Нанзадын Норжинхорлоо
Нанзадын Норжинхорлоо (1944-2022) нь Монгол улсын гавьяат багш, доктор, профессор цолтой хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Норжинхорлоо Ховд аймгийн Чандмань сумын уугуул Хомоолын Нанзад, Сэтэвийн Янжин нарын охин болж 1944 онд төржээ. 1962 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн I сургууль, 1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Нэхмэл, хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэйгээр төгссөн. 1971 оноос УБДС, УБИС, МУБИС-д тэнхимийн эрхлэгч, багш, зөвлөх профессороор ажиллаж байв.
1971 оноос ерөнхий боловсролын хөдөлмөрийн багш бэлтгэх, "Оёдлын технологи", "Хүнсний технологи", "Нэхмэл сүлжмэлийн технологи" зэрэг онол-дадлага хосолсон хичээлүүдийн программыг зохиож, зааснаар Монгол улсдаа технологийн анхдагч багш нарын нэг болсон. 1975 оноос багш, сурагчдад зориулсан зөвлөмж, гарын авлага, удирдамжийг бичиж, 1975, 1985, 1992 онуудад ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн хичээлийн хөтөлбөр, 1975, 1976, 1984, 1985, 2001 онуудад ерөнхий боловсролын сургуулийн 4-8-р ангийн 10 гаруй сурах бичгийг зохион 90 гаруй мэргэжлийн номыг бичиж хэвлүүлэн сургалтад нэвтрүүлжээ.
Тэрбээр "Монгол дээлний зохион бүтээлтийн уламжлал шинэчлэл" сэдвээр 2004 онд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд "Монгол улсын гавьяат багш" цол хүртсэн.