Нокаут

Нокаут

Нокаут (англи хэлэнд knockout) гэдэг нь бокс, кикбокс, холимог тулаан мэтийн тулааны спортын тэмцээнд тамирчин биедээ цохиулсны улмаас толгой нь эргэж, хөдөлгөөний баримжаагаа хэсэгчлэн буюу бүрэн алдах, эсвэл ухаан алдахыг хэлнэ. Тамирчин нокаутад орох нь тулааныг зогсоох үндэслэл болдог. Бокс, кикбоксын тэмцээнд тамирчин биедээ хүчтэй цохиулж, дэвжээний шүүгч 1-ээс 10 хүртэл тоолсны дараа тулааныг үргэлжлүүлэх чадваргүй байгаа бол уг тамирчныг нокаутаар ялагдсанд тооцно. Нокаутыг "КО" гэж товчилж бичдэг.

Техникийн нокаут

Техникийн нокаут (англи хэлэнд technical knockout) гэдэг нь гэмтэх, арьс язрах буюу өрсөлдөөнийг үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа бусад нөхцөл байдлын улмаас дэвжээний шүүгч, эмч, тамирчны засуул, эсвэл тамирчны өөрийнх нь санаачилгаар тулааныг зогсоохыг хэлнэ. Техникиийн нокаутад орсон тамирчныг ялагдсанд тооцох бөгөөд үүнийг "ТКО" гэж товчилж бичдэг.

Холимог тулааны тэмцээнд дэвжээний шүүгч тамирчныг биеэ хамгаалах чадваргүй байна гэж үзвэл тулааныг шууд зогсоож, ТКО-аар ялагдсанд тооцно.

Нокдаун

Нокдаун (англи хэлэнд knockdown) гэдэг нь тамирчин биедээ цохиулсны улмаас гуравдагч цэг (өвдөг, өгзөг, гар г.м.)-ээр рингний хучлаганд хүрэхийг хэлнэ. Ингэсэн тохиолдолд дэвжээний шүүгч 8 хүртэл тоолно. Тоолж дуусахад тамирчин босож зогсоогүй бол дэвжээний шүүгч үргэлжлүүлэн 10 хүртэл тоолно. 10 хүртэл тоолж дуусахад тамирчин босож зогсоогүй бол дэвжээний шүүгч тулааныг зогсоож, уг тамирчныг нокаутаар ялагдсанд тооцно.

Тамирчин рингнээс гарч унасан тохиолдолд түүнд сэргэх боломж олгож 20 секундийн хугацаа өгнө.

Босоо нокдаун гэдэг нь дэвжээний шүүгч тамирчныг рингний хязгаарлагч олсыг налсны дүнд гуравдагч цэгээрээ шал хүрэлгүй, хөл дээрээ тогтож чадсан гэж үзэхийг хэлнэ. Ингэсэн тохиолдолд дэвжээний шүүгч 8 хүртэл тоолно. Аваргын цолны төлөөх тулаанд босоо нокдауны дүрэм үйлчилдэггүй.

Хөнгөн нокдаун (англи хэлэнд flash knockdown) гэдэг нь тамирчин гуравдагч цэгээр рингний хучлаганд хүрсэн боловч шууд босоод зогсохыг хэлнэ. Ингэсэн тохиолдолд дэвжээний шүүгч мөн адил 8 хүртэл тоолно.