Jump to content

Мэдээлэл дамжуулагчийн загвар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээлэл дамжуулагчийн загвар (Модель коммуникатора. Model of Communicator).

Загвар хэмээх ойлголтыг судалж буй объектын агуулга ба хүсэн хүлээж буй шинж чанарыг илэрхийлдэг тэмдэгт болон нэр томъёоны тусламжтайгаар дүрслэн үзүүлэх үйл явц гэж тодорхойлдог. Практикийн бодит объектыг тусгадаг өвөрмөц дүр төрх болох олон нийтийн мэдээллийн харилцааны үйл ажиллагааны загварын онцлог нь ёс төдий, бас шуурхай ажиллагаа байдагт оршдог бөгөөд энэ нь танин мэдэхүйн үр ашигтай, уян хатан арга болдог. Учир нь орчин үед мэдээллийн харилцааны хэрэгслийн хөгжлийн чиг хандлагыг таамаглан тогтоох, урьдчилж харах асуудал бол сэтгүүл зүйн онолын чухал асуудал болж байна.

Уламжлалт бус социологийн судалгааны аргууд өнөөдөр хүртэл сэтгүүл зүйн онолчдын анхааралд тэр бүр өртөж байгаагүй олон нийтийн мэдээллийн харилцааны нөхцлийг судлах шинэ боломж олгож байна. Тухайлбал, олон нийтийн мэдээллийн харилцааны технологийг загварчлах, бие даасан мэдээлэл дамжуулагчдын үйл ажиллагааг нийгэм-сэтгэл зүйн үүднээс загварчлах, ОНМХ-ийн янз бүрийн мэдээллийн бүтээгдэхүүнд хүлээн авагчид дасан зохицох үйл явцыг судлах, мэдээлэл дамжуулагч болон хүлээн авагчдын харилцан нөлөөллийн орон зайг өргөтгөх зэрэг асуудлыг хэлж болно. Үүнтэй холбоотой бий болсон шинэ боломжууд болон социо сэтгүүл зүй дээр дурдсан асуудлуудыг судлах онолын гол нэг хандлага болж байна.

Сэтгүүл зүй ба мэдээлэл дамжуулагч

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүй бол нийгмийн цаг үеийн чухал мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлбарлах, түүнийг техник хэрэгслүүдийн тусламжтайгаар олон түмэнд тогтмол түгээх нийгмийн үйл ажиллагаа мөн гэдгийг бид мэднэ. “Нийгмийн” хэмээх ойлголтын хүрээнд социаль гэдэг “хувийн бус” эсвэл “хувийнхаас дээгүүр” гэсэн утгыг илэрхийлдэггүй. Нийгэм судлаачийн хувьд “социаль” гэдэг нь дундаж, хэв маягийн (бие хүн-нийгмийн хэв маяг) гэсэн утгыг агуулдаг. “Социаль” хэмээх ойлголтонд субъект ба объектын диалектик байр сууринаас хандах хэрэгтэй бөгөөд зөвхөн энэ тохиолдолд л чиглэсэн зорилготой, үр өгөөжтэй болно. Мөн социаль ойлголт нь орчин үеийн буюу формаци, соёл иргэншил, цаг үе, эрин, “шилжилтийн үеийн” шинжийг өөртөө агуулдаг онцлогтой юм.

Социосэтгүүл зүй ба мэдээлэл дамжуулагч

[засварлах | кодоор засварлах]

Социосэтгүүл зүй хэмээх нэр томъёо 90-ээд оны эхээр шинжлэх ухааны эргэлтэнд орж ирсэн. Үүний шаардлага, учир шалтгаан нь зөвхөн онолын судалгаатай холбоотой биш юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины сэтгүүл зүйд гарсан томоохон өөрчлөлтүүд хүн төрөлхтний үйл ажиллагааны энэ хүрээн дэх харилцааг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Мэдээлэл дамжуулагч хүлээн авагч хоёрын харилцаа өдрөөс өдөрт субъект субъектэй харьцах харилцан үйл ажиллагааны шинжийг агуулдаг болов. ОНМХ-тэй үүрэг зорилгоороо холбоотой хувь хүний үүрэг роль хэд дахин нэмэгдсэн юм. Учир нь хуримтлагдаж буй нийгмийн мэдээллийн чанар нь хувь хүний мэргэжлийн чадвар, идэвх санаачлага, үнэнч шударга байдлаас ихээхэн шалтгаалах болжээ.

Нийгэмд “дөрөв дэх засаглалын” үүргийг гүйцэтгэдэг ОНМХ-ийн үүрэг роль ч өссөн төдийгүй мэдээлэл, оюун санаа, үзэл бодол, оюуны үнэт зүйлсийн хүчийг үйл ажиллагааны зэвсэг болгон ашиглаж буй “засаглалын” ач холбогдол эрс өсөн нэмэгдсэн юм. Өнөөдөр хүртэл сэтгүүл зүйн онолын судалгаанд гол байр эзэлдэг сэтгүүл зүйг юуны өмнө удирдлагын системийн нэг элементийн хувьд авч үзээд тухайн үйл ажиллагааг бүтцийн талаас нь судалдаг функцийн судалгааны арга мэдээлэгч, хүлээн авагчийн хоорондох харилцааг бүрэн төгс, олон талаас нь судлах боломжоор хязгаарлагдмал юм. Учир нь:

  • Нэгдүгээрт, судлаач цаг хугацааны хүчин зүйлээс чөлөөтэй байж чадахгүйн хамт задлан шинжилгээг хэт үзэл сурталжсан үзэл баримтлалын хүрээнд явуулах шаардлагатай болдог.
  • Хоёрдугаарт, үүнээс шалтгаалан олон нийтийн мэдээллийн харилцааны практикийг тойм төдий дүрслэн харуулах хүрээнээс хальж, түүнээс дээш төвшинд гарч чадахгүй.
  • Гуравдугаарт, бие даасан болон нэр хаяггүй мэдээлэл дамжуулагчдын уран бүтээлийг нэгэн зэрэг задлан шинжлэх боломжгүй юм.

Бүтээлч үйл ажиллагааны тодорхой технологийг загварчлах (боловсруулах) туршлага, зохион байгуулах асуудалд илүү их анхаарлаа төвлөрүүлдэг нийгэм-технологийн хандлага бол урьд ашиглаж байсан нийгмийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, задлан шинжлэх, дамжуулах бүтээлч аргуудын хэлбэр, хэв маягийг нэгтгэн дүгнэхийн хамт онолын болон туршилтын судалгааны үр дүнд тулгуурлан шинэ зүйлийг таамаглах боломж олгодог. Энэ утгаар авч үзвэл социосэтгүүл зүйг ОНМХ-ийн бүтээгдэхүүний нийтлэлийн шинжийг гүнзгийрүүлэх, үүний үндсэн дээр мэдээлэл дамжуулагчийн бүтээлч үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, түүний аргуудыг нийгмийн судалгааны нэг төрлийн хувьд системчлэх арга гэж тодорхойлж болно.

Социосэтгүүл зүй социологийн, нийгэм-сэтгэл зүй, социоинженерийн судалгааг зохион байгуулах, явуулах арга, хэрэгсэл, аргачлалуудыг түгээмэл хэрэглэдэг. Ингээд нэгэн зэрэг сэтгүүл зүйн нийгмийн мөн чанар, паблик рилейшнзтэй, мөн тэдний нийгмийн үүрэг, сэтгүүлчид үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн нөлөөлөлтэй холбоотой асуудлуудыг судлах боломж бий болдог. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд уламжлалт сэтгүүл зүйн боломж хангалтгүй, хязгаарлагдмал болсон нөхцөл PR-ын механизм үйлчилж эхэлдэг юм.

Сүүлийн үеийн сэтгүүл зүйн практикаас үзэхэд олон нийтийн мэдээллийн харилцааны үйл ажиллагаанд энэ хоёр ойлголт салшгүй холбоотой гэдэг нь тод ажиглагддаг бөгөөд нэг ойлголтыг нөгөө ойлголтгүйгээр судлах боломжгүй юм. Гэхдээ сэтгүүл зүй, PR хоёрын харилцан нөлөөллийн хэлбэр, хэмжээний тухай маргаантай асуудал цөөнгүй байдаг.