Мөнхийн Пунцаг
Мөнхийн Пунцаг (1947 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрж, 1997 онд нас барсан) - Монголын самбо бөхийн тамирчин, дасгалжуулагч. 1972 оны Европын нээлттэй аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 1975 оны дэлхийн аварга, 1973, 1974 оны дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин. 1975 онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Тэрбээр 52 кг хүртэлх хамгийн бага жинд өрсөлддөг байсан.
Дунд сургуулиа алтан медальтай төгсөөд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Дээд сургуулийн дипломын ажилдаа Дархан хотын Дулааны цахилгаан станцийг шинэчлэх төсөл бичсэнийг хэрэгжүүлж ДЦС-ын хүчин чадлыг хоёр дахин өсгөх боломжтой болсон юм. Спортын замналаа дуусгасны дараа Дарханы ДЦС-д ажиллаж, тус хотын самбо бөхийн дасгалжуулагч хийж байжээ. Түүний шавь нараас самбо болон жүдо бөхийн тамирчин Гандолгорын Батсүх самбо бөхийн дэлхийн аварга болжээ.
2018 оны 11-р сард түүний төрсөн сумын сургуулийг түүний нэрэмжит тэмцээн болсон юм. Мөн жил бүр түүний төрсөн суманд Гавьяат тамирчин М.Пунцаг, аймгийн хурц манлай арслан П.Бямбаа нарын нэрэмжит "Сэврэйн цом" бөхийн тэмцээн уламжлал болгон зохион байгуулагдаж байна.