Судар
буддизм. Эртний Энэтхэгийн Паали болон Санскрит хэлний Sutra ба Sutta (Sanskrit: सूत्र, sūtra; Pāli: sutta;) нь Судар гэдэг үгээр Монгол хэлэнд орж ирж нутагшсан байдаг. Паали хэлээр Sutta гэдэг нь сонссон зүйл гэдэг утгаас гаралтай бөгөөд Буддагийн айлдсан судрыг Аананда (Ānanda) өөрийн сонссоноороо хүмүүст дамжуулахдаа: "Би ингэж сонссон билээ..." хэмээн Буддагийн хэлсэн сургаалыг эхлүүлдэг байсан тул судар (Sutta) гэдэг үг өнөөгийн утгаа олсон байна. Судар гэдэг үгийн эртний утга нь айлдсан зүйл, сонссон зүйл гэх санааг агуулдаг байж. Судар гэдэгт эртний Буддын уламжлалд Готама Будда өөрөө амаар айлдсан судруудыг хэлдэг байсан ба энэ судруудыг Типитака (паали: Tipitaka; санскрит: Tripitaka;) гэж нэрлэнэ. Типитака гэдэг нь гурван сагс гэсэн утгатай Пали/Санскрит үг юм. Эдгээр судруудыг утга агуулгаар нь Винайн буюу Сахил ёс (Vinaya Piṭaka), Судрын Аймаг (Sutta Piṭaka), Дээдийн Ном (Abhidhamma Piṭaka) гэсэн гурван хэсэгт хувааж авч үздэг. Готама Будда нирваанд одоод 90 хоног дээр тохиосон Хуврагийн Чуулганы анхдугаар цуглаан дээр хувраг Упалий (Upalī) Винайн Судрыг, хувраг Аананда нь Судрын Аймгийн судруудыг нийт хуврагуудад цээжээр уншиж, Буддагийн сургаал дээр бүгд санал нэгдсэн байдаг. Харин Дээдийн Номын судрууд үүнээс 200-300 аад жилийн дараа Типитака судруудад нэмэгдсэн байна. Эдгээр судрууд цаас үүсэхээс өмнөх МЭӨ цаг үед хамаарах бөгөөд хуврагууд нийтээр дуудах маягаар судар аман хэлбэрээр өвлөгдөн явдаг байжээ. Харин цаас үүссэн цагаас хойш (МЭӨ 100-200) судар цаасан дээр бичигдэх байдлаар хадгалагдаж ирсэн байна. Гэхдээ хожим нь МЭ 5-р зуунаас Буддын шашны олон урсгал шинээр үүсч маш олон ном зохиол шинээр зохиогдон бичигдсэн ба бүгд судар гэсэн нэр хаягтай болсон байдаг.