Пүрэвийн Жигжидсүрэн
Пүрэвийн Жигжидсүрэн (1947 оны 5-р сарын 15-нд Завхан аймгийн Алдархаан сумын Хар чулуут гэдэг газар төрсөн) - Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер шатарчин. Монголын шатрын холбооны удирдах Зөвлөлийн гишүүн, 1985 оны Улсын аварга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг Пүрэв гэж нутаг усандаа сайн шатарчин хүн байжээ. Гэртээ шатар их тоглодог, тэр нөлөөгөөр нь анх Жигжидсүрэн шатрыг ойлгож, нүүдэл мэдэж эхэлсэн байна. Суманд ч бригадын төвд ч, аймагт ч адил шатар тоглодог хүмүүс нэгнийдээ цуглаад тоглодог байжээ.
Тэрээр 1962 онд Завханы хоёрдугаар арван жилийг төгсөөд Улаанбаатар хотод орж ирж Худалдааны техникумд оюутан болжээ.
1963 онд өсвөр үеийн УАШТ-д орж мөнгөн медаль, түүний дараа жил алтан медаль хүртсэн байна.
1968 оны УАШТ-ий дараа шатрын Олон улсын шүүгч Н.Намжил гэдэг хүнд тэр шавь оржээ. Багш нь түүнийг Улсын шигшээ багт авч, цалинжуулж, шатрын спортоор амжилт гаргах боломжийг гаргаж өгсөн байна.
1970 онд Шатрын олимпиадад шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож, спортын мастерын зэргийг болзлыг биелүүлэв.
1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Биеийн тамирын дээд сургуулийн шатрын дасгалжуулагчийн ангид явсан байна.
1975 онд Дээд сургуулиа төгсөж ирээд шигшээ багийг дасгалжуулж, 1991 оноос тэтгэвэрт суужээ.
Амжилтууд
[засварлах | кодоор засварлах]1985 оны шатрын УАШТ-д түрүүлж улсын аварга болсон, 1977, 1984 онуудад мөнгөн медаль, 1980 онд хүрэл медаль хүртсэн, МБАТ-ий 4, 8 дугаар спартакиадын аварга, “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын тэмцээнд 1986 онд түрүүлсэн, дэлхийн шатрын олимпиадад 1970, 1980, 1990 онд оролцсон нэрт шатарчин ажээ.
Тэрээр Шатрын төв клуб, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар 1975-1991 онд, 1998 оноос “Отгонтэнгэр” шатрын клубийн багшаар ажиллаж иржээ. Энэ бүх хугацаанд 100 гаруй шатарчныг сургаж дасгалжуулснаас шавь Б.Хатанбаатар нь 1999 онд Монгол Улсаас анх, Б.Мөнгөнтуул 2004 онд эмэгтэй шатарчдаас анх их мастер болж, олон улсын цолтон, спортын мастер 30-аад төржээ. Түүний удирдлага дор 1990 онд Азийн бүсийн АШТ-д Ц.Батцэцэг түрүүлж, 1995 онд Азийн АШТ-д манай баг 22 орноос 5-р байранд орсон, 2000 онд Туркэд болсон шатрын олимпиадад З.Бямбаа 5-р ширээнд хүрэл медаль, Улаанбаатарт 2000 онд болсон дэлхийн оюутны АШТ-ээс эмэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм.