Сүрьеэ

Сүрьеэ (Англи: Tuberculosis) нь Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа уушгинд үрэвслийн голомт нухфац үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. 1882 оны 3-р сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ. Кохын савханцар буюу сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш их тэсвэртэй /тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног гэх мэт/, удаан хугацаанд хуваагдан үрждэг /20-24 цагт нэг удаа/ онцлогтой. Сүрьеэгийн нян нь царцамхай өөх тос ихээр агуулдаг тул физик-химийн хүчин зүйлс, хүчил, шүлтэнд тэсвэртэй байдаг. Харин буцалгахад 10 минут, чийгтэй нөхцөлд 75С хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.

Өвчин үүсэх шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушги юм. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт/ Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал идэвхгүй байсан сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэнэ.

Сүрьеэ өвчин үүсэхэд:

  • Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал
  • Хоол тэжээлийн дутагдалСтресс
  • Жирэмслэлт
  • Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.
           Сүрьеэ өвчин үүсэхэд биеийн эсэргүүцэл болон халдварлуулсан нянгийн харилцан нөлөөлөл
 Халдварлуулсан нянгийн тоо	 Өвчин үүсэх боломж	 Биеийн эсэргүүцэл
       Маш их	                  Боломж маш их	           Маш муу
        Олон	                    Болзошгүй	             Муу
        Цөөн	                   Боломж бага	            Сайн
      Маш цөөн	                  Боломж маш бага	  Маш сайн

Шинж тэмдэг[засварлах | кодоор засварлах]

Халдвартай буюу уушигны хэлбэрийн сүрьеэгийн үед илрэх үндсэн шинж тэмдэг нь:

  • 2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах
  • Цэр болон цустай цэр гарах
  • Цээжээр өвдөх

Бусад буюу биеийн ерөнхий шинж тэмдэг:

  • Бие сульдах, амархан ядардаг болох
  • Хооллох дур багасах,
  • Жин буурах, богино хугацаанд турах
  • Шөнөөр хөлрөх
  • Халуурах
  • Үе мөч өвдөх

Оношилгоо[засварлах | кодоор засварлах]

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ. Шууд арга:

  • Түрхцийн шинжилгээ
  • Өсгөвөрлөх шинжилгээ
  • Эд эсийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээ

Шууд бус арга:

  • Рентген шинжилгээ
  • Туберкулиний сорил
  • Иммунологийн арга гэх мэт орно.

Эдгээр аргаас хамгийн хямд, хурдан, хялбар арга бол түрхцийн шинжилгээ юм. Энэ нь өвчтөний сорьц /цэр, идээ, нугасны ус, плеврийн шингэн, шээс/-оос түрхэц бэлтгээд микроскопын тусламжтай сүрьеэгийн нянг илрүүлдэг шинжилгээ юм.

Эмчилгээ[засварлах | кодоор засварлах]

Сүрьеэтэй өвчтөнийг эрт оношилж зөв эмчилгээ хийвэл эдгэрэх боломж өндөр ба нас баралт бага байх боломжтой. Харин буруу эмчлэх, эмчилгээ хийхгүй байвал нас баралт өндөртэй өвчин юм.

Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: - Изониазид (H),Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) гэсэн 5 эм байдаг.

Эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх гэсэн үндсэн чанарыг янз бүрийн хэмжээгээр агуулсан байдаг тул эмийн үйлчилгээг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор хавсруулан хэрэглэнэ. Сүрьеэ өвчний эмчилгээ нь эрчимт ба үргэлжлэх шат гэсэн 2 хэсгээс тогтоно. Эрчимт эмчилгээний шатанд 4 эм уух ба 2 сар үргэлжилдэг. Энэ шатанд өвчтөний зовиур, шинж тэмдэг арилдаг. Үргэлжлэх шатанд 2 эмийг 4-6 сар хэрэглэх хэрэгтэй. Учир нь эмийн ариутгах үйлчилгээний үр дүнд сүрьеэгийн үлдсэн нянг устгаж улмаар өвчин дахихаас сэргийлнэ.

Сүрьеэ өвчнийг эмчилгээг халдвар тараах байдал болон өвчний оношийг үндэслэн 1-3 эмчилгээний бүлэгт хуваадаг. Бүлэг тус бүрт тохирсон эмийн хослол хэрэглэх эмчилгээний горимтой.

  • 1-р бүлэг: эмчилгээний горим эрчимт шат-2сар HRZE; үргэлжлэх шат-4сар HR эсвэл 6сар HE эмийн хослолоор эмчилнэ.
  • 2-р бүлэг: Эмчилгээний горим эрчимт шат-2сарHRZSE/1сарHRZE; үргэжлэх шат -5сарHRE
  • 3-р бүлэг: Эмчилгээний горим эрчимт шат-2сарHRZ; үргэжлэх шат -4сарHRE

Эмчилгээ амжилттай болохын гол үндэс бол өвчтөн эмчийн зааврыг дагаж мөрдөх явдал бөгөөд эмчилгээг үр дүнтэй явуулах сонгомол арга шууд хяналттай эмчилгээ юм. Эмчилгээг хянана гэдэг нь эмч, эмнэлгийн ажилтан өвчтөний эмийг харж уулгахыг хэлнэ. Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд сарын дотор зовиур арилдаг. Өвчтөн зовиур арилсаныг эдгэрлээ гэж ойлгоод эмээ уухгүй орхидог. Энэ нь цаашид эмчилгээ үр дүнгүй болох,улмаар эмийн дасалтай сүрьеэ үүсэх боломжийг ихэсгэнэ. Иймээс сүрьеэгийн эмчилгээний нэг өвөрмөц онцлог бол өвчтөнийг хяналттай эмчлэх юм. Ингэснээр дээрх хор уршгаас сэргийлж чадна. Эмчилгээг хяналттай хийх нь хувь хүн төдийгүй нийгэмд ихээхэн ач тустай юм. Тиймээс ч Дэлхийн банкнаас шууд хяналттай эмчилгээ нь эдийн засгийн хамгийн үр ашигтай арга гэдгийг тодорхойлоод эмнэлгийн анхан шатны нэгжийн нэн чухал үйлчилгээний хэсэг нь сүрьеэгийн үр үнтэй эмчилгээ юм гэж дүгнэсэн. Сүрьеэгийн эмчилгээ эхэлсэн бол бүрэн төгс хийж дуусгах нь маш чухал бөгөөд эмчилгээгээ дуусгах боломжгүй үед эхлэхгүй байх нь дээр юм. Учир нь төгс бус, зэрэмдэг эмчилгээ нь эмэнд дасалтай сүрьеэгийн аюулыг нэмэгдүүлдэг.

Эмэнд дасалтай сүрьеэ[засварлах | кодоор засварлах]

Сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдэнэ. Эмэнд дасалтай сүрьеэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүсдэг. Үүнд:

  • Эмнэлгийн байгууллагаас хамааралтай: Эмчилгээг хяналттай хийгээгүй, стандартын бус эмчилгээ явуулах, эмнэлэгийн халдвар хяналтын тогтолцоо хангалтгүй байх.
  • Өвчтөнөөс хамааралтай: эмчилгээний заавар журмыг чанд мөрдөхгүй эмчилгээгээ таслах, эмийг өдөр бүр уухгүй байх буюу эмийн тогтмол бус хэрэглээ орох ба өвчтөнөөс хамааралтай шалтгаан дийлэнх хувийг эзэлдэг.

Эмчилгээг бүрэн хийлгэлгүй дутуу орхих тусам эмэнд мэдрэг нянгийн тоо хэмжээ багасаж, эмэнд дасалтай нянгийн тоо хэмжээ ихсэж эмэнд дасалтай сүрьеэ үүсэх эх үндэс тавигдана. Эмчилгээгээ дутуу орхих, таслах, хяналтгүй хийх зэрэг шалтгаанаас болж эмэнд олдмол дасал үүснэ. Энэхүү олдмол эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөн эрүүл хүнийг халдварлуулж эмэнд анхдагч дасал үүсгэдэг. Иймээс эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэлгүй дутуу орхисноос эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүн бусдад халдвар тарааж байдаг нь хамгийн аюултай гамшиг юм. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүн эмчилгээгээ хичнээн сайн хийлгэсэн ч өвчин үүсгэсэн нян нь эмэнд дасалтай тул эдгэрэх боломж нь багасдаг.

Эмэнд дасалтай сүрьеэ юунд хүргэх вэ?

  • Нас баралт - Эмийн дасал ихэвчлэн үхэлд хүргэнэ.
  • Халдвар - Өвчний явц удааширч, хүмүүст эмийн дасалтай нян халдааж өвчлүүлнэ.
  • Өртөг - эмчилгээний хугацаа урт ба өндөр үнэтэй 2-р эгнээний эмээр эмчилгээ хийгдэх тул гарах зардал их байдаг.

Эмэнд дасалтай сүрьеэг эмчлэхэд 2-р эгнээний эмүүд хэрэгтэй бөгөөд эмчилгээний хугацаа 18-24 сар хэрэглэж байгаа эм нь гаж нөлөө ихтэй.

Эмийн дасалтай сүрьеэг үүсгэхгүй байх түүнээс сэргийлэх хамгийн хямд арга зам бол шинээр өвчилсөн сүрьеэтэй өвчтөнг шууд хяналттай эмчилгээ/ДОТС/ билээ. ДОТС-ыг хэрэглэснээр сүрьеэгээр өвчилсөн хүнийг бүрэн эдгэрүүлж, өвчин архагшихыг зогсоож, эрүүл хүмүүст эмэнд дасалтай сүрьеэ халдварлах замыг тасалж чадна.