Jump to content

Риймэдийн Самжид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Риймэдийн Самжид (1938 онд хуучнаар Ховд аймгийн Жаргалант Сагсай сумын нутаг Хөх хэрц гэдэг газарт төрж, 2018 оны 9 сарын 9-нд Баян-Өлгий аймгийн Өлгийд нас барсан) нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин цолтой бүжигчин, бүжиг дэглээч юм.

Самжид бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн бөгөөд 1955 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын театр анх байгуулагдахад анхны бүжигчнээр орж урлагт бие даан хөл тавьж эхэлсэн түүхтэй. Тэр цаг хугацаанаас хойш тус театрт 55 жил хөдөлмөрлөхдөө гоцлол бүжигчин болон бүжиг дэглээчээр ажиллаж, монгол ардын бий биелгээ, цуур, хөөмий, ерөөл, тууль, магтаал, товчуур зэрэг язгуур урлагийн соёлын өвийг Монгол орныхоо бүх аймаг сумуудаас гадна ЗХУ-ын Тува, Халимаг улс болон Хятад, Өвөр монгол, Казахстан, Киргиз зэрэг Ази Европын олон улс оронд урилгаар очиж соёлын өвийг сурталчлан түгээж ирсэн байна. Мөн өөрөө бие дааж аймгийн Х.Д.Театртаа 70 гаруй бүжиг дэглэж хувь нэмрээ оруулан, 30 гаруй үндэстэн ястны 320 гаруй бүжигт бүжиглэсэн бөгөөд түүнийг Баян-Өлгий аймгийн ард түмэн “Урианхай түмний алдарт бийч”, “Язгуур урлагийн өв тээгч их уурхай” хэмээн хүндэтгэн өргөмжилж иржээ. Казак ард түмний бахархал болдог бүргэд бүжгийг өөрөө дэглэн бүжиглэж дэлхийн тавцанд гаргаж чадсаныг Казахстаны соёлын яам өндрөөр үнэлэн “Казахстан улсын соёлын тэргүүний ажилтан”-аар шагнасан. Монголын олон ястан, үндэстний урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, авьяас билиг чадвараа зориулсан хөдөлмөрийг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж , Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1997 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн”, 2010 онд “Ардын жүжигчин” цолыг тус тус хүртээсэн.

Эхнэр А.Мядагтай 1960 онд гэр бүл болж гал голомтоо бадрааж, 6 хүү 2 охин найман сайхан хүүхдийн алдар нэр хүндтэй сайн аав ээж болж үр хүүхдээ эсэн мэнд өсгөн хүмүүжүүлж, эхнэр Мядагтайгаа 58 жил амьдарчээ.