Jump to content

Редакц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Редакц (Редакция. Editorial office)(Латин: redigere). Энэ нэр томъёог сэтгүүл зүй, утга зохиолын практикт үндсэн хоёр утгаар хэрэглэдэг. 1. Сонин, сэтгүүлийн дугаар, ном, радио, телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн гаргах ажлыг хариуцдаг уран бүтээлчдийн хамт олон мөн. Редакцын бүтэц, зохион байгуулалт нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн, эсвэл хэвлэлийн газрын бодлого, чиглэл, хэмжээ, ач холбогдлоос шалтгаалдаг. 2. Эртний утга зохиолд эх бичвэрийг зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх, түүний хүсэл сонирхол, зорилгод тохируулан өөрчилж, дахин хянан боловсруулах бүтээлч үйл ажиллагааг нэрлэдэг байжээ. Орчин үеийн утга зохиол, сэтгүүл зүйд бэлэн болсон бүтээлийн анхны үзэл баримтлал, үзэл санааны чиглэл, бүтэц зохиомж, хэлбэрийг зохиогч зориуд өөрчилж, дахин боловсруулах үйл ажиллагааг хэлдэг. Үүнийг гол төлөв бүтээлийн шинэ редакц гэж нэрлэдэг. Ийм өөрчлөн бичих үйл ажиллагааг зохиогч бүтээлээ бичих явцад, эсвэл хэвлэгдэж олны хүртээл болсны дараа ч хийдэг байна. Үүнийг хоёр дахь, гурав дахь редакц гэж нэрлэдэг. Тухайлбал, И.Ф.Шиллерийн “Фиескогийн хуйвалдаан”, И.В.Гётегийн “Фауст”-ын нэг нь нөгөөгөөс мэдэгдэхүйц ялгаатай гурван редакц байдаг. Зохиогчийн бүтээлийн түүврийг хэвлэн гаргах үед өөр редакци гэдгийг онцлон зааж тэмдэглэдэг журам бий.

Редакцын зөвлөл (Редколлегия. Editorial boad). ОНМХ-ийн ерөнхий эрхлэгчийн дэргэдэх мэргэжлийн болон зөвлөлдөх зөвлөлийг ингэж нэрлэдэг. Эрхлэгч, орлогч эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэлтсийн эрхлэгчид, гол утга зохиолын ажилтнууд, тоймчдоос бүрддэг. Редакцын зөвлөл тухайн хэвлэл мэдээллийн газрын зорилго, чиглэл, нийтлэлийн бодлого, төлөвлөлт, боловсон хүчний болон өдөр тутмын ажилтай холбоотой гол гол асуудлуудыг шийдвэрлэдэг. Мөн зарим хэвлэлийн газруудад мэргэжлийн зөвлөл ажилладаг. Хэвлэх томоохон бүтээлүүдийн талаар хэлэлцэж шийдвэр гаргах, олон боть цуврал зохиол, ганц сэдэвт судалгаа, толь бичиг зэргийг хэвлэхийн тулд тусгай редакторын зөвлөл байгуулдаг.