Jump to content

Насан-Аривжих

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Насан-Аривжих (? — 1918 оны 7 сарын 14) — Өвөр Монголын Хорчин баруун гарын өмнөд хошууны Туслагч гүн, “Архуа гүн” гэгддэг. Таван замын байлдаанд тэрээр Гуравдугаар замын цэргийг удирдан Хятадын гамин армитай тулдалдаж байгаад 1913 оны есдүгээр сард бэйс Насан-Аривжих Хятадын цэрэгт бууж өгсөн байна. Энэхүү бэйс Насан-Аривжихын урвасныг Хятадын ерөнхийлөгч Юань Шикай ашиглан бусад монгол цэргийн жанждыг урвуулахад үлгэр болсон явдал хэмээн үзэж, Насан-Аривжихыг шууд Жүн ван цолоор шагнасан. Урвагч бэйс Насан-Аривжихын Хятадын цэрэгт урваж орсон нь монгол цэргийн байдлыг нэлээд хүндрүүлжээ. Учир нь Насан-Аривжих “Богд хааны засгийн газрын цэргийн яамны дэд сайд” байсан бөгөөд Хүрээнд байхдаа Монгол цэргийн байлдааны ажиллагааг төлөвлөх нууц зөвлөгөөнд оролцож байсан.

Насан-Аривжих нь Өвөр Монголын хорчин хошуунд тайж язгууртны гэрт мэндэлсэн байна. Тэрээр бэйс цолтой байсан. Насан-Аривжих нь эртнээс Монголын тусгаар тогтнолыг дэмжиж, 1912 оны 4-5 сарын хооронд Их Хүрээнд ирж буцаад, 5 сараас өөрийн хошууны Хятадад үнэнч ноёдтой муудаж, үймээн гаргасан. Хорчины Насан-Аривжих, Жаруудын Гүнжав болон Түмэн-Өлзий, Харчины Бавуужав гэх мэт ноёд нэгдэж 1000 орчим цэрэгтэй хятадуудтай арсалдаж, Хятадын илт давуу хүчтэй цэрэгт шахуулж ар монгол руу 12 сарын эхээр зугтаж ирсэн байна. Мөн зэрэгцээд хорчины Удай, Рашминжүүр, Бөхбуян нар 8 сараас 11 сар хүртэл бужигнуулж, мөн хятадуудад цохиулж, ар монголд 11 сард орж ирсэн. Насан Аривжих Ар Монголд ирээд Цэргийн яамны дэд сайдаар томилогдсон байна. Тэрээр Таван замын байлдаанп 3-р замын цэргийг удирдан өвөрмонголын Шилийнгол, Улаанцав чиглэлд тулалдсан байна. 1913 оны 5-р сард Насан-Аривжих жанжны найз Гончигсүрэн ноён гэнэт үхсэн ба энэ явдлыг Оросын талыг баригч ноёд хорлосон гэж өвөрмонголоос ирсэн ноёд сэжиглэж байжээ. Мөн Орос-Хятад хоёр улсын албаны хүмүүс Монголын асуудлаар хэлэлцэн Ар Монголд л зөвхөн автономи өгч, Өвөр Монголыг хятад шууд авна гэх яриа ихсэж, Өвөр Монголын ноёдын итгэл улам буурсаар байсан байна. Хятадууд монгол ноёдыг урвуулахаар швед Ларсонг ашиглаж байсан бөгөөд Ларсон 6-р сарын 6-нд Насан-Аривжихтай уулзаж, түүнийг Хятадад бууж өгөхийг ятгасан байна. Энэ уулзалтын үед Насан-Аривжих бусад жанжид эсэргүүцэж байгаа ч би Хятадад бууж өгөхөд асуудалгүй гэж мэдэгджээ.

1913 оны 8-р сарын 1-нд дахин нэмэлт хүч маягаар юм уу дагаар орно гэсэн Өвөр Монголын хошуудыг, ялангуяа хорчиныг байлдахаар дайныг хийх Богд хааны зарлиг гаржээ. Насан-Аривжих энэ дайнаас болж 2 сар орчим "урвахаас" азнасан байна. Энэ үед Насан-Аривжих 9-р сарын 19-нд 200 орчим цэрэгтэй байсан ба Жанчхүүд очиж хятадуудад бууж өгчээ. Түүнтэй хамт дээд тушаалтай цэргийн ноѐн болон энгийн цэрэг 74 хүн мөн бууж өгчээ. Гэвч Насан-Аривжихын ихэнх цэргүүд хамт бууж өгөөгүй ба харин ч эсэргүүцэж, бусад замын цэргүүдэд нэгдэж, бүүр Ларсоны хувийн адууг дээрэмдэж ар халх руу туусан хэрэг гарчээ. Хятадууд бууж өгсөн Насан-Аривжихыг маш хүндэлж, туг өргөж, цэргийн жагсаал үйлдэн сүртэй угтаж авсан байна. Хятадын ерөнхийлагч Юань Шикай түүнд Жүн Ван цол олгож, хамт ирж бууж өгсөн Батбилэг тэргүүтэй 74 цэргийг нь цол нэмж, цалин олгосон байна. Хятадууд Насан-Аривжихийг ингэж эрхлүүлж байгаад анхнаасаа ар монгол руу очоогүй Хятадад үнэнч монгол ноёд дургүйцэж байсан байна.