Таван элс

Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг.

Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ. Үүний ул мөр нь одоо маш элбэг байгаа шатсан чулуунаас гадна ганц бургас, таванбургас зэрэг эргэн тойрны үлдэгдэл бургас туурийн өмнө талд одоо бий.

Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг.

Мөн халсан элснээс дулаан цацралт гарч биед шингэдэг. Дулаан цацаргалт бүхий цахилгаан соронзон долгион нь нил улаан туяаны мужид оршдог.

Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг.