Jump to content

Тамсагбулаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тамсагбулаг- Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Чойбалсан хотын төвөөс зүүн урагш 258 км, Сангийн далай, Вангийн цагаан уулнаас зүүн тийш 45 км газарт орших хүйтэн тунгалаг булаг юм. Тамсагбулаг гэдэг нь То вангийн хошууны төвийн сууриас урагш 10 орчим км зайд, Түгээмэлийн булгаас зүүн тийш 5 км орчим газарт хойшоо харсан эргэцгээс ундран гарах булгийг хэлдэг.

Тамсагбулагийн хоолойд 2 метр шахам өндөр хулс ургадаг бөгөөд булгийн ус энд шингэдэг. Тогтохтөр Вангийн үед энэ газарт олон арван сүм хийд, орд, харш, сургууль соёлын газрууд байсны дотор Түмэн-Өлзийт овооны орчим 1794 онд байгуулагдсан 1000 орчим лам хуваргатай Тамсагийн хийд,  То вангийн байгуулсан Нан хай Будда, Чойнхордэгчинлэн буюу хамгийг хамгаалагч Утай таван уул, Соёлыг бадруулагч зэрэг томоохон сүм хийдүүд байсныг 1915 онд харчин цэргүүд Тамсагбулагийг түйвээхдээ эвдэж сүйтгэжээ.

То ван хошуундаа 11 жижиг дацанг нийлүүлж 300 гаруй лам нарыг Түмэн-Өлзийт овооны дуганд цуглуулж Соёлыг бадруулагч сүмд төвлөрүүлж байсан байна. Соёлыг бадруулагч сүм нь 3 хэсгээс бүрдэх үзэсгэлэнтэй сайхан сүм байжээ. 1922 онд Тамсагбулагт Ардын засгийн зүүн хязгаарын сайдын яам байснаас гадна Монголын Дорнод хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийн 15-р морьт суман байсан нь өргөжиж 1932 онд 6-р морьт дивиз болон зохион байгуулагдаж байжээ. 1935 оны 1-р сарын 24-нд Японы хэсэг цэрэг Халхын сүмийн харуулаар Монгол улсын хилийг нэвтрэн хилийн будлиан үүсгэн улмаар зэвсэгт мөргөлдөөн өдөөхөд эрэлхэгээр амиа өргөсөн штабын дарга Д.Дондов, харуулын дарга Г.Янжин нарыг Тамсагийн хамгийн хүндтэй өндөрлөг болох Түмэн-Өлзийт овооны наран ээвэр энгэрт нутаглуулж тэдний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын сүмийн харуулыг “Д.Дондовын нэрэмжит харуул” хэмээн нэрлэх болсон түүхтэй. Тамсагбулаг нь Халхголын байлдааны бэлтгэл гол түшиц газар болж байсан учраас дайны ул мөрийг хадгалсан нуувч, сувгуудын үлдэгдэл энд тэндгүй мэдэгддэг байна.


Тамсагбулаг нь харьцангуй өндөр өргөгдсөн (10-12 м) тэгш гадаргуугийн эргийн бэлээс эх авч урсана. Уг тэгш өндөрлөгийн эргээр том хэмжээний хагарлууд байгаа бөгөөд академич Д.Дорж “Ганга гууны ханаар ялзмаг хар хөрст соёлт давхарга ил харагдах нь эртний сууцны хана туурганы ул мөр буйг гэрчилж байсан...” хэмээн тэмдэглэсэн байна.