Jump to content

Сонын Доржнамжил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сонын Доржнамжил
 Монголын Хөдөлмөрийн баатар
Хувийн мэдээлэл
Төрсөн90px
1931 он
Сүхбаатар аймгийн Онгон суманд
Нас барсан2017 он
Resting place90px
Эхнэр, НөхөрЯнжмаагийн Чимидханд
Хүүхэдхүү Болор, Тод, Арвин, охин Ундраа, Дөлгөөн, Бадмаараг, Дуулал, Тэмүүлэл
Эцэг, эх
  • 90px
Алма матерТөмөр замын сургууль комбинат, Төмөр замын техникум
МэргэжилИлчит тэрэгний машинист
ШагналМонгол Улсын Хөдөлмөрийн баатар

Монгол, Оросын Хүндэт төмөр замчин

Сүхбаатарын одон

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Монгол улсын хөдөлмөрийн баатар Сонын Доржнамжил 1931 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд малчин ард Сонын тав дахь хүүхэд болон төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, бүрэн дунд сургууль төгсөөд хөдөө гарч мал маллаж, ан гөрөө хийж аж төрж  байгаад цэргийн албанд татагджээ. Тэрээр хугацаат цэргийн албаа хаагаад 1954 онд Төмөр замын сургууль комбинатад элсэн суралцаж, илчит тэрэгний машинч мэргэжилтэй болсон. 1955-1957 онд Дорнод аймгийн Баянтүмэнгийн тасгийн төмөр замд, 1957 оноос Улаанбаатар төмөр замд илчит тэрэгний машинистаар ажиллаж энэ завсар Төмөр замын техникумыг төгсчээ.

С.Доржнамжил илчит тэрэгний машинистаар ажилласан 30 гаруй жилийн хугацаанд нэг сая гаруй км зам туулж, хүнд ачаатай 300 гаруй цувааг жолоодож, нормоосоо 60 мянган тонн км ачааг илүү тээвэрлэснээс гадна  1000 гаруй удаа суудлын галт тэрэг жолооджээ. С.Доржнамжил машинистаар ажиллаж байх хугацаандаа гурван удаагийн гамшигт осол сүйрлээс олон зуун хүний амь нас, эд хөрөнгө, улсын ачаа тээврийг аварсан тул Шударга журам медаль-аар 2 удаа шагнагдаж байсан.

С.Доржнамжил төр түшилцэж Ардын Их Хурлын депутат, Улаанбаатар хотын хурлын депутатаар удаа дараа сонгогдож, МАХН-ын болон МҮЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байсан.

Монгол улсын хөдөлмөрийн баатар С.Доржнамжил 2017 онд нас барсан.

ИХ НОЁН НУРУУ БУЮУ АХ ЛАМ

Олон улсын суудлын галт тэргээр ихэвчлэн гадаад орны иргэд зорчино. Тэднийг Монголын нутгаар тохьтой, тухтай аюулгүй байдлыг бүрэн хангаж тээвэрлэх үүргийг Улаанбаатар төмөр зам хариуцна. Тийм ч учраас олон улсын суудлын галт тэргийг голдуу 1 нэгдүгээр зэргийн машинч жолоодно. Энэ хариуцлагатай албыг С.Доржнамжил гуай олон жил гүйцэтгэсний зэрэгцээ олон улсын суудлын галт тэргэнд болон олон тонн бараа материалтай ачааны гал тэргэнд тохиолдож болзошгүй осол сүйрлээс аварч, сонор сэрэмжтэй сайн ажилласан тул түүнийг “Шударга журам” медалиар 2 удаа шагнасан байна. Энэ нь С.Доржнамжил гуайг ажилдаа хариуцлагатай хандаж, үргэлж өндөр сонор сэрэмжтэй байж, аваар гологдлоос урьдчилан сэргийлж байсныг төрөөс үнэлсэн үнэлгээ юм. Төмөр замын машинчдын дунд төрийн өндөр шагналтай хүмүүс олон бий. Гэхдээ хоёр удаа “Шударга журам” медаль хүртсэн хүн бараг байхгүй л болов уу.


Жаахан Шаргын унаган хүү


Доржнамжил Сүхбаатар аймгийн Онгон сумын “Олон мод” гэдэг газарт 1931 оны хоёрдугаар сарын 20-нд малчин ард Сонын долоо дахь хүүхэд нь болон төржээ. Түүний аав Дарьгангын Соно гэж эх орон, эх нутгийнхаа төлөө тэмцэж явсан дайчин хүн байв. Соно гуай 1910 онд 19 настайдаа Шилийн Богдын ар талд Дугариг хүрээ гэдэг газарт Харчин ван Бавуудоржийн удирдлага дор Хятадын хар цэрэгтэй эх орноо хамгаалан байлдаж яваад гуяндаа буудуулан хүнд шархдаж явжээ. Түүний хэрэглэж явсан хуучин цагийн цахиур буу нь одоо хүртэл үр ач нарт нь өвлөгдөн үлджээ.

С.Доржнамжилыг дунд сургуульд сурч байхад аав нь нас барж, аргагүйн эрхэнд мал дээр гарч, өөрийн биеийг чамлахгүй ээжтэйгээ хамт ажиллаж эхэлсэн нь түүнд хар, бор ажлын дөр суулгаж, хатуужилд сургав. Бяцхан хүүд отор нүүдэл хийх, өвс бэлчээр сонгох, малаа ямар газар хариулбал тарга, тэвээрэг авах зэрэг аавынх нь зааж сургаж, хэлж ярьж байсан нь том сургууль болжээ. Эрийн цээнд хүрч цэргийн албанд татагдана гэдэг эр хүн болж, эх орноо хамгаалах үйл хэрэгт биечлэн оролцох нэр хүндтэй алба юм. С.Доржнамжил нутгийн олон залуучуудтай мөр зэрэгцэн эр цэргийн албанд мордлоо. Түүнийг ээж, ах дүүс нь, үе тэнгийн охид бүсгүйчүүл нь үдсэн гэдэг. Тэр цэрэгт очиход нь Дорнодын 5 дугаар дивизэд хуваарилсан байна. Багын ажилсаг, сэргэлэн түүнийг бага даргын сургуульд жил хэртэй суулгав. Хөдөөний малчин залуу бага даргын сургууль төгсөөд, салааны даргын туслах болно гэдэг тэр үедээ шинэхэн цэргийн хувьд нэлээд өндөр албан тушаалд очлоо гэсэн үг. С.Доржнамжил амжилттай сайн суралцаж, дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн хариуцлагатай цэрэг байсан тул түүнийг гурван рот нийлсэн эвлэлийн үүрийн даргаар дэвшүүлэн давхар ажиллуулах болов. Энэ мөчөөс түүний ажиллах идэвхи сайжирч, төлөвшиж эхэлжээ.

Тэр үед манай улсад өргөн төмөр зам тавигдаж, төмөр замын мэргэжлээр залуучуудыг курсээр сургаж эхэлж байсан үе. С.Доржнамжилын хүргэн ах, эгч хоёр нь төмөр замд ажилладаг, бас ч үгүй ямар мэргэжил амьдралд тустайг гадарладаг улс байж. Тэд цэргээс халагдаж, бие нь чийрэгжиж, ухаан сууж эхэлсэн С.Доржнамжилыг илчит тэрэгний туслах машинчийн курст суулгахаар Улаанбатаар хотод авчирсанаар түүний төмөр замчин болох зам нь нээгдсэн байна. С.Доржнамжил төмөр замаас төрсөн Сүхбаатар аймгийн анхны Хөдөлмөрийн баатар юм. Тиймээс ч нутгийнхан нь хүндлэн түүний машинчийн форм, малгай, ган алхыг нь аймгийн орон нутгийн музейд залжээ. Энэ бол яах аргагүй жаахан шаргын унаган хүүгийн бахархал мөн.


Монголын анхдагч буюу 001 дугаарын эзэн


1954 онд нээгдсэн илчит тэрэгний туслах машинчийн анхны курст тэр үеийн шилдэг тэргүүний залуучууд орж, суралцсан гэдэг. Үүнийг ч гэрчилж тэр курсээс хэд хэдэн хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин болцгоожээ. Түүний нэг нь С. Доржнамжил юм. Тэднийг төгсөж байх үед Монголын төмөр замд өөрийн гэсэн илчит тэрэг, монгол машинч ч байсангүй. Тун удалгүй анхны илчит тэрэг ирж, түүнтэй хамт Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирсэн түүхтэй. Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар нь дайны хүнд бэрхшээл, хатуужлыг амсаж туулсан хүмүүс байжээ.

Зөвлөлтийн мэргэжилтнүүд “Чи ямар ч дадлагатай, туршлагатай, өндөр зэрэгтэй машинч боллоо гэсэн нэг хором ч анхаарлаа сарниулалгүй ажилладаг юм шүү. Яг л дүрдээ орсон жүжигчин шиг байгаарай” гэж захидаг байсан нь миний насан туршийн амьдралын хөтөлбөр болсон гэж  С.Доржнамжил ярьжээ.

Туслахын болон машинчийн курсээ төгсөөд тэр үеийн төмөр замын хэрэгцээтэй газар гэж байсан Баянтүмэн, Сайншандын депод ажиллав. С.Доржнамжил Сайншандын депод оройгоор 30 гаруй хүнд машинистын мэргэжлээр хичээл зааж, төмөр замдаа боловсон хүчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулжээ. Тэр сурахын төлөө байнга биеэ дайчилдаг байсны нэг жишээ нь, Төмөр замын техникумын илчит тэрэгний техник механикийн ангид оройгоор суралцан онц дүнтэй төгссөн явдал юм. Төмөр замын хэмжээнд 1 нэгдүгээр зэргийн машинч маш ховор, бараг л гарын таван хуруунд багтдаг байсан үе бий. Тэгвэл С.Доржнамжил төмөр замын сургуулиа онц төгссөнөө батлаж, 1965 онд Улаанбаатар төмөр замын анхны 1 дүгээр зэргийн машинч болж, 001 дугаартай үнэмлэх авч байсан түүхтэй.

С. Доржнамжил эзэмшсэн илчит тэргээ дээд зэргээр арчилж, албаны засвар үйлчилгээг бүрэн хийж, эвдрэл гэмтэлгүй сайн арчилсан илчит тэргээр гологдол зөрчилгүй ажиллажээ. Түлш хэмнэж, хүнд жинтэй галт тэрэг жолоодох арга барилыг сайн эзэмшиж, эх орондоо их зүйлийг бүтээх эрмэлзэлтэй нэгэн явав. Энэ нь ч С.Доржнамжилын ажлын арга туршлага, амжилт нь болж алдар гавъяаны замд хүргэсэн юм. Тэр илчит тэрэгний дулааны дэглэм, ус, тосны халууныг тогтмол байх ёстой хэмжээнд нь байлгана.  Өртөөнөөс гарахын өмнө илчит тэргээ сайн халааж, хоорондын замд гарахдаа тэрэгнийхээ утааны өнгө, цахилгаан хэмжүүрийн манометрийн заалт зэргийг нүд салгалгүй хянаж, түлшний шаталтыг сайжруулахын тулд турбины жалюзан нээлтээр орох агаарын хэмжээг цаг агаар, улирлын байдлаар тохируулдаг байжээ.

С.Доржнамжил гуайн бусад машинчаас ялгарах нэг гол онцлог нь өөрийнхөө хариуцсан илчит тэргийг засварт байх үед нь түлшний аппарат, форсункийн засвар, тохируулгыг биечлэн шалгаж үздэг нь түлш хэмнэх. Ингэснээр хүнд жинтэй галт тэргийг аюулгүй, илүү бага зардлаар, шуурхай жолоодох эх үндэс болдог гэж тэр үздэг. Техникийн өндөр мэдлэгтэй хүн л эзэмшиж байгаа илчит тэргэндээ шинэ туршилтуудыг хийж, үр дүнг нь үздэг. Илчит тэрэгний цахилгаан машиныг тогтмол үлээлгэж цэвэрлэж байхын тулд хийн шахуургын дэргэдэх хоолой дээр крант тавиулан галт тэргээ зогссон тохиолдол бүрт крантаа ашиглан цахилгаан машинаа үлээлгэн цэвэрлэх болсныг депогийн Шинэ Бүтээл Оновчтой Санал (ШБОС)-ын комисс шинэ санаачлагаар бүртгэн авч байжээ.

Илчит тэрэгний гүүшин бол хүндийн хүчийг төмөр замд шилжүүлж, байнгын хүнд ачаалал, эргэлтэнд байдаг. Ийм болохоор үзлэг, тосолгоо, голын хүзүү тулгуурын бэхэлгээ, чигжээсний материал зэргийн ашиглалтын байдлыг биечлэн хянаж туслах машинчынхаа анхаарлыг байнга хандуулж, галт тэрэг зогсох бүрт үзүүлж, өөртөө илтгүүлдэг журманд хэвшүүлжээ. Гүүшингийн чигжээсний материал нэг үе ховордсон гэдэг. Тэр үед С.Доржнамжил шинэ санаачлага гаргаж, тосны бүдүүн шүүргийн чигжээс хийдэг утсан материалыг хөвөн даавуун уутанд хийж, тосонд нэвчүүлэн, голын хүзүүн дор тавьж ашигласан нь үр дүнгээ өгсөн гэдэг.

С.Доржнамжил галт тэрэг жолоодон явах үед илчит тэргэн дээр гарсан эвдрэл гэмтлийг оношилж олох, илрүүлсэн гэмтлийг бага хугацаанд засах мэдлэг, ур чадвар сайтай машинч гэж хамт олон нь үнэлдэг. Тэр илчит тэргэнд гэмтэл тохиолдсон үед ашиглаж болохоор техникийн аптек бэлтгээд авч явдаг нь түүнд тус болно. С.Доржнамжил гуай 1982 оны үед 21 вагонтой суудлын галт тэрэг жолоодон Эмээлт өөд өгсөж явжээ. Гэтэл олон вагон чирж явсан илчит тэрэг хүч алдаад унтрав. Энэ юунаас болж, унтрав хэмээн тэр боджээ. Тэр үед туслах машинч нь ирж их л сандарсан байдалтай “Одоо галт тэрэг зогслоо шүү дээ, та яагаад суугаад байгаа юм бэ?” гэжээ. Тэгтэл тэр шууд л зүтгүүрийн эргэлт тохируулагчийг ганцхан эргүүлж тавиад татахад зүтгүүр асч эхэлсэн  гэдэг.

Ер нь, мэдлэг сайтай хүн тэвддэггүй, харин мэдлэг муутай, өөртөө итгэлгүй хүн л сандардаг байх. С.Доржнамжил гуай төмөр замд 40 гаруй жил ажиллахдаа сүүлийн 20 жилд нь ахлах болон зааварлагч машинчаар ажиллаж өөрийнхөө мэдлэг, дадлага, туршлагаа залуучууддаа эзэмшүүлж байв. Тэр ажиллах хугацаандаа ажил, мэргэжилгүй 42 залууг илчит тэрэгний туслах машинч болгож, зааварлагч машинч байхдаа 52 хүнийг машинч болгосон байна. Түүний хүндлэл хүлээсэн хайртай шавь нарын нэг Зүтгүүрийн аж ахуйн манлай дарга, Монгол Улсын гавъяат тээвэрчин Д.Гэсэржав гуай байлаа. “Д.Гэсэржав над дээр анх ирж илчит тэрэгний мэргэжлээ бэхжүүлж, миний арга барилаар ажиллаж байсан шавь нарын минь нэг” гэж бахархан ярьдаг байв. Ер нь, илчит тэрэгний ахмад машинчдын нэг бол яах аргагүй С.Доржнамжил гуай юм. Түүний хамгийн гол  онцлог бол номхон дөлгөөн зантай, бусадтайгаа нөхөрсөг харьцаж, тусалдаг, амьдралд маш идэвхитэй ханддаг, илчит тэрэгний жолоон дээр сууж буй үедээ онцгой сонор соргог, дүрэмчээр ажилладаг хүн байлаа

. С.Доржнамжил гуай “Зүтгүүр” сонины сурвалжлагч  Батсүхтэй ярилцахдаа “Би хүнтэй харилуцахдаа загнаад байдаггүй, эхлээд хүнээ судалдаг. Судалсаны үндсэн дээр шаардлага тавьдаг учраас хүн болгон миний хэлж ярьсан зүйлийг дуртай хүлээж авдаг. Гол нь хүний эвийг олох, ямар хүн бэ гэдгийг мэдэхийн тулд гадаад байдлаас нь хараад дараа нь дотогш нь хардаг байх хэрэгтэй. Одоо манай залуу дарга нар хүнийг дарамталдаг. Чөлөөтэй байж болдоггүй. Ажлаас хална. Чамаар дутахгүй, мэргэжилтэй хүн их байна. Талоныг чинь хураана гэх мэтээр сүрдүүлнэ. Түүний оронд дутагдал гаргахгүй байх талаас нь хэлж өгөх хэрэгтэй” гэж байжээ. Эндээс үзэхэд С.Доржнамжил гуай хүнтэй харьцахдаа шинжлэх ухаанч байдлаар ажиллаж, ханддаг нь ажиглагдана.

С.Доржнамжил зааварлагч машинчаар ажиллаж байхдаа зааж зааварлахыг гол болгож байсан гэдэг. Тэр өөрийн цуваанд хуваарьтай илчит тэрэгнүүдийн ашиглалтанд байнга үзлэг хийж, хяналт тавьж, илэрсэн дутагдлыг засуулж, тэргүүний арга туршлага, дүрэм заавраар зааварчлаж, мэдлэг мэргэжлийг сорьж, мэдэхгүйг мэдүүлж өгдөг байсан гэдэг. Машинчдыг өвлийн ид хүйтэн, зуны бие нозооруулсан халуун, нойр их хүрдэг үүр шөнийн зааг орчмоор тэр хяналт шалгалт хийнэ. Харин шалгалтаар зөрчил илэрвэл, юуны түрүүнд аашлаж, загнах, анхааруулах, талон хураах, шагналт цалин хасах, шуурхай зөвлөгөөнд оруулахаар шийддэггүй. Хэн нэгний өчүүхэн алдааг нь томруулж нийтэд зарлахыг гол болгодоггүй, цаашид засаж залруулах, ухамсарлуулж, ойлгуулах талаар түлхүү анхаардаг тул С.Доржнамжил гуайг цувааных нь машинч, туслахууд өөрийн эрхгүй хүндэлнэ.

Ахмад сэтгүүлч Б.Түндэв гуай Улаанбаатар депод хамт ажиллаж байсан машинчдын ажил, амьдралыг сайн мэддэг хүний хувьд бодитой зүйлийг бичдэг. Тэр “Гавъяа хайрласан ган зам” номондоо “Манайхан С.Доржнамжилыг “Ах лам” гэж авгайлна. Ах лам үе үе санаанд оромгүй юм сэднэ. Нэг удаа шалгалтаар Чойрт очоод буцахдаа Улаанбаатар явах галт тэрэгний вагоны тавцан вагон дээр сэм гараад суусан гэдэг. Уг галт тэрэг нь Мааньт өртөөнөөс гараад нэлээд явж байгаад  замдаа гэнэт зогсчээ. Тэгтэл туслах машинч нь замын хэсгийн байшин руу гүйхээр нь С.Доржнамжил гуай вагоноосоо бууж илчит тэрэгнийхээ арын секцээр дамжин очиход нөгөө туслах машинч тарваганы чанасан мах барьсаар орж ирэх нь тэр. Зааварлагчаа хараад сандарсандаа өнөөх туслах машинч барьж явсан махныхаа хагасыг газарт унагачихаж гэнэ. Өмнө нь машинчдын хурдны тууз шалгаж байх үед гүү барьсан айл, тарвага агнадаг анчдын отгийн ойролцоо газарт галт тэрэг байнга зогсдог байсныг Ах лам олоод мэдчихжээ. Тэд галт тэрэг зогссон шалтгааныг  “Гэнэт тоормоз барих хэрэг гарсан. Урд талд мал байсан” гэж тайлбар бичдэг байсны нарийн учрыг ингэж олсон аж.

Ах лам өртөөний жижүүр, холбогч, найруулагч нартай их дотно. Тэдэнтэй ярилцаж, машинч, туслахуудын тухай их юм олж сонсоно. Гэвч бусдын үгээр нөхдөө хохироодоггүй. Харин, “Чи чинь тэгсэн гэл үү? Ингэсэн гэл үү? гээд ёжтойхон жуумалзана”  гэж С.Доржнамжил гуайн ажлын арга барил, жинхэнэ дүр төрхийн талаар өгүүлжээ. С.Доржнамжил гуайг баатруудын дотроос нэлээд бүтээлтэй гэж мэргэжил нэгтнүүд ярьдаг нь үнэний хувьтай.


Монгол “Мичурин” буюу номтой өвөө


С.Доржнамжил гуайн ажил хэрэгч зан чанар гавъяаныхаа амралтанд гарсан ч зүгээр суулгасангүй. Тэр Улаанбаатар депогийн ахмадын хорооны даргыг 1990 он хүртэл 4 жил хийж, улсын тэргүүний Ахмадын хороо болгосон туршлагатай. Хүн ер нь хөдөлж л байвал биед нь сайн, би зүгээр суух дургүй. Аль болох ном уншиж, аливаа зүйл хийхийг боддог гэж тэр ярина. Жар гарчихсан өвгөн хөдөө аж ахуйн талаар ямар ч мэдлэггүй, төмс хаана, яаж тарьдагийг ч мэдэхгүй, ичмээр байсан гэж өөрийгөө голно. 50 шахам жил илчит тэрэгний жолооны ард элдвийг санаачилсан хүн төмс яаж тарьдагийг мэдэхгүй байхыг буруутгах аргагүй. С.Доржнамжил гуай аливаа зүйлд мэрийлттэй хүн учраас найз нөхдөөсөө асууж, ном хэвлэл, агрономичдын бичсэн гарын авлага, материалуудыг уншиж судалж үзжээ. Үүний хүчинд хоёр жилийн дараа ойр зуурын идэшний ногоо тарьж, жимс ургуулах аргаа мэдэж авав. Эхлээд 70 хэдэн жимсний модтой болов. Гэтэл талыг нь хулгайд алдав. Гэвч тэр шантарсангүй. Харин ч модоо нэмж тарин, сайн услаж тордосны хүчинд чацарганы 400-гаад модтой болсон байна. Энэ бол түүний багаас сурсан ажил хэрэгч, юманд тууштай ханддагийн үр дүн.

С.Доржнамжил гуай хүмүүс чацарганы эмчилгээний үр шимийг сайн мэддэг болж дээ гэж ярина. Тэр бусдад буян хийж, 42 айлд өөрийн биеэр чацарганы мод яаж тарих аргыг зааж, суулгац үнэгүй өгсөн хүн. Түрэгний голын хүүхдүүд түүнийг “Номтой өвөө” гэж хүндэлнэ. Ер нь, хийе, суръя, бүтээе гэсэн хүн аливаа ажлын цаана гардгийг түүний амьдралын туршлага харуулж байна. С.Доржнамжил гуай тэтгэвэртээ гарсныхаа дараа монгол бичгийг үргэлжлүүлэн маш сайн сурч, зурхайн ухааныг судалжээ. Энэ тухайгаа “Зурхайн ухаан үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгааны үндсэн дээр буй болсон болохоор хүний амьдралд их ойрхон байдаг. Өөрөөр хэлбэл, хүн судлалын ухаан шүү дээ” хэмээн хуучилжээ.  Тиймээс одон орон судлалын олон ном уншиж, судалжээ.

Бүх юмыг шашинтай хутгаж болохгүй. Буддын шашин Монголд орж ирэхдээ олон сайхан шинжлэх ухааныг дагуулж ирсэн. Одон орон, анагаах, нийгмийн ухаан гээд олон зүйлийг хэлж болно хэмээн ярьдаг. С.Доржнамжил гуай цагийг үр ашиггүй өнгөрөөхгүй маш их ном уншиж сүүл рүүгээ гэгээрсэн нэгэн болжээ. Тэр тарнийг бас судалж, сүүлийн үед эртний  судар бичгийг сонирхон үзсэн бололтой. Депогийн маань залуучуудад хэрэгтэй болов уу? гээд “Зүтгүүр” сониндоо тарнийг тайлбартай нь тавьсан гэдэг. Хүн сурахад насны хязгаар байхгүй, хүний оюуны хэмжээ ямар их байдгийг С.Доржнамжил гуайн туршлага харуулах бололтой. Ийнхүү төмөр замын талаар лавлах болж, төмс ногоо, мод үржүүлэх талаар туршлага сууж “Мичурин” шахуу болсон энэ хүний гэр бүл, үр хүүхэд ямаршуухан хүмүүс байдаг бол гэх бодол эрхгүй төрнө.

С.Доржнамжил гуайн ханийг Я.Чимэдханд гэдэг байлаа. Тэд хар багаасаа ханилан суусан хоёр. Я.Чимэдханд гуай Анагаах ухааны дээд сургуульд амжилттай сайн суралцаж, онц дүнтэй төгсөхийн даваан дээр 5 дугаар курст байхад нь эсэргүүний хамсаатан гэдэг шалтгаанаар сургуулиас нь хөөжээ. Угаасаа өнчин ганцаараа, хавчилт дарамтан дор өссөн ханьдаа С.Доржнамжил гуай өмөг түшиг нь болж байлаа. Тэднийнх 8 хүүхэд, 18 ач, зээтэй. Ууган хүү Д.Болор нь холбооны инженер мэргэжилтэй. Манай улсын харилцаа холбооны тэргүүлэх “Мобиком”, “Скайтел” компаний захирлаар олон жил ажилласан нэртэй удирдагч. Удаах хүү Д.Тод нь түүхч мэргэжилтэй. Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор цолтой. Хүү Д.Арвин, охин Д.Тэмүүлэл нар нь “Скайтел” компанид ажилладаг. Охин Д.Дөлгөөн нь хувиараа аж ахуй эрхэлдэг, аавынхаа эрхэлж байсан чацарганы аж ахуйг үргэлжлүүлэн авч яваа. Том охин Д.Ундраа нь Англид амьдардаг, охин Д.Бадмаараг нь “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагад менежер хийдэг. Охин Д.Дуулал нь “Тэнгис” кино театрт менежерээр ажилладаг. Аавынхаа мэргэжлийг залгамжилсан хүүхэд байхгүй боловч ач, зээ нараас нь ирээдүйн төмөр замчин гарах нь гарцаагүй.

Миний дээр үеийн танил сэтгүүлч, нийтлэлч Г.Энхбаатар маань С.Доржнамжил гуайн хайртай хүргэчүүлийн нэг юм. Тэр хадам аавынхаа талаар сонирхолтой зүйлүүдийг ярив. “Би С.Доржнамжил баатарын хүргэн болоод 28 жил болж байна. Манай хадам аав маш их даруухан хүн. Хөдөлмөрийн баатар хүн цаанаасаа л төрдөг юм байна гэдгийг манай аав харуулсан гэж боддог.  Тэр зөвхөн илчит тэрэгний машинист байгаагүй, түүх, соёл, шашин, урлаг их мэддэг, арвин туршдлага хуримтлуулсан хүн. Амьдралынхаа сүүлчийн 26 жилд одон орон, бурхан шашны холбогдолтой олон ном уншиж судалсан. Зарим талдаа гэгээрсэн гэхэд хэтрүүлэг болохгүй.

Нэг удаа надад сонирхолтой түүх ярьж өгсөн юм. “1966 оны өвөл Зөвлөлтийн удирдагч, ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев гуай манай улсад албан ёсны айлчлал хийхээр галт тэргээр иржээ. Түүний хөлгөлсөн тусгай суудлын галт тэргийг хадам аав маань Наушкаас Улаанбаатарт иртэл жолооджээ. Ар шилэн дээр нь өндөр модон сандал дээр нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай ажилтан суучихаад түүний үйл хөдлөл бүрийг хоромч алгасалгүй хянаж явсан нь хожим бодоход дурсамжтай ч юм шиг санагддаг гэж билээ. Түүнээс хойно 1983 онд Болгарын удирдагч, БКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тодор Живков манай оронд айлчилжээ. Айлчлалынхаа хүрээнд тэрээр Ю.Цэдэнбал даргын хамт галт тэргээр Дархан хотод зочилж, социалист бүтээн байгуулалттай танилцаж явтал Болгараас яаралтай цахилгаан утас иржээ. Тэр нь Тодор Живковын охин БКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Людмила Живкова нас барсан тухай мэдээ байжээ. Тодор Живков айлчлалаа зогсоож, яаралтай нутаг буцах болсон тул Ю.Цэдэнбал дарга Улаанбаатар төмөр замын дарга нарт Улаанбаатар руу 2 цагийн дотор түүнийг хүргэх үүрэг өгчээ. Үүний дагуу манай хадам аав  Дарханаас Улаанбаатар хүртэл тусгай суудлын гал тэргийг 2 цаг жолоодож ирсэн түүхтэй” гэж тэр ярьлаа.

Энэ бол аргагүй түүх юм. Тэр  үед суудлын галт тэрэг хойт чиглэлд хамгийн ихдээ 80 км/цагийн хурдтай явж байсан байх. Тэгвэл 120 км/цагаар хурдалж, Монгол оронд хамгийн хурдтай явсан галт тэрэг болж таарав. 

Нэг удаа С.Доржнамжил гуай Гандан хавиар явж байтал айлын гэрийн гадуур бүрээсний зарим нь хар, зарим нь цагаан байсан гэнэ. Ажиглаад байсан чинь өндөр яндантай айлын гэрийн гадуур бүрээс цагаан, намхан яндантай гэрийн бүрээс хар байжээ. Үүнээс тэр санаа авч илчит тэрэгний янданг уртасгаж, утааг багасгах санаачлага гаргав. Даанч зарим хүмүүс түүний санаачлагыг зөвшөөрөөгүй ажээ. Гэтэл С.Доржнамжил гуайд аз таарч илчит тэргийг их засварт хүргэхээр Астарханий завод руу явахаар болжээ. Астарханьд очоод тэр Засварын заводын удирдлагуудад илчит тэрэгний янданг өндөрсгөх зураг, саналаа танилцуулахад Орос нөхдүүд баяртай хүлээн авчээ. Түүнээс хойш Орос улсаас илчит тэрэг авч байсан бүх орны илчит тэрэгний янданг өндөрсгөж үйлдвэрлэсэн гэдэг. Тэр санаачлага дэлхий даяар тарж, олон мянган хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлсэн буянтан бол Сонын Доржнамжил гуай юм. Санаачлага хэзээ ч багададгүй.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  • Б.Түндэв: “Гавъяа хайрласан ганзам” ном дахь “Зүтгүүр минь, Зүтгүүрчид минь” хөрөг дурсамж, ярилцлага
  • “Жавхлант шарга” сэтгүүлд нийтлэгдсэн “Аймгийн музейд замчны минь алх бий” ярилцлага