Мэдээллийн прескриптив шинж
Мэдээллийн прескриптив шинж (Прескриптивность информации. Prescriptive character of Information). Сэтгүүлчийн тухайн үед баримталж буй нийгмийн байр суурь, зорилго нь (ил, эсвэл нууц байдалд өгөгдсөн үнэлэлт, санал бодол) ямар нэг хэмжээгээр прескриптив (латины prescriptio – “урьдчилан харах, бичих” гэсэн үг) буюу төсөөлөл төдий шинжтэй байдаг бөгөөд сэтгүүлчийн хүсэн хүлээсэн “үр дүнгийн талаарх” төсөөлөл, санаа бодлыг түүний бүтээлээс мэдэрч болно. Иймэрхүү төсөөлөл төдий мэдээллийг нийтлэл, нэвтрүүлэгтээ тусгах, олж авсан баримтыг урьдчилан төсөөлсөн зүйлтэй харьцуулах, өөрийн хүсэн хүлээсэн үр дүнгийн үүднээс тухайн баримтад дүн шинжилгээ хийх нь үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүний чиг хандлага, зүй тогтлыг зөв тогтоох боломжийг сэтгүүлчид олгодог. Тийм учраас энэ шинж нийтлэлийн үр нөлөө, үр ашгийг урьдчилсан байдлаар тодорхойлоход нөлөөлдөг сайн талтай юм.
Мэдээллийн семантик тал
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн семантик тал (Семантический аспект информации. Semantic aspect of information). Энэ бол сэтгүүлчийн бүтээлд тусгасан баримт нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг тодорхойлдог хоёр дахь чухал хүчин зүйл мөн. Энэхүү шаардлагыг хангасан аливаа бүтээл амьдралын бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгч, тухайн сонины дугаар, эсвэл нэвтрүүлэгт орсон нийт бүтээлийн нийлбэр цогц нь нийгмийн амьдралын бодит дүр зургийг бүхэлдээ бүрэн төгс илэрхийлж чадах болно. Онолын хувьд ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого нь олон түмэнд нийгмийн болон амьдралын зүй тогтол, үйл явц, чиг хандлагын тухай тодорхой, гүн гүнзгий, бүх талын чиглэсэн зорилготой мэдээлэл өгөхөд орших ёстой. Ингэхдээ сэтгүүлчийн бүтээл нь семантикийн үүднээс мэдээллийг сэдвийн хувьд өргөн, газар зүйн хувьд оновчтой, төрөл зүйл, хэлбэрийн хувьд олон янз, багтаамж сайтайн дээр танин мэдэхүйн ач холбогдол өндөр байх шаардлагын дагуу бэлтгэх хэрэгтэй юм. Учир нь уншигчийн тодорхой давхарга бүр өөрийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэдээллийн хэсгийг сонгох замаар хамгийн эгзэгтэй мэдээллийг олж авдаг онцлогтой юм. Тиймээс сонины дугаар, радио, телевизийн нэвтрүүлэг нь дээрх шаардлагыг хангах зорилгоор бэлтгэгдэх бөгөөд аливаа мэдээллийн гол шалгуурын нэг олон түмний хэрэгцээ шаардлага болдог.
Мэдээллийн синтактик тал
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн синтактик тал (Синтактический аспект. Syntactic aspect of information.). Мэдээллийн багтаамж, үр нөлөөг дээшлүүлэх гол хүчин зүйлийн нэг бол түүний синтактик тал байдаг. Энэ нь эх бичвэрийг зөвхөн бүтэц, зохион байгуулалтын талаас нь тодорхойлж өгдгөөрөөр онцлогтой. Сэтгүүлчийн эх бичвэр нь олон бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг бөгөөд сэтгүүлчийн өмнө тавьсан зорилгоос шалтгаалан бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлбэр, эрчимтэй байх чанар, байрлал (дараалал) зэрэг нь нийтлэл, нэвтрүүлгийн бүтэц, зохиомжийг тодорхойлж өгдөг. бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлбэр бүрэн төгс, хангалтай – s(d,p,v,n), эсвэл дээд зэргийн товч, тодорхой – s(d) байх ёстой. Эх бичвэр дэх бүрэлдэхүүн хэсгүүдийн эрчимтэй байх шинж нь адил тэгш s(d,p,v,n) байхаас эхлээд аль нэг бүрэлдэхүүн хэсэг нь давамгайлах s(d,d,d,n), s(d,p,p,p), s (d,v,v,v), s(d,n,n,n) хүртэлх олон янзын хувилбартай байж болно. бүрэлдэхүүн хэсгүүдийн байрлалын дараалал нь мэдээллийг дамжуулах, өрнүүлэх логикоос шалтгаалан s(d→p→v→n), s(p→d→v), s(d→v) зэрэг олон хувилбартай байдаг нь түгээмэл тааралддаг. Эх бичвэрийн бүтэц зохиомжийг оновчтой сонгох гол үндэслэл бол тухайн материалын прагматик тохироог бүрдүүлэх семантик болон синтактик асуудлуудыг оновчтой шийдвэрлэх явдалтай холбоотой байдаг. Бүх юм тухайн уншигчийн мэдээллийн бодит хэрэгцээ шаардлага, мэдээллийг идэвхтэй хүлээж авах чадвар болон практикт бүтээлчээр хэрэгжүүлэх чадвараас шууд шалтгаална. Тухайлбал, мэдээлэл уншигчийн ухамсарт нөлөөлөх төдийгүй түүнд жинхэнэ утгаараа “ажиллаж” чадахыг мэдсэн тохиолдолд уншигчдад итгэх хэрэгтэй бөгөөд өгч байгаа мэдээллийг ямар ч илүү зүйлгүй, маш оновчтой өгөх шаардлагатай юм. Уншигч мэдээллийг оюун ухаандаа идэвхтэй боловсруулах явцад цэвэр дескриптив шинжтэй нийтлэл ч янз бүрийн мэдээлэлтэй тулгарах, эсвэл зөрчилдөх тохиолдол гардаг бөгөөд ийм нөхцөлд мэдээллийн бусад хэв маяг (валюатив, норматив) бий болдог онцлогтой. Заримдаа сэтгүүлч уншигчийн шинэ, нэмэлт мэдээллийг хүлээж авах чадварыг дутуу үнэлснээс болж төсөөлж байснаас эрс өөр үр дүн гардаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хэрэггүй илүү мэдээлэл уншигчийн дургүйг хүргэж, сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг дутуу үнэлэхэд хүргэдэг.