Монголын Олон Улсын Арбитр
Монголын Олон Улсын Арбитр нь 1960 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 194/295 дугаар тогтоолоор анх "Гадаад худалдааны арбитр" нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эдийн засаг, бизнес, худалдаа арилжаа, хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах зэрэг эцсийн үр дүн нь эдийн засгийн үр ашиг авчрах төсөл нь ямарваа нэгэн гэрээ хэлцэл болон зөрчилөөс үүссэн, үүсэж болох маргааныг гэрээлэгч талууд урьдчилан харилцан тохиролцож тухайн харилцааг мэргэшсэн хөндлөнгийн өөрсдийн сонгосон байгууллагаар шийдвэрлүүлэх шүүхийн бус арга буюу арбитрын хэрэг хянан шийдвэрлэх аргаар шийддэг.
Орчин цагийн дэлхийн 200 гаруй улс оронд олон улсын болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах олон арван арбитр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашдаа бизнесийн маргааныг зөвхөн арбитраар шийдвэрлүүлэх чиг хандлага давамгайлж байна. Үүнтэй холбоотойгоор арбитрын хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаатай холбоотой олон улсын гэрээ, конвенц байгуулагдаж улс орнууд нэгдэж байна.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын хувьд 1929 онд Шүүх арбитрын яам байгуулагдан улмаар Улсын арбитрын газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй билээ. Өнөөдөрийн байдлаар Монгол Улсад цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд 1960 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 194/295 дугаар тогтоолоор анх байгуулагдан Гадаад худалдааны арбитр нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр УИХ-аас “Арбитрын тухай” Монгол Улсын хуулийг батлан гаргасан. Тус хууль нь НҮБ-ын Олон Улсын Худалдаа Эрх Зүйн Коммиссын Олон Улсын Арилжааны Арбитрын тухай Загвар хууль дээр үндэслэгдэж боловсруулсан, орчин үеийн арбитрын зарчим, үзэл баримтлалтай нийцсэн хууль болсон юм. Үүнтэй холбогдуулж Гадаад Худалдааны Арбитр нь Монголын Үндэсний Арбитр болж өөрчлөн байгуулагдаж 2013 оны хүртэл энэхүү нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирснээр гадаад, дотоодын бизнесийн аль ч маргааныг арбитраар хянан шийдвэрлэж ирсэн.
Монгол Улсын эдийн засаг гадаад харилцаа өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголын Үндэсний Арбитр нь 2013 оноос эхлэн "Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр" болон нэрээ өөрчилсөн.
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, арбитрын ажиллагааны талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах, давтан сургах мэргэшүүлэх, дотоод гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулах, гадаад улс оронд төлөөлөх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулж байгаа цорын ганц арбитр билээ.
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь өөрийн үйл ажиллагаагаараа дотоодод төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөн танигдаж, олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж, Монгол Улсын 21 аймагт салбар арбитраа байгуулан нийт 135 арбитрчид хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд үүнээс 8 арбитрч нь гадаад улсын нэр хүнд бүхий хуульч, арбитрчид байдаг.
Арбитрын хянан шийдвэрлэсэн анхны хэрэг нь 1967 онд Чехословакийн "Центротекс" нэгдлээс "Монголэкспорт" нэгдлийн нийлүүлсэн халуун угаалгын ноосны чанартай холбогдуулан гарсан маргаан байсан бөгөөд 2008-2012 оны байдлаар гадаад дотоодын оролцогч бүхий 150 гаруй хэргийг хянан шийдвэрлээд байгаа бөгөөд жилд дундажаар 50 гаруй хэргийг хянан шийдвэрлэж байна.
Монгол Улс 1995 онд Гадаадын Арбитрын Шийдвэрийг Хүлээн Зөвшөөрч Биелүүлэх тухай Нью Йоркийн Конвенцэд нэгдэн орсон тул Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын шийдвэр нь дэлхийн 155 оронд заавал биелэгдэх хүчинтэй билээ.
Монголын Үндэсний Арбитрын дарга нар
[засварлах | кодоор засварлах]- хуульч Д.Цэрэнбалтав (1961.7-1963.7),
- хуульч Хорлоо (1963-1965),
- Д.Дашдондог (1965-1986),
- Д.Зундуй (1986-1989),
- Н.Чинбат (1989-1998),
- Г.Сэсээр (1998-2000),
- С.Дэмбэрэл нар ажиллаж байсан.[1]
Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга
[засварлах | кодоор засварлах]- С.Төмөр,
- Р.Оюун,
- Л.Адъяа,
- Д.Хурц,
- Б.Батжаргал,
- Д.Алтанцэцэг,
- Ч. Гүнждагва нар ажиллаж байсан.[1]
Бүтэц, үйл ажиллагааны чиглэл
[засварлах | кодоор засварлах]Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын давуу тал:[1]
- Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай
- Талууд арбитрчдын мэргэшсэн бүрэлдэхүүнээс арбитрчаа сонгох боломжтой
- Арбитрын гарсан шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй байдаг
- Арбитрын гарсан шийдвэр дэлхийн 155 улсад хүлээн зөвшөөрөгддөг
- Талдууын эрх тэгш байдлыг дээд зэргээр хангадаг
- Талууд арбитрын бүрэлдэхүүнтэй тохиролцон арбитрын ажиллагааг явуулах газар, хэл, хэрэглэх хууль, хуралдаан явуулах хугацаа зэргийг сонгодог
- Талууд өмгөөлөгч авах, гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шийдвэр баталгаажуулах эрхтэй
- Бусад
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:[1]
- Арбитр
- Зуучлал, эвлэрүүлэх ажиллагаа
- Эрх зүйн зөвлөгөө
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан арбитрын байгууллагууд нь:
- Олон Улсын Арилжааны Арбитрын Байгууллагуудын Холбоо
- ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Олон Улсын Арилжааны Арбитрын Шүүх
- Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Хороо
- Бүгд Найрамдах Хятад Улсын Арилжааны Арбитрын Ассоциаци
- Куала Лумпурын Арбитрын Бүсийн Төв
- Тайландын Арбитрын Институт
- Арбитрчдын Нэгдсэн Институт
- Хонг Конгийн Олон Улсын Арбитрын Төв
- Өмнөд Солонгосын Арилжааны Арбитрын Зөвлөл
- Украйны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Олон Улсын Арилжааны Арбитрын Шүүх
- Австрийн Олон Улсын Арбитрын Төв
- Стокгольмын Арбитрын Институт
- Германы Арбитрын Институт зэрэг томоохон байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой ажилладаг юм.[1]
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт хандахын тулд яах ёстой вэ?
Талууд бизнесийн гэрээнээс үүссэн маргаанаа Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар шийдвэрлүүлье гэвэл арбитрын загвар заалт буюу арбитрын хэлэлцээрийг гэрээндээ заавал тусгасан байх шаардлагатай юм. Иймээс гадаад, дотоодын байгууллага, компани, хувь хүмүүстэй худалдаа, эдийн засгийн гэрээ хэлэлцээр байгуулахдаа арбитрын талаар дараах заалтыг гэрээндээ тусгах нь зүйтэй юм. Энэхүү арбитрын заалтыг та бүхэн гэрээндээ шууд хуулбарлан тусгаж болно.[1]
Арбитрын загвар заалт
"Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, цуцлах, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлэнэ."[1]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Монголын Олон улсын Арбитрын шүүхийн танилцуулга
- "Арбитр гэж юу вэ, Арбитр хэрхэн, хэзээ үүссэн, Арбитрын онцлог, давуу тал, Арбитраар хэрэг маргаанаа хэрхэн шийдвэрлүүлэх тухай" 3 цуврал нэвтрүүлэг
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр". web.archive.org. 2014-02-06. Archived from the original on 2014-02-06. Татаж авсан: 2024-04-06.