Оозэки
Оозэки (Япон: 大関) гэдэг нь Японы мэргэжлийн сүмогийн дээрээсээ хоёр дахь цол юм. Ёкозүна цол бий болохоос өмнө хамгийн том цол нь байв.
Баруун, зүүн жигүүрт дор хаяж нэг оозэки байх ёстой байдаг бөгөөд оозэки байхгүй болсон тохиолдолд тухайн жигүүрийн ёкозүнаг банзүкэд ёкозүна-оозэки гэж бичдэг. Харин тухайн жигүүрт ёкозүна ч бичигдээгүй бол сэкивакэ, эсвэл комүсүбиг оозэки болгон цол ахиулдаг байжээ, гэхдээ ийм тохиолдол сүүлийн жилүүдэд огт гараагүй. Эдо эриний үед оозэки байхгүй болбол зүгээр л биеэр том, сайхан галбиртай бөхийг оозэки гэж банзүкэд бичдэг, тэд нь ихэнхдээ барилдахдаа тааруу байдаг байсан тул "канбан оозэки" буюу "үзүүлэнгийн оозэки" гэгддэг байв.
Банзүкэгийн зөвлөлөөс хэн нэгэн бөхийг шинээр оозэки болгох шийдвэр гаргасны дараа тусгай элч томилон, ёкозүна төрөхөд хийдэгтэй бараг ижил "цол ахисныг мэдээлэх ёслол" хийдэг байна. Ингэсний дараа шинэ банзүкэ гарахыг хүлээлгүйгээр, оозэкигийн эрхийг эдэлж эхэлдэг. Шинэ ёкозүна болгох шалгуурыг Ёкозүнагийн зөвлөлийн дотоод журманд тодорхой заасан байдаг бол шинээр оозэки болгох шалгуурын тухай тогтсон хэм хэмжээ байхгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сэкивакэ буюу комүсүби цолтойгоор сүүлийн 3 башод барилдаж, нийт 33 буюу түүнээс олон давсан байх нь сүүлийн жилүүдэд баримталж буй шалгуур болж буй гэж мэдээлдэг. Оозэки болсноор сарын цалин нь 657 мянган иенээр нэмэгдэж, Рёогокү Кокүгикан ордонд өөрийн машинаар ирж, машинаа зогсоолд нь тавих, мөн онгоцоор нисэхэд нэгдүгээр зэрэглэлийн суудал ашиглах гэх мэт эрх эдлэнэ (2010 оны байдлаар).
Оозэки цолыг 1 башод муу барилдаад л алдаж байсан жишээ эрт цагт тохиолдож байсан боловч 1927 оноос 2 башо дараалж муу барилдвал оозэки цолыг нь хураадаг жишиг тогтжээ. Явцын дунд 1958 - 1969 оныг хүртэл 3 башо дараалан муу барилдсан тохиолдолд хурааж байсан боловч хэтэрхий зөөлдөж байна гэж үзээд хуучин системдээ буцан орж, харин оозэки цолоо хураалгасан бөх дараагийн башод 10 буюу түүнээс олон давбал оозэки цолыг нь эргүүлэн өгдөг дүрэмтэй болсон байна. Энэхүү дүрмээр оозэки цолоо эргүүлэн авч чадсан Миэноүми, Таканонами, Мүсоояма, Точиазүма нарын 4 бөх л бий. Мөн тэмцээний явцад гэмтэл авсан тохиолдлыг муу барилдсанд тооцдоггүй байснаа 2003 онд халжээ.
Муу барилдвал цолоо алдах нөхцөл байдалд орсон буюу өмнөх тэмцээнд муу барилдсан оозэкиг кадобан гэдэг.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Оозэки цолтойгоор хамгийн олон башод барилдсан бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]Байр | Нэр | Оозэки цолтой барилдсан башо | Хугацаа | Үзүүлсэн амжилт |
---|---|---|---|---|
1 | Чиётайкай Рюүжи | 65 | 1999 оны 3 сар - 2009 оны 11 сар↓ | 515-345-115, 3 түрүү |
2 | Кайо Хироюки | 65 | 2000 оны 9 сар - одоо | 491-305-119, 5 түрүү |
3 | Таканохана Тошиаки | 50 | 1972 оны 11 сар - 1981 оны 1 сар | 422-285-49, 2 түрүү |
4 | Хокүтэн-Юү Кацүхико | 44 | 1983 оны 7 сар - 1990 оны 9 сар | 378-245-29, 1 түрүү |
5 | Конишики Ясокичи | 39 | 1987 оны 7 сар - 1993 оны 11 сар↓ | 345-197-43, 3 түрүү |
6 | Таканонами Садахиро | 37 | 1994 оны 3 сар - 1999 оны 11 сар↓ | 340-177-8, 2 түрүү |
2000 оны 3 сар - 2000 оны 5 сар↓ | 13-17-0 | |||
7 | Асашио Таро | 36 | 1983 оны 5 сар - 1989 оны 3 сар | 294-203-33, 1 түрүү |
8 | Ютакаяма Кацүо | 34 | 1963 оны 3 сар - 1968 оны 9 сар | 301-201-8 |
9 | Котозакүра Масакацү | 32 | 1967 оны 11 сар - 1973 оны 1 сар↑ | 287-159-34, 4 түрүү |
Мүсашимарү Кооёо | 1994 оны 3 сар - 1999 оны 5 сар↑ | 353-127-0, 5 түрүү |
- ↑ нь ёкозүна болж цол ахисан, ↓ нь сэкивакэ болж цол буурсан, тэмдэггүй нь оозэки цолтойгоо зодог тайлсан, эсхүл одоо оозэки цолтойгоо байгаа.