Сум могой
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |

Сум могой (Psammophis lineolatus) нь Казахстан, Төв Ази, Хойд Иран, Афганистан, Зүүн Кавказын цөл, заримдаг цөлөрхөг газарт өргөн тархсан байдаг. Биеийн урт нь 90 см хүрдэг. Биеийн дээд хэсгийн өнгө нь саарал эсвэл хүрэн өнгөтэй, харин хажуу талаараа арай цайвар байдаг. Биеийн хажуу талд хар өнгөний хоёр урттай судалтай, цайвар өнгийн биеийн хажууг дагасан урт судалтай байдаг. Толгой ба хүзүүний хажуу судлууд нь шар эсвэл улбар шар өнгөтэй байна. Сум могой нь элс, элсэрхэг, чулуурхаг эсвэл шаварлаг хөрстэй газарт бут сөөг, уулын хажуу энгэр ээвэр газар, давс хужир бүхий намгархаг хэсэгт таарна. Ялангуяа заг ихээр ургасан, намхан дов толгод газарт ихээр таардаг. Мэрэгч амьтдын орхигдсон нүх, хөрсний хагарал, ан цав болон том чулууны доор хөндий хэсгээр үүрлэж өвөлждөг. Сум могойн хөдөлгөөн нь хурдан шалмаг, түргэн учраас сум хэмээн нэрлэх болсон. Сум могой аливаа ямар нэгэн аюулаас зайлсхийхдээ ил задгай талбайд маш сайн зугтаж чаддаг. Сум могой нь амьдарч буй орчиндоо зохицсон өнгө, нарийн хөнгөн биетэй тул ямар ч модны мөчирт нуугдаж, хоргодож чаддаг. Мөн өдрийн халуун үед хөрсний халалт болон халуунаас зугтаж модон дээр байх нь ч бий. Сум могойн үсрэлтийн урт нь 3-7 м-т хүрдэг. Ямар нэгэн дайсан, махчин амьтдаас биеэ хамгаалах үедээ өөрийн биеийн уртыг нумран хурааж 35-40 см хэртэй болгон хураадаг бол, тайван байх үедээ биеэ шулуун болгохыг илүүд үздэг. Сум могойн хоол тэжээл нь зөвхөн гүрвэлээс бүрддэг онцлогтой. Тэрбээр ан хийхдээ ихэнх могойн адил олзоо аль болох биедээ ойртуулж байгаад ганц дайралтаар хорт шүдээрээ хазаж, олзоо биеэрээ цагариглаж ороон, улмаар хүчийг нь тасалдуулан иддэг. Сум могойн хор нь гүрвэлд хэдхэн секундын дотор үйлчилдэг. Харин жижиг зулзаган могойнууд ихэвчлэн шавжаар хооллодог. Сум могойн хор том хөхтөн амьтан, хүнд гэм хоргүй. /Жич: Бага насны хүүхэд болон жижиг хөхтөн амьтдад хортойг бүрэн сайн судлаагүй/