Jump to content

Пэлжидийн Бат-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пэлжидийн Бат-Очир
Хувийн мэдээлэл
Хочнууд
Молиго бүргэ
Төрсөн огноо1899 он
Нас барсан огноо1971(1971-00-00) (71–72 насалсан)
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Улсын арслан1932
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1
Үзүүрлэсэн0
Шөвгөрсөн1

"Молиго бүргэд" хэмээх Пэлжидийн Бат-Очир (1899 - 1971) нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм.

  • 1932 онд 10 давж түрүүлэн улсын арслан цолд хүрэв.

Пэлжидийн Бат-Очир 1899 онд хуучин Түшээт хан аймгийн Мишиг гүний хошуу, одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт төржээ. Эцэг Минжүүр нь барилдаж бөх болоогүй ч их бяртай хүн байсан бөгөөд нагац ах Дансран гэж бас тэнхээтэй эр байжээ. П.Бат-Очир багаасаа Мишиг гүний хvрээнд шавилан сууж хийдийн банди нартай ноцолдож дээл хувцсаа урж өссөн, өндөр нуруутай өргөн цээжтэй, шовхдуу хамартай, хөнхөр духтай, бүдүүн хүзүү, мөлгөр чихтэй хүү байжээ.

П.Бат-Очир хүү Мишиг гүний баруун хүрээнд сууж байхдаа том банди нарт шоолуулж, нус нулимстай холилдон дээрэлхүүлж байсан удаа олон гэдэг. “Эр өсөж эсгий сунана” гэгчээр П.Бат-Очир ч 17-18 нас хүрч угийн өсгөлүүн хүү болохоор бяр сууж бөхийн төрх олоо биз. Тэгээд ч хэнээс ч айхгүй ноцолдвол ноцолдож, зодолдвол зодолдчихдог, өөрөөсөө ах залуусыг ч эв нь таарвал дийлчих болжээ. Нэг удаа өөрийгөө дандаа “шоглодог” байсан дээрэлхүү залууг барьж аваад газарт чулуудаж орхисон чинь нөгөөх нь ухаан алдаж унаад бөөн юм болжээ. Тэгэхэд багш лам нь хилэгнэн Пэлжидийн муу мангар золиг чинь хүн алах нь ээ! Чи байшингийн дор байгаа мод аваад ир гэж авчруулаад модоороо “Өвдөж байна уу?” гэж асуугаад л цохиод байх юм гэнэ. Багш нь сүүлдээ ядарч байгаа бололтой удаж удаж л хааяа нэг падхийлгэхэд гүжирмэг залуу өвдөөгүй ч гэсэн "Өвдөж байна аа! Ёо! Ёо!" хэмээн худлаа янгуучлахад багш нь “Яасан удаж байж өвддөг яс вэ?” гээд хөлсөө арчин “Чи наад модоо байсан газарт нь аваачиж хий!” гэж зандарч байжээ. Нэг удаа багш лам нь П.Бат-Очир хvvг дагуулан Батцагаан гэдэг дуганд ороход дуганы баруун талаар сууж байгаа хэсэг лам банди нар “Мулилзсан бор банди” ирлээ гэцгээхэд, зүүн талаарх банди нар нь “Нисэж байгаа бүргэд шиг юм байна. Бүргэд гэх үү?” хэмээн шоолж шуугилдаж байсан гэх яриа бий. Тvvнээс хойш л П.Бат-Очирыг “Молиго бүргэд” гэх болсон гэж нутгийнхан нь хуучилдаг ажээ. П.Бат-Очирыг 19 нас хүрэхэд угийн тэнхээтэй, биерхэг, муйхрыг мэдэх багш нь зодог шуудаг хийлгэж өгөөд тэр үеийн цуут бөхийн нэг "Их Монгол" Хасын Шаравжамц гуайнхыг зааж өгөөд "Чи намайг явууллаа гээд аваргынд оч! Тэгээд наадамд хамт очно биз" гэж хэлээд явуулжээ. П.Бат-Очир хүү аваргын гэрийг сурагласаар хүрч очиход Х.Шаравжамц "Чи наадамд барилдах гэж яваа юм уу? Би ч бас барилддаг ухаантай юм" гээд хонины хүзүү чанаж өгөөд “Наадхаа чи шүдээрээ мөлж” гэжээ. Тэгээд л Х.Шаравжамц аварга П.Бат-Очир хүүд бөхийн гараа дэвээнээс эхлээд барилдах арга, мэх зааж “бөх хүн барилдах бүрдээ өөр өөр хувилбар мэх хийхийг хичээх хэрэгтэй юм. Бас насныхаа байдалд тохируулах ёстой. Залуус та нар бол шийдмэг түргэн хөдөлгөөнтэй мэх хийх, мань мэтийн харьсан бөхийн хөл муу, зориг мохоо болдог учир удаан хөдөлгөөнтэй тvшигтэй мэхийг даацтай хийх нь чухал байдаг юм. Гаршиж дадсан дархан мэх бөх хүнд хэрэгтэй дээ" гэх зэргээр сургамжилдаг байжээ. Хоорондоо 22 насны зөрүүтэй энэ хоёр бөх энэ үеэс насан туршдаа ах дүү мэт явсан гэдэг. П.Бат-Очир хүүг бөх болохоор зорьж очсоны дараа нутгийн Алтан Хайрханы овоо тахилгын наадам болж, тэр наадамд Х.Шаравжамц аварга түрүүлж, П.Бат-Очир үзүүрлэжээ. Дараа нь Авзага Шивээтийн наадамд очиж барилдан бас л хоёул шалгаран үлдээд П.Бат-Очир аваргыг өвдөг шороодуулан түрүүлэхэд Их Монгол Х.Шаравжамц гуай: "Би чамайг дийлсэнгүй. Уг нь гурав хаясан бол чиний хий гарах байсан юм. За яахав сайн бөх болоорой!" гэж ерөөлийн үгээр магтсан гэдэг. Тиймээс ч П.Бат-Очир арслан ” Их Монгол гуай чинь миний багш, намайг бөхийн зэрэгт хүргэх гэж мөн ч их мэрийсэн дээ!" гэж өгүүлдэг байжээ.

Тэр үедээ Сайн ноён хан аймгийн наадамд очиж барилдсан залуу бөх П.Бат-Очир учраа бөхчүүдээ барьцтай, барьцгүй суйлж, дугтарч, дэгээдсээр нутгийн бөх Сайнхонь гэгчтэй үлдэн эгэм тахим мэхээр өвдөг шороодуулан түрүүлж байсан гэнэ. П.Бат-Очир арслан баруун зүүнгvй суйлах, дэгээдэх, хүчтэй дугтрах, ялангуяа эгэм тахим мэхэндээ гаргуун, мэхэндээ даацтай тун ч шалмаг барилддаг бөх байжээ. Тэгэээд залуу бөхчүүдэд "Ганц хоёрхон мэхээр хол явдаггүй, ядахдаа цэрвүү, хав дөрвөлжин барьцтай барилдаанд хоёроос гурван сайн мэх хийчихдэг, түүнийгээ хүнээс өрсөөд хийчих овсгоотой байх, бас сүрлэг сайхан дэвдэг байх нь чухал шүү!" гэж сургамжлан захидаг байжээ. П.Бат-Очир 1925 онд улсын наадамд барилдан Архангайн Дамбуугаар тав давж, зургаагийн даваанд Архангайн Өлзийтийн Жамъянд унасан байх юм. Гэтэл “Монгол бөхийн хөгжилт” номд 1925 онд дөрөв, 1926 онд тав давж улсын начин цол авчээ гэж бичсэн байх юм.

П.Бат-Очир начин 1927 онд зургаа давж, 1928 онд долоо давж улсын заан цол хүртсэн байна. 1929 оны наадмын долоогийн даваанд Сэлэнгэ аймгийн “Боохой” Данзантай тунаж барилдаад тvvнийг унаган заан цолоо баталжээ. 1930 оны улсын наадамд Ц.Бат-Очир заан, “Боохой” Д.Данзан хоёр зургаагийн даваанд дахин тунаж барилдахад Данзан нь дугтарч байгаад гэнэт арагш түлхэн зааныг өвдөг шороодуулсан байна. П.Бат-Очир 1930 онд тав, 1931 онд зургаа давж, 1932 онд улсын их баяр наадамд 1024 бөх барилдахад Архангайн Долгорын Содном зааныг дугтрах мэхээрээ унаган арав давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн байна.

“Молиго бүргэд” хэмээх П.Бат-Очир үнэхээр их тэнхээтэй хүн байжээ. Нэг жил нас гүйцсэн шар үхрийг худагт унасныг олсоор оосорлож байгаад худгийн хашлага, чулуутай нь хамт ховх татаад гаргачихаж байсан гэх ба мөн Довын гурван Гашууны тойрмын шаварт шигдсэн атан тэмээг татаад гаргаж байсан тухай ч яриа бий.

Түүний зээ хүү нь улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг.