Jump to content

Монголын бурхан шашны их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан Самаагийн Гомбожав (1900-1900), ЗХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев Жамбалдорж (1900-1900) нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ.

1924 оноос Монголд Коммунист дэглэм тогтож улмаар 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед олон арван мянган эрдэмтэн лам хуврагууд амь насаа алдаж, зуун зуун жилийн туршид уламжлагдан хөгжсөн бурханы шашны агуу өв соёл устаж, нэр төдий болсон авч сайн ерөөл, буяны хүчээр Гандантэгчэнлин хийд 1944 онд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэж, тухайн коммунист нийгмийн хатуу хараа хяналтын дор хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан цорын ганц хийд байсан. Гандантэгчэнлин хийдэд газар, газрын олон эрдэмтэн мэргэд, нандин бурхан шүтээн, ховор ном судрууд цугларсны зэрэгцээ Өвөр Монголоос Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд Балдан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал зэрэг нь нүүн ирээд тус хийдэд нэгдсэн.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Цогчэн хурал, Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацан, Бурханы Шашны дээд Сургууль, шашны сургалттай дунд сургууль, Цогчэн сургууль, “Төгс баясгалангийн гэгээ” хүүхдийн цэцэрлэг зэрэг салбаруудаар уламжлалт бурханы шашны болон орчин цагийн мэдлэг, боловсрол, уншлага, зан үйл гэх мэт олон талт шавхагдашгүй өв соёлоо өвлүүлэн эзэмшүүлж байна.

Тус их сургууль нь 1970 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан байна. Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутнууд ирж суралцдаг.

Энэ их сургуулиас олон эрдэмтэн, мэргэд төрөн гарч Монгол болон Оросын холбооны улсын Халимаг, Тува, Буриадад Бурханы шашныг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Монгол Улсын Засгийн Газраас 1995 онд тус сургуулийг Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч “ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР”-ын нэрэмжит болгов.

1970 оны 3-р сарын 9-нд 6 жилийн хугацаатайгаар сургалт эхлүүлэхээр МАХН-ын Улс төрийн товчооны тогтоол гарав.

1970 оны 9-р сард. Элссэн орсон Буриад, Монголын 30 оюутан, Төвд хэлний цагаан толгой зааснаар гучин оюутантай дөрвөн багштай хичээлээ эхлэж байв.

1995 он Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит болгов.

1995 он 25 жилийн ойн ёслолын арга хэмжээнд морилон ирсэн Дээрхий гэгээн 14-р Далай лам Данзанжамцад тус сургуулийн хүндэт доктор цол олгов.

1996 он Тус сургууль нь кредит системд шилжиж, мэргэжилийн чиглэлээр элсэлт авч эхлэв.

2000 он Тус сургуулийн З0 жилийн ой тохиов.

2004 он Уламжлалт Эм-зурхай судлалын анхны анги төгсөлтөө хийв.

2005 он Төвд-Санскрит хэл судлалын анги анхны төгсөлтөө хийлээ.

2006 он Төвдийн сангийн тэтгэглэгээр Төвд хэл судлалын ангид арван найман эмэгтэй оюутан элсүүлж төгсгөв.

2007 он Төвд-Англи хэл судлалын анги анхны төгсөлтөө хийв.

2008 он Хичээлийн шинэ жилд хоёр тэнхим байгуулан ажиллаж эхлэв.

Цогчэн сургууль:

[засварлах | кодоор засварлах]

Монголын Бурхан Шашны их Сургуулийн харъяа бөгөөд 1992 онд Гандантэгчэнлин хийдийн лам Б.Эрдэнэхүү Гандан хийд болон хөдөө орон нутгийн хийдүүдийн залгамж лам нарыг бэлтгэх зорилготой байгуулжээ. Тус сургууль нь дөрвөн жилийн хугацаанд суралцагчдад хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон зарим ерөнхий боловсролын хичээлийн мэдлэгийг олгодог бөгөөд анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэл олон анги төгсгөөд байна.

Шашны сургалттай 112-р дунд сургууль:

[засварлах | кодоор засварлах]

1990 онд Бурхан шашныг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой залгамж үе бэлдэх, Бурханы шашны уламжлалт ёс заншил, энэрэнгүй сургаалийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоор тус их сургуулийн салбар болгон байгуулжээ. Энэ сургуулийн онцлог нь Бурхан шашны сургалтыг ерөнхий боловсролын сургалттай хослуулан заадагт оршдог бөгөөд тус дунд сургуульд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургуулийн болон Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн багш нар хичээл ном зааж байна. Тус сургууль нь төгсөгчиддөө бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Эдгээр сургуулийн төгсөгчид нь хөдөө орон нутаг болон бүх хийдүүдэд ажиллаж байна.