Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд
Энэ өгүүллийг Радио (сэтгүүл зүй) өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Information genres of Radio journalism).
Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радио нэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн үеийн амьдрал дадлагын явцад бүрэлдэн бий болжээ.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]Радио нэвтрүүлгийн тогтолцооны эзлэх байр суурийг тодорхойлж, онцлог шинжийг илэрхийлэхийн хамт гол шинж чанаруудыг бүрдүүлэн төлөвшихөд оршино. Радио сэтгүүл зүйд өгч буй үнэлэлт, дүгнэлтийн хэмжээ, хэл найруулгын яруу хэрэглэрүүд бичлэгийн төрлийг үүсгэх бүрэлдэхүүний тоонд багтдаг. Аливаа бичлэгийн төрөл зөвхөн нэг шинжээрээ бус, тухайн бичлэгийн төрлийн дотор харилцаа холбоо, харилцан нөлөөлөлд оршиж буй хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлогдоно. Бичлэгийн төрлүүд янз бүрийн дотоод хэлбэрүүдтэй бөгөөд тэдний гол онцлог нь бичлэгийн төрөл зүйлийн үндсэн шинж тэмдгүүдийг хадгалдаг. Гэхдээ бүрэлдэхүүн хэсгийн хоорондох харьцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг.
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Радио нэвтрүүлгийн төрөл зүйлийн талаарх мэдлэг бол сэтгүүлч өмнө тавьсан зорилтыг бүрэн шийдвэрлэх, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх, агуулга хэлбэрийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй юм. Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрөлд:
- Радио мэдээ
- Радио сурвалжилга
- Радио сурвалжилсан тэмдэглэл
- Радио ярилцлага
Радио мэдээ
[засварлах | кодоор засварлах]Радио мэдээ гэдэг бол сонсогчдын олонхын болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн.
Тайлбар мэдээ
[засварлах | кодоор засварлах]Тайлбарласан мэдээ буюу Тайлбар мэдээ нь үйл явдлын гол зүйлийг мэдээлэхийн хамт түүнд үнэлэлт өгсөн мэдээллийн багавтар хэсэг бөгөөд баримтын талаарх мэдээллээс гадна зохиогчийн санаа бодлыг агуулсан байдаг.
Радио сурвалжилсан тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Радио сурвалжилсан тэмдэглэл нь болж байгаа (эсвэл болж өнгөрсөн) үйл явдлын шинж чанар, онцлог, утга учрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг хэлнэ. Радио сурвалжилсан тэмдэглэл хэлбэрийн хувьд тайлбарласан мэдээтэй нэлээд төстэй юм.
Радио сурвалжилсан тэмдэглэл хамрах хүрээ
[засварлах | кодоор засварлах]Радио сурвалжилсан тэмдэглэлийн хамрах хүрээ, хэмжээ, үнэлэлт дүгнэлтийн түвшний хувьд харьцангуй өргөн, дэлгэрэнгүй байдаг шинжээрээ радио мэдээний цар хүрээнээс эрс ялгаатай. Радио сурвалжилсан тэмдэглэлийг гол төлөв зохиогч өөрөө уншдаг нь түүний нөлөөлөх чанар, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлдэг. Сурвалжилсан тэмдэглэлийн төрөл нь радиогийн мэдээллийн албаны хувьд чухал үүрэгтэй. Учир нь баримтын талаарх мэдээлэл дуусмагц түүний ач холбогдлыг тайлбарлаж, сонсогчид баримтын мөн чанарыг ойлгох, бусад үйл явдал, баримтын дотор эзлэх байр, ач холбогдлыг тодорхойлоход тусалдаг.
Радио сурвалжилга
[засварлах | кодоор засварлах]Радио сурвалжилга бол радио сэтгүүл зүйн гол бичлэгийн төрөл юм. Болж байгаа үйл явдлыг тухайн цаг мөчид амьд яриа, дуу чимээ, хөгжмийн тусламжтайгаар хөгжил, хөдөлгөөн дундаа дүрслэн харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийг радио сурвалжилга гэж нэрлэдэг. Амьд яриа, дуу чимээ бол сурвалжлагын итгүүлэн үнэмшүүлэх, сонсогчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн чухал хэсэг байдаг. Радио сэтгүүл зүйд шууд сурвалжилга онцгой байр эзэлдэг. Түүний нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх, танин мэдүүлэх чадвар нь ямагт өндөр байдаг.
Радио сурвалжилгын онцлог
[засварлах | кодоор засварлах]Тухайн цаг мөчийн мэдрэмж, зохиогчийн үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байх, “би” баатрын идэвхтэй үүрэг, үйл явдлыг хөгжил хөдөлгөөн дунд үзүүлэх явдал юм. Радио сурвалжилга сэдвийн зорилго, шалтгаан, үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан болон үйл явдал болж байгаа газрын “дүр зургийг” үзүүлсэн оршил хэсэг, зохиогчийн тайлбар, оролцогчдын яриа, сэтгэгдлийг тусгасан үндсэн хэсэг, зохиогч болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, өгүүлсэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн төгсгөл хэсгээс бүрддэг.
Радио сурвалжилга ангилал
[засварлах | кодоор засварлах]Радио сурвалжилга үйл явдлын, үйл явдлын бус байж болно.
- Үйл явдлын сурвалжлагын зохиомж болж байгаа үйл явдлаас шалтгаална. (Цаг үеийн, шуурхай, нэг удаагийн үйл явдал)
- Үйл явдлын бус сурвалжлагын зохиомж нь сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалдаг. (Олон дахин тохиолддог асуудал бэрхшээл дагуулсан эсвэл баяр бахдал төрүүлсэн үйл явдлуудын хэлхээс)
Радио сурвалжилга бол болж байгаа үйл явдлыг шууд тусгал төдий зүйл бус, тодорхой хэмжээгээр нийтлэлийн шинжтэй учраас үйл явдлыг дүрслэн харуулахын хамт зохиогчийн үнэлэлт, дүгнэлтийг зайлшгүй агуулдаг онцлогтой.
Радио ярилцлага
[засварлах | кодоор засварлах]Радио ярилцлага бол радио сэтгүүл зүйн хамгийн түгээмэл, чухал төрөл зүйлийн нэг юм. Сонсогчдод ямар нэгэн баримт, үйл явдал, үзэгдлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч ярилцагч хоёрын хоорондох яриаг радиоярилцлага гэж нэрлэнэ. Энд сэтгүүлч мэдээлэл олж авагч, ярилцагч нь мэдээллийн эх сурвалж, мэдээлэл зөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ярилцагчийн дуу хоолой, ярианы өнгө төрх, тухайн цаг мөчийн мэдрэмж зэргийг тэр чигээр нь тусгадгаараа сонины ярилцлагаас эрс ялгаатай. Энэ нь түүний итгүүлэн үнэмшүүлэх, хүртээмжтэй, багтаамжтай байх чанарт нөлөөлдөг. Тогтмол хэвлэлд байдаг янз бүрийн нэмэлт тайлбар, уянгын халил радиоярилцлагад маш хязгаарлагдмал байдаг.
Ярилцлага сурвалжилга, сурвалжилсан тэмдэглэл, найруулал зэрэг бусад бичлэгийн зохиомжийн чухал бүрэлдэхүүний үүргийг гүйцэтгэдэг тохиолдол бий. Энэ тохиолдолд бие даасан бичлэгийн төрлийн үүргийг гүйцэтгэдэггүй, зөвхөн нэмэлт мэдээлэл өгөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үүнийг ярилцлага эшлэл гэж нэрлэдэг. Бие даасан ярилцлага өөрийн гэсэн зохиомж, утга санаа бүхий агуулга хэлбэрийн нэгдэл байдаг.
- Радио ярилцлага эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг.
- Эхлэл буюу хөтөч нь ярилцлага хийх болсон шалтгаан, зорилго, хариулт авах асуултуудын ерөнхий хүрээг тодорхойлж, ярилцагчийн талаар товч мэдээлэл өгдөг.
- Үндсэн хэсэг нь ярилцлагын гол мэдээллийг багтаасан агуулгыг бүрдүүлдэг.
- Төгсгөл хэсэг нь гол төлөв ярилцлагын явцад хийсэн дүгнэлтүүдийг дахин давтдаг, эсвэл ярилцагч бие дааж товч дүгнэлт хийдэг.
Ном сурах бичиг
[засварлах | кодоор засварлах]Д.Батжаргал, Радио сэтгүүл зүйн удиртгал, УБ 2005