Тегераны бага хурал
Холбоотон гурван гүрний удирдагчдын Тегераны уулзалт буюу Тегераны Бага хурал- (англи. Tehran Conference) Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Холбоотны эвсэлийг бүрдүүлэгч нараас голлох гурван улсын тэргүүн ЗХУ-ын И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1943 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 1-нд Ираны нийслэлТегеран хотод хийсэн уулзалтыг хэлдэг. Тегераны Бага хурлаар Германы эсрэг Холбоотнуудын харилцан ажиллах үндсэн зарчмуудыг хэлэлцэн тохиролцсон байна.
Бага хурлын бэлтгэл
[засварлах | кодоор засварлах]Бага хурлыг Тегеранаас өөр Каир (Черчиллийн санал болгосоноор), Стамбул болон Багдад хотуудад хийх төлөвлөгөө байсан. Бага хурлыг «Эврика» (Eureka) гэж нууц нэрээр нэрлэж байжээ. 11-р сарын сүүлчээр И.В.Сталин Москва хотоос № 501 дүгээр галт тэргээр Москва-Сталинград-Баку чиглэлд маш нууцаар гарсан байна. Баку хотоос Тегеран руу төлөөлөгчид 27 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан хоёр нисэх онгоцоор гарсан байна. Рузвельт алжирын Оран боомтод линкор /цэргийн усан онгоц/ «Айова»-оор ирээд Черчилльтэй Каирт уулзаж 11-р сарын 28-нд Тегеранд ирсэн байна. Бага хурал 1943 оны 11-р сарын 28-ны өдрийн 16:00 цагт эхлэж 12-р сарын 1-нд өндөрлөсөн юм. Энэ Бага хурлаар И.Сталин, Ф.Рузвельт нар анх удаа нүүр тулан уулзсан юм.
Оролцогсод
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын талаас: ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн дарга И.Сталин, ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.Молотов, ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд, маршал К.Ворошилов.
АНУ-ын талаас: Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Ерөнхийлөгчийн зөвлөх Харри Хопкинс (англи. Harry Lloyd Hopkins, 1890-1946), ЗХУ дахь Элчин сайд Уильям Харриман (англи. William Averell Harriman; 1891-1986).
Их Британий талаас: Ерөнхий сайд У.Черчилль, Гадаад хэргийн сайд Энтони Иден (англи.Robert Anthony Eden, 1897-1977), Ерөнхий сайдын цэргийн ахлах зөвлөх Хастингс Исмэй (англ. Hastings Lionel Ismay, 1887-1965).
Бага хурлаар хэлэлцсэн асуудлууд
[засварлах | кодоор засварлах]- Холбоотнууд Францад хоёр дахь фронт нээх боломж (мөн Их Британийн санал болгосон "Балканы стратеги" -ийг хүлээж аваагүй) хэлэлцсэн. Англи-Америкийн тал "Оверлорд" /Overlord/ ажиллагаа эхлэх өдрийг 1944 оны тавдугаар сар гэж урьдчилсан байдлаар тогтоосон. Сүүлд энэ хугацааг 1944 оны 6-р сарын 6-ны өдөр болгон хойшлуулсан.
- Иранд тусгаар тогтнол олгох асуудлыг ("Ираны тухай тунхаг") хэлэлцэв.
- Польшийн асуудлыг шийдэх эхлэл тавигдсан.
- Нацист Германыг ялсны дараа ЗСБНХУ, Японтой дайн эхлүүлэхийг тохирсон.
- Дайны дараах дэлхийн бүтцийн ерөнхий дүр зургийг анх тодорхойлсон.
- Олон улсын аюулгүй байдал, тогтвортой энх тайвныг хангах асуудлаар үзэл бодлын нэгдмэл байдалд хүрсэн (НҮБ-ыг үүсгэн байгуулах) .