Муушиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Муушиг бол Монголд хамгийн өргөн дэлгэрсэн хөзрийн тоглоомын нэг юм. 2-5 хүн зэрэг тоглох боломжтой.

Муушиг гэдэг нь мушгих гэсэн үгнээс гаралтай байж магадгүй. Хариугүй гарах гэж байгаа тоглогчоо бусад нь хавсайдаж нэг ч гэр бариулалгүй оноог нь 5-аар нэмэгдүүлэх үед явуулдаг ажиллагааг мушгих гэх нь бий.


Муушиг тоглоомын дүрэм[засварлах | edit source]

Тоглогчид: Муушиг тоглоомыг 5 хүн зэрэг тоглох нь тохиромжтой байдаг. Зарим тохиолдолд 2-4 хүн тоглож болно. Энэ үед хөзрийнхөө тоог хасах нь тохиромжтой байдаг. Тухайлбал 2 хүн тоглох үед 7, 8, 9 тоотой хөзрүүдийг хасах гэх мэт.

Хөзрүүд[засварлах | edit source]

5 хүнтэй үед тамга, ноён, хатан, боол, 10, 9, 8, 7 хөзрүүдээр тоглодог. Нийт хөзрийн тоо 32. Харин тоглогчийн тоо цөөн үед 7, 8 зэрэг тоо хөзрүүдээс хасч болно.

Дүрэм[засварлах | edit source]

Ерөнхий тоглоомын хувьд тухайн тоглогч өөрийн оноог аль болох цөөлж 0 болгох явдал байдаг. Тоглолтын эхэнд бүх тоглогчийн оноо ижилхэн 30 байдаг. Тухайн тоглолтонд хэдэн гэр байгуулна тэр тоогоор оноо хасагдана. Иймд тоглогч бүр тухайн тоглолтонд аль болох олон гэр байгуулахыг оролдоно. Хэрвээ тоглогч тухайн тоглолтонд нэг ч гэр байгуулж чадаагүй бол түүний оноо 5-аар нэмэгддэг. Тэгэхээр тоглогч гэр барьж чадах эсэхээ бодолцсоны үндсэн дээр тоглолтонд орох эсэхээ шийддэг.

Хөзрийг хольж хуваах[засварлах | edit source]

Тоглогчид тоглолт бүр дээр нар зөв ээлжлэн хөзрийг хольж хуваадаг. Ажил хийж байгаа хүн, аман хүзүү ба бусад гэх зэргээр тоглогчдыг тухайн байрлалаар нь нэрлэдэг. Ажил хийж байгаа хүн гэж хөзрийг хольж хувааж банк барьж байгаа хүн, аман хүзүү гэж ажил хийж байгаа хүний доод талд суусан хүнийг хэлнэ. Эдгээр нь тус бүрдээ давуу талуудтай байдаг. Ажил хийж байгаа хүн гарсан хөзрийг өөрийн болгох эрхтэй байдаг бол аман хүзүү нь хамгийн түрүүнд хөзрүүдээ солих эрхтэй байдаг. Ажил хийж байгаа хүн хөзрүүдийг хольсны дараа хүн бүрт таван хөзөр тарааж өгдөг. Үүний дараа хөзөр гэж нэрлэгдэх өнгө бүхий нэг хөзрийг дээш нь харуулж тавьдаг. Энэ өнгө нь тухайн тоглолтонд бусад өнгөнөөсөө давуу эрхтэй болдог. Бусад тараагдаагүй хөзрийг ширээн дээр доош нь харуулан давхарлан тавих ба түүнийг газрын мод гэж нэрлэдэг. Эдгээр хөзрийг тоглогчид гар дахь хөзрөө солиход хэрэглэнэ.

Орох эсэхийг шийдэх[засварлах | edit source]

Хөзрүүдийг тоглогчид гартаа хувааж авсны дараа тухайн тоглолтонд орох эсэхээ шийддэг. Тоглогч өөрт ирсэн хөзөр болон солих боломжийг харгалзан орох эсэхээ шийддэг. Аман хүзүү гэж нэрлэгдэх тоглогч хамгийн түрүүнд орох эсэхээ хэлдэг бөгөөд үүний дараа нар зөв дарааллаар бусад тоглогчид шийдвэрээ хэлнэ. Хамгийн сүүлд ажил хийж байгаа хүн саналаа хэлнэ. Хэрвээ өмнөх тоглогчид орохгүйгээр шийдсэн бол сүүлийн хоёр тоглогч автоматаар тоглоно. Хэрвээ тухайн тоглогч өмнөх 3 тоглолтонд дараалан өнжсөн бол автоматаар орох дүрэм бас байж болно.

Солилцоо[засварлах | edit source]

Тоглогчид орох эсэхээ шийдсэний дараа орохоор болсон тоглогчид өөрт буй хөзрүүдийг газар байгаа хөзрүүдээр солих боломж бүрддэг. Ингэхдээ солих үйл ажиллагаа аман хүзүүгээс эхлээд нар зөв дарааллаар хийгдэнэ. Эхний тоглогч өөрийн хөзрүүдийн аль мууг нь хаяж газрын моднуудын дээрээс хаясан модтой тэнцүү тооны хөзрийг авдаг. Дараачийн тоглогч газарт үлдсэн хөзрийн тоонд нийцүүлэн өөрийн гар дахь хөзрүүдээс хаяж мөн газраас мод авна. Мэдээж тухайн тоглогч солихдоо өөрийн хөзрүүдийн чанарыг сайжруулах зорилгоор солино.

Харин ажил хийсэн хүнд нэг онцгой эрх байдаг нь өөрийн нэг хөзрийг хаяж хөзөр суусан модыг авах явдал юм.

Тоглолт[засварлах | edit source]

Аман хүзүү гэж нэрлэгдэх тоглогч нэг хөзрийг тоглолтонд оруулснаар тоглолт эхэлнэ. Ингэснээр тоглогч бүр дараалан уг хөзрөөс хамааруулан нэг хөзрийг гаргана. Энэ багц хөзөр нь нэг гэр болох бөгөөд хамгийн өндөр эрхтэй хөзөр гаргасан нь уг гэрийг эзэмшинэ.

Эхний хөзөр гарсан үед бусад тоглогчид нэг хөзрийг гаргахдаа дараах дүрмүүдийг баримталдаг:

  • Тухайн гаргасан хөзрийн өнгөтэй ижил өнгийн хөзрийг гаргах (Жишээ нь гил гарсан үед зөвхөн өөрт байгаа гилийн аль нэг хөзрийг гаргах)
  • Гаргасан хөзрийн өнгөтэй ижил өнгийн хөзрүүдээс зөвхөн өндөр тоотой хөзрийг гаргах (Жишээ нь цэцгийн боол ирлээ гэхэд тухайн тоглогчид цэцгийн хатан бөгөөд арав хөзөр байлаа гэхэд зөвхөн цэцгийн хатныг гаргах)
  • Хэрвээ тухайн өнгийн хөзөр байхгүй бол газарт хөзөр суусан өнгийн хөзрөөр идэх эсвэл хөзөр байхгүй бол өөр өнгийн хөзрийг өгөх

Өөр нэг онцгой дүрэм байж болдог нь анхны хөзрийг тоглолтонд оруулж байгаа хүнд хэрвээ хөзрийн тамга буюу түүз байгаа тохиолдолд заавал түүнийг гаргадаг. Түүзийг гаргалгүй үлдээсэн бол түүний үнэ цэнэ буурч хамгийн муу хөзөр болдог.

Тоглогч бүрт хөзөр байхгүй болсон үед тоглолт дуусна. Энэ үед тоглогч бүрийн эзэмшсэн гэрийн тоогоор оноог хасаж тооцно. Харин тоглолтонд орсон боловч нэг ч гэр байгуулаагүй тохиолдолд түүний оноог 5-аар нэмэгдүүлдэг. Тоглолтонд ороогүй өнжсөн тоглогчийн тухайд оноонд өөрчлөлт орохгүй.

Ийнхүү тоглосоор аль нэг тоглогч 0 юмуу түүнээс бага оноотой болсон тохиолдолд тоглоом дуусна.

Лавлах материал[засварлах | edit source]