Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага Ойгорын хадны зургаас тогтох, ЮНЕСКО-д бүртгэлтэй Дэлхийн өв.[1] Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэ нь манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ.
2011 оны 6 сарын 28-ны өдөр, Парис хотноо Дэлхийн Өвийн Хорооны ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргасан.
Хуралдааны бэлтгэл шатанд Дэлхийн Өвийн Хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал ба дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөлөөс Монгол Улсаас нэр дэвшүүлж буй дурсгалт газрыг дэлхий өвд тавигдах гурван шалгуурын хоёрыг хангахгүй гэх үндэслэлээр хойшлуулсан зөвлөмжийг гаргасан юм. Монгол Улсын зүгээс дээрхи зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж дахин хэлэлцэхийг хүссэн билээ.
Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газрын атташе Б.Хулан нар оролцов. Дэлхийн өвийн хорооны гишүүн Бразил, Австрали Улсыг дэмжлэгтэйгээр манай төлөөлөгчдийн идэвхтэй оролцооны үр дүнд өвийг дахин хэлэлцэж улмаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэрийг гаргажээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргаар Б.Өмирбекийг томиллоо". MONTSAME News Agency. Татаж авсан: 8 January 2023.