Jump to content

Мустафа Кемал Ататүрк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ататурк

Мустафа Кемал Ататүрк (турк. Mustafa Kemal Atatürk, 1881 оны 3 сарын 12-нд Салоники хотод төрсөн - 1938 оны 11 сарын 10-нд Станбул хотын Бешикташ дүүрэг дахь Долмабхчэ ордонд нас барсан) - Османы дараа нь Туркийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн. Туркийн хувьсгалын удирдагч, Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч, анхны ерөнхийлөгч (1923 оны 10 сарын 29 - 1938 оны 11 сарын 10) нь юм.

Мустафа Кемал 1881 оны 3-р сарын 12-ны өдөр Османы эзэнт улсын бүрэлдэхүүн дахь Грекийн Македоны Салоники хотод мэндэлжээ. Түүний эцэг нь гаалийн түшмэл байгаад огцорч худалдаачин болсон Али Рыза Эфенди (1839-1888) байжээ. Эх нь Зюбейде (1857-1923) гэх жирийн нэгэн тариачин бүсгүй байлаа. Тэдний гэр бүл дотроо турк хэлээр ярьж исламын шашин шүтдэг байжээ. Мустафагийн ээж нь сүсэг бишрэлтэй мусульман шашинтан байсан бөгөөд хүүгээ Куран судраас суралцаасай гэж хүссэн боловч нөхөр Али Риза нь Мустафад илүү орчин үеийн боловсрол олгохыг дэмжиж байв.

1918 он.

Эцэг нь 1888 онд түүнийг 7 настайд нас барж жаал хүү Мустафа өнчин хоцров. Гэр бүл нь эцгийнх нь жаахан тэтгэмж дээр тогтож амь зууж байлаа. Тэр болон түүний эмэгтэй дүү Макбуле Атадан нар гэр бүлээс насанд хүрсэн хоёр хүүхдүүд байсан бөгөөд бусад нь бага насандаа энджээ. 1893 онд Мустафа 12 настайдаа Салоники дахь улсын үнэ төлбөргүй цэргийн сургуульд элсэн оржээ. Мустафа энэ сургуульдаа сурч байхдаа математикийн хичээлд авьяастай нь тодорж Кемал буюу "Төгс" гэсэн нэр хочтой боллоо. Сургуульд сурч байсан өсвөр насандаа ч тэр манлайлагч байсан. 1896 тэр Манастир хотын цэргийн сургуульд (Manastır Askerî İdadisi) оржээ.

Тэрээр сургуулиа онц төгсөж 1899 оны 3-р сард Османы Эзэнт улсын нийслэл Стамбул хотын Цэргийн Академи болох офицерийн сургуульд элсэн орсон байна. Тэнд сурч байхдаа Руссо, Вольтер, Гоббсийн философийн бүтээлүүдийг сонирхож судалж байлаа. 1902 онд авьяаслаг онц сурлагатан оюутан Мустафаг Оттоманы Жанжин Штабын Академид элсэн оржээ. Тэнд тэр санаа нийлсэн нөхдийн хамт Ватан хэмээх шинэ байгууллага байгуулав. Гэвч тэр энэ байгууллагын ажилд санаа нь таарахгүй болж удалгүй тэр “Эв нэгдэл ба Дэвшил” хөдөлгөөнд нэгдэв. 1904 онд Кемалийг нууц улс төрийн байгууллагад элссэн хэмээн хардаж түүнийг баривчилжээ. Түүнийг Цэргийн Академи нь хөөцөлдөж баривчилгаанаас нь чөлөөлөв. Кемалийг 1905 онд Цэргийн Академи төгсөхөд нь түүнд ахмад цол өгч Дамаск дахь 5-р армид томилсон байна. Энэ үеэр авсан мэдлэг нь түүнд хожим дэлхийн нэгдүгээр дайны үед их хэрэг болсон ажээ. 1907 онд Дамаскад томилогдсоны дараа түүнийг Салоники дахь туркийн 3-р армид цол нэмээд томилжээ.

Энд тэр 1908 оны төрийн эргэлтэнд оролцож Османы Туркийн Эзэнт улс Үндсэн хуульт эзэн хаант улс болов. Султан хаан төрийг эрхэнд гарсан Жэмаль-паши, Энвер-паши и Талаат-пашийн тоглоомон хүүхэлдэй болжээ. 1910 онд Мустафа Кемал Франц руу томилогдож цэргийн сургуулилалтад оролцсон ажээ. 1911 оноос Стамбул хотноо Зэвсэгт хүчний Жанжин Штабад алба хаасан байна. 1911 онд эхэлсэн Итали-туркийн дайны үеэр Мустафа Кемаль нөхдийн хамт Тобрук, Дерн орчим тулалдсан байна. 1912-1913 оны Балканы дайнд оролцож болгар цэргийн Станбул хот руу дайрсан дайралтыг зогсоож алдар нэртэй офицер болсон байна. 1913 онд Мустафа Кемал Софид цэргийн атташегаар томилогдож, 1914 онд дэд хурандаа цол хүртжээ. Тэрээр 1915 он хүртэл тэнд алба хааж, дараа нь Текирдаг руу илгээгдэж, 19-р дивизийг байгуулжээ.

Хурандаа Кемал удалгүй Галлиполийн хойг дээр буусан англи, францын цэргийн десантыг зогсоох арга хэмжээнд оролцов. Кемал туркийн 19 дүгээр дивизийг удирдаж холбоотны цэргийн эсрэг зогсож байлаа. 1915 оны 4-р сарын 25 ны өдөр австрали, шинэ зеландын цэргээс бүрдсэн Британий арми Галлиполид буусны дараа Кемал байдлыг газар дээр нь очиж шинжээд өндөрлөг газруудад их буугаа байрлуулж сөрөг довтолгоо хийж холбоотны хүчирхэг цэргийн дайралтыг зогсоож чаджээ. 1916 онд Кемал генерал буюу паши цол авчээ. Түүнийг Анатоли дахь 16 дугаар корпусын захирагчаар томилов. 1916 онд энэ корпус Кавказын фронт дээр оросын армийн сэрэг амжилттай сөрөг довтолгоо хийж чадсан юм. Дараа нь Кемал 2,3 дугаар арми, дайны төгсгөлд 7-р армийг удирдаж Аллепо хотын дэргэд дэх англичуудын дайралтыг зогсоож чадсан байна. Түүнийг цэргийн сайд Энвер паша, германий армийн удирдагч Эрихтэй санал нийлээгүй хэмээн түүнд чөлөө өгч Германд эмчлүүлэх нэрээр явуулсан аж. Удалгүй 1918 оны нэгдүгээр сард түүнийг яаралтай дуудаж Сирид шахагдсан 7 дугаар армийн удирдагчаар томилж байжээ.

Кемал 1920 онд Анкарад Түр засийн газар байгуулж түүнийг улсын ерөнхийлөгч, армийн удирдагчаар зарлалаа. Султан хариуд нь кемалчуудад жихад зарлаж түүний удирдагч Кемалд цаазын ял ногдуулав. Султан удалгүй 1920 онд Антантын улсуудтай Севрийн гэрээ байгуулж Туркийн харьяа байсан арабын Курдистан, Фрак, Арменийг салгаж харийн гүрэнд өглөө. Энэ явдлын дараа ард түмэн Кемалийг дэмжиж эхэллээ.1920 онд Кемалийг Үндэсний Их Хурлын даргаар сонголоо. Султан хаан Кемалийн ард түмний дунд нэр хүндтэй болж байгааг харгалзан түүнийг цэргийн дээд удирдагчаар томиллоо. 1920 онд Кемал армений армийн дайралтыг зогсоож сөрөг довтолгоо хийж Оросын булааж авсан армений нутгийг буцаан эзэллээ. 1921 оны Москвагийн хэлэлцээрээр алдагдсан армений нутаг Карс, Ардаган, Гүржийн Өмнөд Батумын нутгийг Туркт буцаан авах боллоо. Смирнийг эзэлж авсан грекийн армитай Кемал бараг жил хагас байлдаж зөвлөлтийн талаас цэргийн болон хүнсний тусламж авч 1921 оны 1-8-р сард туркийн цэрэг грекийн цэргийн довтолгоог Сакарье голын дэргэд зогсоож ялжээ.

1923 оны 10-р сарын 29 ний өдөр Кемал – паша Туркийн Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 1923 онд Туркийн төрийн эрх барих дээд байгууллага нь Межлис буюу Парламент бий болов. Кемал исламын шашны намуудыг хориглож туркийн нийгмийг шинэчлэв. Тэр бээр ардчилсан зарчмыг нэвтрүүлж исламын шашныг төрөөс тусгаарлаж төрийн капиталзмын зарчим дээр эдийн засгийн өөрчлөлт хийж жирийн хүний боломжийг хангахад төрийн ажлыг чиглүүлэв. Гадаадын компанийг үндэснийх болгов. Кемал үндэсний хөрөнгө оруулалтыг дэмжив. Өрнөдийн хөрөнгийг хязгаартай оруулж гадаадын бүтээгдэхүүн дөндөр татвар ногдуулж үндэсний хөрөнгө оруулагчдыг дэмжиж байжээ.

1930 онд тэрээр Үндэсний банкыг байгуулсан.

Мустафа Кемал Ататүркийн бунхан

1934 оноос эхлэн турк эмэгтэйчүүд сонгуульд оролцож сонгох эрхтэй болсон бөгөөд Төрийн албан хаагчид европ хувцас өмсөх болжээ. Бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг мөн тунхаглав. Исламын сургуулиудыг хаав. Араб бичиг үсгийг халж латин үсгэнд шилжив. Исламын шариатыг швейцарын иргэний хууль, италийн эрүүгийн хууль, германий худалдааны хуулиар солив. 1933 онд турк иргэд овогтой болж Кемалд Их Хурал "Ататюрк" буюу “Туркчуудын эцэг” гэсэн овог өгөв.

Кемал 1927, 1931, 1935 онуудад гурван удаа Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

1937 онд Мустафа Кемал Ататүрк бие нь муудаж байгааг мэдэж удахгүй нас барх нь гэдгээ мэдэрч өөрийн хувийн өмч газраа төрийн санд хандивлаж, үл хөдлөх хөрөнгөө Анкара, Бурса хотуудад бэлэглэж, зарим өв хөрөнгөө төрсөн дүү болон өргөж авсан арван хүүхдэддээ бэлэглэжээ. Мустафа Кемал Ататүрк 1938 оны 12-р сарын 10 ны өдөр 57 насандаа нас баржээ.

 Commons: Мустафа Кемал Ататүрк – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.