Jump to content

Талын айл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Талын айл -Ардын зураач, төрийн шагналт, Хөдөлмөрийн баа­тар Ням-Осорын Цүлтэмийн 1955 онд 80х120 см хэмжээтэй, тос, зотон бүтээсэн уран зураг.

Энэ бүтээлийг олонх хүмүүс Монголын тал нутгийн байгаль, нүүдэлчин монголчуудын аж байдал, монголчуудын гүн ухааны илэрхийлэл болсон бүтээл юм. Хязгаар хярхаггүй уудам орон зай, хязгааргүйн доторх дүрсүүд, алслал, өнгө, бичилт энэ бүгд нь Монголын тал нутгийн амьдралын хэв маяг, тааварлахад бэрх, нууц далд ухааныг хүүрнэнэ.

Зохиомжоороо хязгааргүйн дундах амьдралыг өгүүлэх мэт хэдий ч эсрэгээрээ, хүний амьдрал дотор оршин буй орон, цагийн хязгааргүй давтамж, монгол гэрийн дотор оршин байдаг орчлонт ертөнцийн дүр эндээс харагддаг. Монгол гэр, хоёр бөхтэй тэмээ, алс руу зурайх зам зэрэг монгол ахуйг бүрдүүлэгч байгалийн зүйлс, туйлын энгийн деталиуд нь, тэнгэр, үүлсийн дүрслэл дэх онцгой бичилтээрээ далд нууцлаг учир шалтгаант нүүдэлчин иргэншлийн төрхийг бүтээжээ. Зургийн хавтгай дээрх дүрслэл нь үзэгчид нөлөөлөх агаар амьсгалаараа оршин байхуйн нэгэн агшны амсхийлт, юуг ч юм хүлээх зуун жилийн хүлээлт шиг, мянган эриний зогсолт ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Тайлагдашгүй оньсого мэт бүтээл юм. Гэхдээ уран зургийг унших тухайн уншигч бүр үл тайлагдах ийм оньсоготой нүүр тулдаг боловч өөр өөрийнхөөрөө тайлах эрх чөлөөг эдэлдэг нь сод туурвилуудын бас нэгэн мөн төрх, чанар чансаа нь байдаг.  

Үндэстнүүдийн бүтээсэн соёл иргэншил нь өөр өөрийн унаган төрхөөрөө ялгарч, бие биенээсээ ондоошин онцгойрохдоо ертөнцийг үзэх үзэлдээ суурилсан байх нь мэдээж. Манай үндэстний бүтээсэн “нүүдэлчдийн өвөрмөц” гэх тодот­голтой соёлын үндэс суурь нь зүгээр л цаг уур, газар усны таатайг дагаад нүүгээд байсан малчны ухамсар төдий биш болох нь ялангуяа урлагийн бүтээлүүдээс улам бүр харагдах юм. Ертөнцийн тухай төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээл “Талын айл” уран зургийн хосгүй үнэ цэн юундаа вэ. Байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох, нэгдэн зохилдох зарчмаар явдаг монгол хүний философи. Энэ философийн уран сайхны илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл юм.   

“Талын айл” нэртэй энэ сод бүтээл нь 77х159см хэмжээтэй, тосон будгийн зураг юм. Бүтээлийнхээ санааг Н.Цүлтэм гуай хөдөө явж байхдаа олсон гэдэг.


2013 оны 6-р сард Монгол Улсын Засгийн газар 1921 оноос хойш тоологдох  орчин үеийн уран зургийн сан хөмрөгөөс таван бүтээлийг “хосгүй үнэт бүтээл” хэмээн үзэж уг ангилалд албан ёсоор бүртгэсэн.  Уг таван бүтээлийн нэг нь энэхүү “Талын айл”, нөгөө дөрөв нь  Марзан хочит Балдуугийн Шаравын 1922 онд зурсан “В.И.Лениний хөрөг”, ардын зураач Гэлэгийн Одонгийн 1958 онд зурсан “Ажлын дараа”, төрийн шагналт, ардын зураач Очирын Цэвэгжавын 1958 онд зурсан “Азарганы ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн 1958 онд зурсан “Өвгөн хуурч” хэмээх бүтээлүүд орсон байна.