Надмидын Бэгз

Надмидын Бэгз (1951 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Харганын голд  төрсөн)- Монгол Улсын Боловсролын хүрээлэнгийн захирал, ШУА-ийн академич, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор. Орос хэлний багш, боловсролын хөгжлийн бодлого судлаач эрдэмтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1970 онд Нийслэлийн 18-р дунд сургуулийг дүүргэж, 1975 онд Улаанбаатар хотын Улсын багшийн дээд сургууль төгссөн.

1988 онд ОХУ-ын Москва хотын Нийгмийн шинжлэх ухааны Академийн аспирантурт суралцаж “Монголын дээд боловсролын удирдлагын түүх”-ээр дэд эрдэмтэн, 2001 онд Монгол улсын ШУА-ийн дэргэдэх боловсрол судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Глобальчлалын үеийн Монгол улсын боловсролын хөгжлийн онол, арга зүйн үндсэн асуудал”-аар боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2014 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1975-1976 онд Улсын багшийн дээд сургуульд багш, 1976-1985 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын боловсролын яам, дээд, тусгай дунд боловсролын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1988-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, 1990 онд АБЯ-ны Мэргэжлийн боловсролын арга зүй, судалгааны төвийн захирал, 1991 онд Боловсролын хүрээлэнд дэд захирал, 1993 онд Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн захирал, 1995 онд Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1997-2014 онд Боловсролын хүрээлэнгийн захирал, 2014-2016 онд Боловсролын хүрээлэнд Монгол хүүхдийн хөгжлийн судалгааны Төвийн захирал, 2016-2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх, 2017 оноос Боловсролын хүрээлэнд Хүний хөгжлийн секторын эрхлэгчээр ажиллаж байна.  

2016 оноос ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн, Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы даргаар сонгогдсон.