Jump to content

Нгуен Фу Чонг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нгуен Фу Чонг

Нгуен Фу Чонг (вьет. Nguyễn Phú Trọng; англи. Nguyen Phu Trong, 1944 оны 4-р сарын 14-нд Францын Энэтхэг-хятадын Ханой хотод төрсөн —2024 оны 7-р сарын 19-нд Ханой хотод нас барсан) — вьетнамын улс төрийн болон төрийн зүтгэлтэн, 2018 оны 10-р сарын 23-наас 2021 оны 4-р сарын 5-ны өдөр хүртэл Вьетнамын 10 дахь Ерөнхийлөгч байсан.

2006-2011 онд Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга, 2011 оны 1-р сарын 19-нөөс 2024 оны 7-р сарын 19-нд нас барах хүртлээ - Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.

1944 оны 4-р сарын 14-нд одоогийн Ханой хотын Дон Ань мужид төрсөн. 1967 онд Ханойн их сургуулийн филологийн факультетийг төгсөж, 1968 онд Вьетнамын Коммунист Намд элссэн. Тэрээр ВКН-ын Төв Хорооны онол, улс төрийн "Tạp chí Cộng Sản" ("Коммунист") сэтгүүлд 1967-1973, 1976-1980, 1983-1996 онд (1991-1996 онд - ерөнхий редактор) ажилласан.

1981 онд Нгуен Фу Чонг Москва хотод ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх “Намын байгуулалт” мэргэжлээр аспирантурт суралцаж, 1983 онд “Намын үйл ажиллагаа” сэдвээр диссертаци хамгаалж түүхийн ухааны эрдэмтний зэрэг хамгаалсан байна.

1992 оноос Ханой улсын их сургуулийн- дэд профессор, 2002 оноос профессор болжээ.

1994 онд тэрээр Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, 1997 оны 12-р сараас ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогджээ. 1998-2000 онд Улс төрийн товчооны үзэл суртал, соёл, боловсролын асуудлыг удирдаж, 1998-2006 онд ВКН-ын Төв Хорооны орлогч дарга (1998-2001), Онолын комиссын даргаар ажиллаж, 2001-2006 онд ВКН-ын онолын ажлыг хариуцаж байжээ.

2002 оны 5-р сараас хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсон байна.

Нгуен Фу Чонг 2000 оны 1-р сараас 2006 оны 6-р сар хүртэл 6 жил гаруй Ханой хотын ВКН-ын хорооны нарийн бичгийн даргаар ажилласан байна.

Тэрээр 2006 оны 6-р сарын 26-наас 2011 оны 7-р сарын 23 хүртэл Вьетнамын Үндэсний Ассамблейн даргаар ажиллаж байсан. 2011 оны 1-р сарын 19-нд болсон Вьетнамын Коммунист намын XI их хурлаар тэрээр ВКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэрээр энэ хугацаанд мөн Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрыг тэргүүлж, Вьетнамын Цэргийн Төв Зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.

2018 оны 10-р сарын 23-нд Нгуен Фу Чонг Вьетнамын Ерөнхийлөгчөөр сонгогдов (9-р сарын 21-нд нас барсан Тран Дай Куанг оронд). Нгуен Фу Чонг Вьетнамын удирдагч Хо Ши Мин-ээс хойш анх удаа нам, төрийн дээд албан тушаалыг хослуулсан барьсан байна. Тэрээр 2021 оны 4-р сарын 5 хүртэл Вьетнамын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Нгуен Чонг 2024 оны 7-р сарын 19-нд Ханой дахь 108-р цэргийн төв госпиталд 80 насандаа таалал төгсөв. Төрийн хэвлэлүүд түүнийг "удаан өвчний дараа" нас барсан гэж мэдээлсэн.

Вьетнамын засгийн газар 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд албан ёсны гашуудал гэж зарласан юм.