Jump to content

Монголын Байгалийн Түүхийн Музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголын Байгалийн Түүхийн Музей
Байгуулагдсан1924
БайршилЧингэлтэй, Улаанбаатар, Монгол
Төрөлмузей
Музейд байх тарбозаврын араг яс

Монголын Байгалийн Түүхийн Музей нь Улаанбаатар хотын төвд байрлах музей юм. 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн тус музей 1940-41 онд "Орон нутаг судлах музей", 1956 оноос “Улсын төв музей” нэртэйгээр ажиллаж, 1974 онд 50 жилийн ойгоо тэмдэглэхдээ “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь Монголын музейн салбар дахь үнэтэй хувь нэмрийг батлан харуулсан түүхэн үйл явдал болсон. Харин 1991 онд цуглуулгаараа төрөлжиж, Байгалийн түүхийн музей бие даан байгуулагдаж, 2019 онд Үлэг гүрвэлийн төв музейг нэгтгэн, зохион байгуулалтад орж музейн зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгалийн түүхий музей нь байнгын үзүүллэгийн танхимаар үйлчлэхээс гадна хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, судлаач эрдэмтэн нийгмийн харилцаанд оролцогч хүн бүрд тэгш хүртээмжтэйгээр музейн үзмэрт түшиглэсэн байгалийн шинжлэх ухааны сонирхолтой мэдлэгийг нээж өгөх танин мэдэхүйн орчин болж өргөжин хөгжиж байна.

Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй.

20-р зууны эхэн үед Монгол Улсын музей нь шинжлэх ухааны төв болох Судар бичгийн хүрээлэнгийн харъяанд байгуулагдсан түүхтэй. Тус хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахад шаардагдах бэлтгэл ажилд анхаарч Монгол орны байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлийг цуглуулах, бүртгэл тодорхойлолт бичих ажлыг гүйцэтгэж байсан нь тус музейн үүсэл хөгжлийн эхлэл болжээ.

Музейн үзмэрийн сан хөмрөг олон арга замаар бүрэлдэж байсны нэгэнд манай оронд ажиллаж байсан Орос-Зөвлөлтийн болон Америкийн хайгуул шинжилгээний ангийнхны олдвор цуглуулгууд багтах юм. Анхны музейн нээлтийн өмнө П.К. Козловын эртний судлалын зүйлсээр байгуулсан үзэсгэлэн нь цуглуулгын баяжилтанд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ музейн үзэсгэлэнг байгуулж дэглэх арга барилын хувьд ч үлгэр жишээ болсон байна. Эл үзэсгэлэнг монголчууд ихэд сонирхон үзэж байсан бөгөөд нэг жилийн дараа алдарт жуулчин Рой Чапмен Эндрюсаар удирдуулсан АНУ-ын Байгалийн түүхийн музейн экспедицийнхний олдвороор нэмэн баяжуулжээ.

1926 онд Засгийн газрын тогтоолоор Улсын музейг Богд хааны өвлийн ордонд өргөтгөн байгуулах шийдвэр гаргасны дагуу тус ордоны өнгө будаг өрөө тасалгааг музейн зохион байгуулалтад тохируулан засаж, үзмэрээ төрөлжүүлэн ангилж дэлгэн тавьсан байна.

Улсын музей үзмэрээ 1940-1941 онд дахин шинэчилж, түүх, байгалийн үзмэрийн тогтолцоо, дэс дарааллыг нэлээд өөрчлөн, шинэ олдворыг нэмэн засаж байрлуулсан нь тус музей хоёр дахь удаагийн үзмэр шинэчлэлтээрээ түүх, угсаатны зүй, урлаг, байгалийн дурсгалт зүйлсийн чиглэлээр олдвороо улам баяжуулах, орон нутаг судлалаар нэлээд өргөн цар хүрээтэй ажиллах зорилт дэвшүүлсэн хэмээн үзэх үндэстэй. Иймээс 1940 оноос “Орон нутаг судлах музей” гэж нэрлэгдэх болсон байна.

1954-1956 онд Богдын ордонд байсан Улсын музейг Энгельсийн гудамжинд баригдаж байгаа шинэ байшинд нүүлгэн, барилгыг музейд нийцүүлэн барьж дуусгах, үзмэр бэлтгэх тоноглох, тайлбар судалгааг боловсруулах, шинэ тоноглол, стенд – дэлгэц бэлтгэх ажлыг зэрэгцүүлэн хийж амжилттай дуусган 1956 оны дундуур музейг нээж, тус музейг “Улсын Төв Музей” гэж нэрлэх болсон байна.

1960-1990-ээд онд Богдын ордон музей, Шашны түүх, урлагийн Чойжин–сүм музей, Эрдэнэ-зуу, Амарбаясгалант зэрэг түүх уран барилгын тусгай дурсгалын музей-үзмэрийн газрууд Улсын төв музейн салбарууд болон ажилласан түүхтэй.

БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 214 дүгээр тушаалаар Улсын Төв Музейн байранд Байгалийн Түүхийн музейг байгуулж, музейн захирлаар Алтангэрэлийн Пэрлээг, орлогч захирлаар Пунцагийн Эрдэмбатыг томилсон байна.

1993 онд Пунцагийн Эрдэмбатыг музейн захирлаар томилжээ. П.Эрдэмбат 12 жилийн турш Байгалийн Түүхийн музейг анхнаас нь бие даан байгуулах, сан хөмрөгийг арвижуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, үзмэр үзүүллэг дэглэлтийг шинэ шатанд гаргах ажлыг удирдан ажилласан байна.

2005-2021 онд музейн захирлаар Н.Зоригтбаатар ажиллаж энэ хугацаанд тус музей нь БНСУ-ын Шинжлэх ухааны түүхийн музей, Хуасон хотын болон Чежүдүгийн Байгалийн түүхийн музей, Чанжогийн Байгалийн түүхийн музей, Биологийн болон Биотехнологийн хүрээлэнгүүд, Япон улсын Азабу Их сургууль, Тоёоко хотын музей, БНХАУ-ын Бээжингийн болон Тяньжиний Байгалийн түүхийн музей, Бельги, Францын Шинжлэх ухааны музей, Италийн Милан хотын Байгалийн түүхийн музей, ОХУ-ын Новосибирскийн музейн нэгдэл зэрэг олон музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажлын туршлага солилцож, боловсон хүчнээ сургаж дадлагажуулах, үзэсгэлэн гаргах, судалгаа шинжилгээ хийх чиглэлүүдээр хамтран ажиллажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7-р сарын 3-ны өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсан юм.

2022 оноос тус музейн захирлаар И.Будбаяр, 2024 оноос Нурамхаан Манчук томилогдон ажиллаж байгаа бөгөөд Байгалийн түүхийн музейн үйл ажиллагаа улам өргөжиж үзэгч олондоо үйлчилж байна.

ЗАХИРГАА, АЖ АХУЙН ХЭЛТЭС

Музейн үндсэн үйл ажиллагааг бодлого, удирдлагаар хангаж, санхүү, хүний нөөц, гадаад харилцааны менежментийг хэрэгжүүлж, сан хөмрөгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн үнэлж, музейн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулж, хяналт тавин ажиллана.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Музейн цуглуулгын бодлогыг боловсруулах, музейн үзмэр цуглуулгын судалгаа, хээрийн хайгуул судалгаа хийх, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө, музейн ерөнхий тайлбар, үзмэр, үзүүллэгийн гарчиг, хаяг тайлбар, төрөл бүрийн каталоги, эрдэм шинжилгээний цуврал бичиг боловсруулах, эрхлэн хэвлүүлэх, гадаад дотоодын ижил төстэй байгууллагатай судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг хэвлүүлэх ажлыг хариуцан ажиллана.

БОЛОВСРОЛ, МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС

Музейн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааг сурталчилах маркетингийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүүхэд залуус, иргэдийг соён гэгээрүүлэх, музейн боловсролын ажил, албан бус сургалтын хөтөлбөр, цахим хуудас, нүүр хуудсыг хариуцан ажиллана.

САН ХӨМРӨГИЙН ХЭЛТЭС

Музейн үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, баяжилтын бодлогыг хариуцан ажиллана.

БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Музейн мэдээллийн сан бүрдүүлэлт, музейн үзмэр, цуглуулгын бүртгэл, баримтжуулалт, үзмэрийн хөдөлгөөн, лавлагаа мэдээллийг хариуцан, арга зүйн зөвлөмж боловсруулан хэвлүүлж, музейн сан хөмрөгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж өгч ажиллана.

ҮЗҮҮЛЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭЛТИЙН ХЭЛТЭС

Музейн байнгын үзүүллэг, түр үзэсгэлэнгийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, гадаад дотоодын үзэсгэлэн дэглэлтийг хариуцан ажиллана.

БОЛОВСРУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ

Биологийн төрөл зүйлийн судалгааны генфондыг үүсгэх, дээж хадгалах, цуглуулах, геологи, палентологи, ургамал, сээр нуруугүйтэн, сээр нуруутан амьтны цуглуулгыг боловсруулах, сэргээн засварлах, чихмэл хийх үйл ажиллагаа эрхэлнэ.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Музейн сан хөмрөг, барилга, дотоод, гадаад орчны аюулгүй байдлыг сахин хамгаалж, дохиолол хамгаалалтын нэгдсэн системээр хянах, үзэгч үйлчлүүлэгчид музейд ая тухтай, цэвэр, аюулгүй орчинд үйлчлүүлэх үүргийг хариуцан ажиллана.

Хаяг: УБ хот, Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс,

Холбогдох утас: (+976)- 7000 0171, (+976) 51-262609,

 Commons: Монголын Байгалийн Түүхийн Музей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ музейн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.