Нарита (онгоцны буудал)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нарита олон улсын нисэх онгоцны буудал

Нарита Олон улсын нисэх онгоцны буудал (япон. 成田国際空港 нарита кокүсай күүкоо, англи. Narita International Airport, IATA: NRT, ICAO: RJAA) — Японы нийслэл Токио хотын зүүн талд 75 км зайд орших Чиба мужийн Нарита хот дахь олон улсын нисэх онгоцны буудал.

Японы олон улсын зорчигч тээврийн урсгалын дийлэнх нь Нарита нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрдөг. Мөн Нарита нь Азийн орнуудаас Хойд болон Өмнөд Америк руу зорчиход зориулагдсан дамжин өнгөрөх нисэх онгоцны буудал юм. Нисэх онгоцны буудал нь зорчигч урсгалаараа Японд хоёрдугаарт ордог; ачаа тээврийн хэмжээгээр Японд нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог байна. Нарита бол "Japan Airlines" болон "All Nippon Airways"-ийн олон улсын гол төв, мөн Америкийн томоохон агаарын тээврийн "Delta Air Lines", "United Airlines"-ийн төв юм. Японы хуулийн дагуу Нарита олон улсын нисэх онгоцны буудлыг нэгдүгээр зэрэглэлийн нисэх онгоцны буудал гэж ангилдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Японы түүхэн дэх Нарита нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт нь Японы засгийн газар болон тус улсын хүн амын хооронд хамгийн их дуулиан шуугиантай, удаан үргэлжилсэн мөргөлдөөнд хүргэсэн юм. Энэхүү зөрчилдөөний нөлөөгөөр хожим хүн ам шигүү суурьшсан газруудад газрыг хураахаас зайлсхийхийн тулд Осака, Нагоя (Кансай, Чүбү тус тус) нисэх онгоцны буудлуудыг далайн эргээс нэлээд зайд хиймэл арлууд дээр барих гол шалтгаан болсон юм.