч хэн бүхэнд эл тэмдэглэл онц таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Гарчиг
[засварлах | кодоор засварлах]Иван Яковлевич Коростовецийн хувийн хэргээс
[засварлах | кодоор засварлах]Уг хэсэгт Оросын Гадаад бодлогын архивт байгаа И.Я.Коростовецийн намтрын мэдээг орчуулан оруулсан.
Наками Тацуо Иван Яковлевич Коростовец: Оросын дипломатчийн өрнүүн амьдрал, утга зохиолын өв
[засварлах | кодоор засварлах]Токиогийн Олон улсын их сургуулийн Ази, Африкийн хэл соёлын хүрээлэнгийн профессор НАКАМИ ТАЦУО-гийн бичсэн нийтлэл.
Барон Б.Э. Нольде И.Я.Коростовец Монгол оронд
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлтжсөн Монголын “Ардын Бүгд найрамдах улсад” 1912-1913 онд түүхэн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа “Баатар цагаан хааны нэрийн өмнөөс” И.Я.Коростовецийн Монголд бий болгосон тэр зүйл өдгөө хүртэл халдашгүй хэвээр үлдэж хоцорчээ...
А.Бельченко Хятад дахь Оросын элчин асан И.Я.Коростовецийн дурсгалд
[засварлах | кодоор засварлах]Хятад дахь Оросын элчин асан И.Я.Коростовецийн дурсгалд зориулсан эмгэнэлийн үгийг “Слово” сонины энэ оны 1-р сарын 31-ний дугаарт нийтлүүлсэн Н.Э-д бид талархах ёстой болж байна. Иван Яковлевич хэмээх хурц тод бие хүн ийн одсоны учир миний бие “Слово” сонинд Н.Э-гийн бичсэн өгүүлэл дээр зарим зүйлийг нэмж, оновчтой бусыг нь залруулах гэсэн билээ.
Өдрийн тэмдэглэлийн эхлэл
[засварлах | кодоор засварлах]1911 оны 12-р сард миний бие Бээжингээс (1908 оноос тэнд элчингээр сууж байв) буцаж ирээд удаагүй байхдаа Хятад дахь ажил хэргийн байдлын талаар Гадаад хэргийн яамны сайд С.Д.Сазоновтой хоёр ч удаа ярилцсан билээ. Тэнд хувьсгал дөнгөж эхлээд байсан бөгөөд энэ үйл явдалд яаж хандахаа Петербург хараахан шийдээгүй байв. Саяхан тусгаар тогтнолоо тунхаглаад байгаа Монголын талаар, монголчуудад бидний хандах хандлагын талаар яриа сөхөгдөхөд Монголын тусгаар тогтнолыг дэмжиж, монголчуудад материаллаг болон сэтгэл санааны тусламж үзүүлэхийн төлөө байгаа бодлоо би хэллээ. Би урьд нь Бээжингээс явуулж байсан айлтгалаа дурдаж, цөөн тооны (номхон хүлцэнгүй), малчин хүн амтай өнөөгийн Монголын оронд Сибирьтэй шууд хил залган Хятад орж ирэх нь аюултай болохыг цохон тэмдэглэсэн юмдаг.
1912 оны 9-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Есдүгээр сарын 21-ний өдөр Өргөөд ирэв. Биднийг хот руу дөхөж явтал хэдэн монгол ноёд түшмэд угтан авч, надад Хутагтын нэрийн өмнөөс хүндэтгэлийн хадаг өргөн барилаа. Хотоос 5 бээр орчим зайд очиход монгол сайд нар, Консулын газрын төлөөлөгчид, Оросын колонийхон өнгө өнгийн эрээн мяраан асар майхнуудын үүдэнд зогсон угтав. Монголчуудын уламжлалт идээ будаа болох элдэв амттан, ааруул өрөм, цай бэлтгэж зэхжээ. Харилцан мэнд мэдэлцэж, бэлгэ дэмбэрэлтэй үгс солилцсоны дараа засгийн газартай нь хэлэлцээр хийх зорилгоор томилогдож ирснээ миний бие монгол сайд түшмэлүүдэд танилцуулаад, мөн өдөр Консулын газар ирнэ үү гэж урилаа. Тэр даруй нэгэн гэрэл зурагчин гарч ирэн, бидний зургийг авав. Угтаж авсанд нь талархал илэрхийлж, казах цэргийн харуулынхантай мэндлээд, Любагийн хамт тэргэнд суун Консулын газар руу явсан билээ. Замдаа бид жинхэнэ Өргөөгөөр дайрч, захаар өнгөрч, орос худалдаачдын суурин дундуур гаран, хоёр дахь орос суурин болон хятадуудын Наймаачин хотхон хүрдэг өргөн зам руу оров. Барагцаалбал, үд болж байхад Консулын газарт ирлээ. Консулын газрын байр нь хуаран маягийн хоёр давхар дүнзэн байшин бөгөөд гаднаас нь шавардаж цагаан өнгөөр шохойдож, хоёр талд нь жигүүр, аж ахуйн зориулалттай өргөтгөлийг дүнзээр нэмж барьжээ.
1912 оны 10-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Аравдугаар сарын 1. Байдлыг мэдэхээр явсан Цэрэнпилов буцаж ирээд бидний өчигдрийн зөвлөлгөөний талаар хутагтад мэдээлснийг дуулгав. Монгол ноёд өөр хоорондоо санал ихэд зөрөлдөж байгааг тэрээр олж мэдсэн байлаа. Зарим нь Да ламыг дэмжиж Хятадтай гэрээ байгуулъя гэж байгаа бол ихэнх нь Оростой гэрээ байгуулах юм уу, одоогийн байгаа байдлаа хадгалж үлдэх талд байгаа ажээ. Да ламыг яриа хөөрөө сайхан дэлгэхгүй, дэндүү их шаардлага шахалт тавилаа, ерөөсөө хэлэлцээр хийж чадахгүй байна хэмээн зэмлэн буруутгаж байгаа гэнэ. Да лам намайг гэрээг шалан дээр шидэж, Монголын төр, засгийг доромжилсон гэдэг шалтгаанаар надтай харилцахаа зогсоохыг ноёд лам нарт ятгаж байгаа бөгөөд Өвөр Монголын Бинт ван түүнийг дэмждэг гэнэ. Шавийн (Хутагтны ордны) даамал Шанзав ламтан болон Сайн ноён хан ч бидэнтэй гэрээ байгуулахын эсрэг байгаа ажээ. Наянт ванг хувь хүний дүр үзүүлэн Сайн ноён хан аймагт ирэхийг нь монголчууд зөвшөөрсөн тухай мэдэгдсэн цахилгаан Крупенскийгээс ирэв. Хятадын талд орохыг ухуулан сэнхрүүлэх ажилдаа ашиглах зорилгоор Наянт ван үлэмж хэмжээний мөнгө авчирч байгаа ажээ.
1912 оны 11-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Арваннэгдүгээр сарын 2. Хятадын Гадаад хэргийн яамны сайд Монголын асуудлаар Ерөнхийлөгчтэйгөө санал зөрөлдсөнөөр огцорсон гэдгийг Крупенский цахилгаанаар мэдэгдэв. Бээжингийн сонин хэвлэл Монголд болсон үйл явдлын хамаг хариуцлагыг Гадаад хэргийн яамны сайддаа тэр чигээр нь тохож, ямар ч ухралт буулт хийдэггүй хэмээн зэмлэх болжээ. Лу Цзэн-цзян (Петербургт элчин асан) тус яамны сайдаар томилогдож, Орос улстай хийх цаашдын хэлэлцээрийн хариуцлагыг өөртөө авсан байна. Одоо Хятадын засгийн газар бидэнтэй тохиролцохыг хүсэх болсон агаад гагцхүү парламентын сонгуулийн хугацаа ойртож буй учир дотоод байдалдаа илүү санаа тавьж байв. Танхимын нууц хуралдаан дээр засгийн газар нь Орос улстай дайтах боломж Хятад улсад байхгүй болохыг цохон тэмдэглэсэн бол зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хүсэж Францад хандахыг танхим санал болгохын хамт тусгаар тогтнолоосоо татгалзах бодлыг Хутагтад бий болгоход чиглэсэн арга хэмжээнүүд авахыг зөвлөжээ. Хятадууд Монголын асуудалд оролцохыг Германы элчингээс нэг бус удаа хүссэн ч цаадах нь татгалзсан байна. Сонин хэвлэлд элдэв буруу зөрүү мэдээ сэлт гарахаас сэрэмжлэхийн тулд Орос-Монголын протоколын эхийг нийтлүүлэхийг эцэст нь Крупенский хүсжээ. Манай яам хөндлөнгийн ухуулга ятгалгад автан Хятадын эрх засаглалыг хүлээн зөвшөөрөх санаа бодол монголчуудад төрүүлэхийг надад санал болгоно гэдгийг би урьдаас олж харлаа. Хэрэв бид ийм буулт хийвэл, өөрөөр хэлбэл олж авсан, хүрсэн бүхнээсээ татгалзвал эндэх байр сууриа алдахаас гадна Хятад улсын талархлыг ч олж авч чадахгүй билээ.
1912 оны 12-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Арванхоёрдугаар сарын 1. Нөхцөл байдлыг туршин шинжиж Япон руу явах гэж байгааг нь Петербургт хэрхэн үзэж байгааг мэдэх санаатай Да лам орж ирлээ. Би түүнд урьд нь хэлж байсан зүйлээ, тухайлбал манай засгийн газар Монголын олон улсын байр суурийг тогтоон тодорхойлж өөртөө засах эрхийг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа ч монголчуудын бие даасан үйл ажиллагааг Орос улсад үл итгэсэн байдлын илрэл хэмээн үзэж, сөргөөр хандах болно. Японы засгийн газар Монголын төлөөлөгчийг хүлээж авч болох юм. Тэгэхдээ дараа нь ингэж хандсан явдлыг (Хятадтай харилцах харилцаандаа өөртөө ашигтайгаар эргүүлж) мөнөөх л Өвөр Монголын талаар ямар нэгэн давуу талыг Хятадаас олж авахад ашиглана. Ер нь, Өргөөгийн засгийн газар бие дааж дангаараа ажиллах нь Монголын өөртөө засах эрхийг улс гүрнүүд хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг ганц ч алхам урагшлуулахгүй гэдгээс урьдчилан хэлж болно гэж давтлаа. Да лам урам нь ихэд хугарсныг нуусангүй, гэхдээ биднийг өөрсдийнхөө байгуулсан шинэ тулгар улсыг дэмжихээсээ өөрсдөө татгалзаж байна хэмээн гоморхох аясаар хэлэв. Хэрэв Орос улс энэ асуудлаар Монголын засгийн газарт дэмжлэг үзүүлэх бодолгүй байвал түүний зуучлалгүйгээр болгохоос, өөрөөр хэлбэл Токио руу хэн нэгнийг явуулахаас өөр аргагүй болох нь, энэ үүргийг тэрээр өөрөө л биечлэн хүлээх байх хэмээн тэрээр нэмж өгүүллээ. Монголчууд өөрсдийнхөө бодож төлөвлөснөөр үйлдэх эрх чөлөөтэй, тэгэхдээ ийм тохиолдолд үр дагаврыг нь би хариуцахгүй гэж би хариулав.
1913 оны 1-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр сарын 1. Ийн байтал шинэ жил гарлаа. Энэ жилийг Өргөөд өнгөрөөх болох нь уу даа? Энд нэлээд удаан байж, нэгэнт эхэлсэн үйл хэргээ өөрийнхөө бодож ойлгож байгаагаар л дуусгах юмсан. Тэгж чадахгүй болох вий хэмээн айж байлаа. Харин намайг орлосон хүн, хэн бугай ч байлаа гэсэн, албан тушаал ахиж урагшлахаа бодоод энэ бүхнийг шал өөр тийш эргүүлж, бид олсон бүхнээ алдаж болох билээ. Арай цэлмэг, тогтуун өдрүүд ирж, би завшааныг ашиглан ойр орчмоор аль болох удаан зугаалах болов. Уулыг бүрхэн хучсан цас өмнө бэлээсээ бага зэрэг хайлах аядаж, хялгана, борог өвс битүү ургасан бор шаргалдуу, хадархаг хөрсийг нь ил гаргажээ. Агаар цэвэр тунгалаг, ямар ч аниргүй байх агаад хааяа нохой хуцах дуу, өнгөрч буй жингийн цувааны хонхны чимээ сонстоно. Монгол хүний зүрх сэтгэлд туйлын энхрий дотно байдаг эцэс төгсгөлгүй уудам тал үргэлжлэн цэлийнэ. Уужим цэлгэр газар орон, уйтгар гуниггүй ганцаар байдалд монголчууд хачин их дуртай байдгийн учир начрыг би сая л ойлгож эхлэв.
1913 оны 2-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Хоёрдугаар сарын 1. Романовын мэндэлсний ойг тохиолдуулан Сэцэн хан тэргүүтэй тусгай төлөөлөгчдийг Петербург руу илгээе гэсэн монголчуудын хүсэлтийг Сазонов хүлээж авсангүй. Өнөөдөр би Хайсантай уулзлаа. Өөрийн нь бодож буйгаар улс орныхоо нөхцөл байдлыг сайжруулж, батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд юу ч хийхгүй байгаа Монголын засгийн газрыг тэрээр муучилж, байдгаараа харааж байв. Түүний хэлж буйгаар, сайн ноён хан Богдод нөлөөтэй хэдий ч өөрөө шийдэмгий бус, хариуцлагаас айдаг болохоор олигтой үр дүн гардаггүй. Да ламаас бусад сайд нар цөм гарын үзүүрийн хүмүүс аж. Дашрамд хэлэхэд Да лам бол Хайсангийн ивээн тэтгэгч, тийм эс байсан бол томилогдож явахдаа Баруун Монголд гаргасан ааш авир, хийсэн үйлдлийнхээ төлөө мөрдөн мөшгөгдөх байв. Өмнөд монголчууд Өргөөд давамгайлах байр суурьтай болчих вий гэж болгоомжилсны улмаас харилцан үл итгэлцэл Халх, Өвөр Монгол хоёрын хооронд үүсээд байна. Тэрээр хятадуудын эсрэг хэд хэдэн жижиг баг цэрэг илгээе гэсэн төлөвлөгөөг буруушааж, тэдгээрийг олигтой эсэргүүцэл үзүүлж чадахг үй гэж үзэж байлаа. Ийм баг цэргүүд тал тал тийш тархан бутарч өөрсдийнхөө, өнөөх л монголчуудаа тонож эхэлнэ гэж тэрээр бодож буй ажээ. Түүнийхээр нэг томоохон цэргийн ангийг Халх, Өвөр Монголын хил хавийн хамгийн амин чухал цэг рүү, жишээлбэл Шилийн голын чуулганы нутаг руу явуулах хэрэгтэй бөгөөд хамгийн зоримог арвин туршлагатай Дамдинсүрэнгээр захируулж, орос сургагч зааварлагчдыг хамт явуулж туслалцуулах ёстой аж. Ерөнхийдөө ухаалаг санаа юм.
1913 оны 3-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Гуравдугаар сарын 1. Цэргийн нэгтгэлийн захирагч хурандаа Надежный ойрын үед ирэх гэж байгаатай холбогдуулан орон тооны биш бүх оросууд болон сургагч, зааварлагчдыг, ялангуяа Малиновскийг ажлаас нь халахыг Монголын засгийн газраас шаардах заавар Петербургээс авлаа. Монголчуудад энэ нь лав таалагдахгүй, би ч гэсэн дээрх хүмүүс юугаараа хурандаа Надежныйд саад болохыг нь харахгүй л байна. Люба, Ветерштранд хоёрт амралт олгохыг зөвшөөрч Люба Ховд руу, нөгөөх нь Эрхүү рүү одлоо. Монгол цэргийн захирагч Дамдинжамц лам1 мөнөөх Балт вантай харилцсан хэвээр байгааг Улиастай, Ховдоос мэдээллээ. Биеэ үлэмж өндөрт тавьж, оршин суугчдыг дарамталж мөлжиж, Өргөөгийн засгийн газрын нэр хүндийг унагаж байгаа энэ ламд халхчууд дургүйцэх болжээ. Дамдинжамц Ховд орчимд байршилтай сангийн мэдлийн хагалгааны газрыг оролцуулсан шинэ хошуу захирагчийн тамгыг Хутагтаас авсандаа улам эрэмшин гаарах болсон байв.
1913 оны 4-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Дөрөвдүгээр сарын 3. Оросын эсрэг ятгалга ухуулга үргэлжилсээр байгаа учир ийм бодлого баримтлах нь туйлын аюултай, бидэнд дайсагнагч элементүүдийн эсрэг арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэдгийг би Хутагтад сануулахаар шийдлээ. Сайн ноён ханаар дамжуулан амаар хэлүүлсэндээ миний бие сэтгэл үл ханан Хутагтад захидал бичин гардуулах ажлыг Цэрэнпиловт даалгав. Захидлын эх гэвэл: “Оройн дээд, Гэгээн дээдэс Эзэн хаан танаа. Эзэн хааны засгийн газар өнгөрсөн онд байгуулсан гэрээнийхээ заалтуудыг биелүүлэн Монгол улсыг хятадуудын довтолгооноос хамгаалахад чиглэсэн шийдвэртэй арга хэмжээ авч, Өргөө болон Баруун Монгол руу Оросын цэрэг, сургагчдыг илгээж байгаа билээ. Харамсалтай нь, орос улсын найрсаг үйлдлүүдийг Монголын засгийн газрын зүгээс зохих ёсоор үл үнэлэн, сүүлийн үед Оросын зөвлөгөөг үл хүлээн авч, манай шударга хүсэлт, санал гомдлыг үл зөвшөөрч, найрсаг бус байдал, огтхон ч итгэхгүй байгаа янз үзүүлэх болов. Түүгээр ч үл барам, Монголын эрх баригчид хил хязгаарт ч, улс орныхоо гүнд ч манай эргийн хөдөлгөөнд саад хийж, тэдэнд туслахгүй байгаа ба оросуудын худалдаа наймааг боомилон, орос хүн болгоныг хавчин хяхаж, Орос-Монголын гэрээг цаг ямагт зөрчиж байна.
1913 оны 5-р сарын тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Тавдугаар сарын 3. Хүчтэй шуурга нэлээд гамшиг тарьжээ. Хэдэн мянган толгой мал үхэж, энд тэндгүй сэг хэвтэж харагдана. Үлгэр жишээ хонины аж ахуй байгуулахыг, мөрөөдөж яваа Херсонессийн нэг газрын эзэн ирж уулзлаа. Одоогийн нөхцөлд энэ бүтэхгүй л дээ. Хурандаа Надежныйтэй танилцав. Цас чихсэн гэрт дөрвөн хоног сууж байгаад ирсэн болохоор сэтгэл санаагаар нэлээд унасан бололтой. Монголын талаар Петербургт эцсийн шийд гаргаагүй, тээнэгэлзсээр л байгаа гэж Надежный ярив. Наашаа 16 офицер ирж түүний удирдлагад ажиллах бөгөөд ихэнх нь орон нутгийн нөхцөл байдлыг мэдэхгүй ажээ. Төсвийн талаарх миний асуулгын хариу Монголын засгийн газраас ирэв. “Эрхэм сайд аа, та Монголын засгийн газар хэрхэн хүлээж авахаас санхүүгийн ажлын зохион байгуулалтын амжилт хамаарахыг дурдан, манай засгийн газрын орлого, зарлагын тухай мэдээлэхийг хүсжээ.
И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэлийн төгсгөл
[засварлах | кодоор засварлах]Тавдугаар сарын 23. Эрхүү хотод бид 2 өдөр байх хугацаанд губернатор Бантыш Каменский (эзгүй байгаа Князевийг орлож байгаа), Биржийн хорооны дарга Витте, генерал-губернаторын даалгавар гүйцэтгэгч түшмэл Першинтэй1 уулзаж ярилцлаа. Першин Сибирьт нутагладаг үндэстэн угсаатнуудын амьдрал ахуйн холбоотой эд өлгийн зүйлсийн баялаг цуглуулгатай Эрхүүгийн музейг надад үзүүлэв. Першин бол сэтгүүлч, монгол судлаач агаад Сибирийн түүх, угсаатны зүйг судалдаг ажээ. Монголд миний хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны талаар тэрээр олон зүйлийг асууж лавласан ба энэ орон дахь миний зорилт зорилгыг нэлээд сонирхож буй бололтой байсан юм. Губернатор Бантыш сэтгэл татсан аятайхан хүн боловч үеэ өнгөрөөж яваа болохоор миний ажлыг бараг сонирхсонгүй. Бидний байгуулсан гэрээгээр 50 бээрийн урттай чөлөөт зурвасыг хүчингүй болгосныг Витте эрс шүүмжилж, эдийн засгийн хувьд хор хөнөөл учруулж, олсон бүх ололт амжилтаа устгаж байна хэмээн үзэж байлаа. Биржийн хорооноос Сангийн яамны сайдад илгээж байгаа чөлөөт зурвасыг дахин сэргээхийг хүссэн цахилгааныг тэрээр надад уншиж өгөв.
1912 оны Орос-Монголын гэрээ (монгол хэлээр)
[засварлах | кодоор засварлах]1912 оны Орос-Монголын гэрээний монгол бичгийн эх.
1912 оны Орос-Монголын гэрээ (орос хэлээр)
[засварлах | кодоор засварлах]1912 оны Орос-Монголын гэрээний орос хэл дээрх эх.
Номын зохиогчийн тухай
[засварлах | кодоор засварлах]Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та И.Я.Коростовец үзнэ үү.