Орбан Виктор
Орбан Виктор (унгар. Orbán Viktor; 1963 оны 5-р сарын 31-нд БНУАУ-ын Секешфехервар хотод төрсөн) - Унгарын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1998-2002 болон 2010 оноос өнөө хүртэл Унгарын Ерөнхий сайдаар ажиллаж байна. «Фидес - Унгарын иргэний холбоо» намын удирдагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Орбан 1963 оны 5-р сарын 31-нд Секешфехервар хотод бизнес эрхлэгч, агрономч Орбан Гизо (1940 онд төрсөн), хэл ярианы эмч тусгай сурган хүмүүжүүлэгч Сипос Эрзебет (1944 онд төрсөн) нарын хөдөөгийн дундаж амьдралтай гэр бүлд ууган хүү болж төржээ. Тэрбээр Гизо (1965 онд төрсөн), Арон (1977 онд төрсөн) гэх бизнес эрхлэгч хоёр дүүтэй. Ахлах сургуулиа төгсөөд цэргийн алба хаасан. 1982 онд Будапештийн их сургуулийн хуулийн факультетэд элсэн орсон. 1987 онд дээд сургуулиа төгсөж, ХХААХҮЯ-ны харьяа хүрээлэнд социологичоор хоёр жил ажилласан. 1989 онд Соросын сангаас тэтгэлэг авч Оксфордын Пемброк коллежид нэг жил сурсан.
Улс төрч
[засварлах | кодоор засварлах]Сургуулийн Комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга байсан Орбан Виктор 1988 оны 3-р сарын 30-нд байгуулагдсан Фидес намыг үүсгэн байгуулагчдын нэг болжээ. Тэрбээр 1989 оны 6-р сарын 16-нд 1958 онд цаазлагдсан Надь Имре болон Унгарын бусад улс төрийн зүтгэлтнүүдийг оршуулах ёслол дээр үг хэлснийхээ дараа үндэсний алдар нэрийг олж авсан. Орбан хэлсэн үгэндээ чөлөөт сонгууль явуулах, Зөвлөлтийн цэргийг Унгарын нутаг дэвсгэрээс гаргахыг шаардсан байна.
1990 онд коммунист дэглэмийн дараах Унгар улсад болсон анхны сонгуулиар Орбан парламентад сонгогдов (1994, 1998, 2002, 2006 онуудад дахин сонгогдсон). 1990 онд тэрбээр өөрийн удирдлага дор либерал байгууллагаас баруун жигүүрийн консерватив нам болж өөрчлөгдсөн "Фидес" (Залуу ардчилагчдын холбоо - унгараар-Fiatal Demokraták Szövetsége гэсний товчлол) намын удирдагч болсон.
1998 онд парламентын сонгуульд "Фидес" нам ялсны дараа (нам нь 44 хувийн санал авсан) баруун төвийн үзэлтэй Засгийн газрыг байгуулжээ. Тэрбээр 35 настайдаа орчин үеийн Унгар улсын хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм.
Эдийн засгийн салбарт тэрбээр татвар, нийгмийн шимтгэлийг бууруулах, ажилгүйдэл, инфляцын эсрэг тэмцэхийг амалсан. Түүний Засгийн газрын үед инфляц 2 дахин буурсан байна.
Орбан эрх мэдлийн тогтолцоонд Ерөнхий сайдын тэргүүлэх үүргийг тусгасан Германы Засгийн газрын загварыг дэмжиж ирсэн. Тэрбээр Ерөнхий сайдын ажлын албаны үүргийг бэхжүүлж, төрийн аппаратын эрс шинэчлэлийг хийж, ялангуяа эдийн засгийн яамыг супер яам болгохыг зорьжээ. Орбан Ерөнхий сайдын хувийн нөлөөг бэхжүүлэхийн зэрэгцээ улс төрийн үйл явцад парламентын нөлөөллийг бууруулах хүсэлтэй байгаа нь сөрөг хүчнийхний хурц шүүмжлэлд өртөж, түүнийг авторитар хандлага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлөх хүсэлтэй гэж буруутгаж байжээ. Орбаны Ерөнхий сайд байх хугацаанд Унгар улс Польш, Чехийн хамт 1999 онд НАТО-д албан ёсоор элссэн байна.
2002 оны сонгуулиар Орбаны нам ялагдаж, тэрбээр огцорсон. Фидес нам дахин санал тоолохыг шаардсан боловч Сонгуулийн хороо энэ шаардлагыг хүлээж аваагүй байна.
2010 оны сонгуулиар Орбан Виктор 1998-2002 оны алдаагаа ойлгож, ухаарсан. 2010 оны 4-р сарын парламентын сонгуульд Фидес нам нь илт ялалт байгуулсны дараа Орбан 2010 оны 5-р сард Ерөнхий сайдаар дахин томилогдож 5-р сарын 29-нд албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ. Унгар үндэстний бүх хүмүүс, тэр дундаа Унгарт хэзээ ч амьдарч байгаагүй хүмүүс хүртэл санал өгөх эрхтэй болсон юм.
Тус улсын албан ёсны нэрийг "Бүгд Найрамдах Унгар Улс" байсныг "Унгар" болгон өөрчилсөн. Нэрийн өөрчлөлт нь Унгарын нийгэмд зөвхөн тус улсын иргэдийг төдийгүй түүнээс гадуур амьдардаг унгарчуудыг хамруулах зорилготой байв. Унгарын ард түмнийг Бурхан ба Христийн шашинтай нэгтгэдэг гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулсан. Энэ нь үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хориглох урьдчилсан нөхцөл болсон юм.
Улс төр судлаач Балинт Мадьярын хэлснээр Орбан Виктор болон "Фидес" нам 2010 оноос хойш Унгарт бүх эрх мэдлийг намтай холбоотой бүлэглэл болон биечлэн Орбантай холбоотой бүлэглэлд харьяалагддаг “мафийн улс” байгуулсан гэж мэдэгдсэн.
2019 оны 1-р сарын сүүлчээр Орос, Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах АНУ-ын шаардлагын хариуд Орбан Виктор: "Унгар улс төвийг сахисан байр суурь баримтлахыг хичээж байна, энэ нь тус улсад Оростой бизнес хийхэд ашигтай" гэж хариулжээ.