Тэтгэвэр

Тэтгэвэр (латин. pensio —төлбөр) -хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Улсын хэмжээнд анх удаа Ромын эзэнт гүрэнд Гай Юлий Цезарь цэргийн тэтгэврийг нэвтрүүлсэн.

7-р зуунд тэтгэврийг Халиф Умар өөрийн Халифатын үед лалын шашны таван баганын нэг болох Закят (араб. زكاة‎‎) буяны хэлбэр болгон нэвтрүүлсэн байна. Засгийн газрын төсөвт цуглуулсан татварыг ядуус, өндөр настан, өнчин, бэлэвсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орлоготой болгоход зарцуулдаг байжээ.

Францад 1673 онд тэнгисийн цэргийн офицеруудад тэтгэвэр тогтоож эхэлсэн. Францын хувьсгалын үеэр буюу 1790 онд гучин жил ажилласан, 50 нас хүрсэн төрийн албан хаагчдад тэтгэвэр олгох тухай хууль гарсан. 1825 онд Прусс улсад албан тушаалтнуудад зориулсан анхны тэтгэврийн санг байгуулжээ. Нийтийн болон бүх нийтийн тэтгэврийн хангамж анх Германд 1889 онд, Дани улсад 1891 онд, Их Британид 1908 онд, Францад 1910 онд бий болжээ. Энэ нь тэтгэврийн хэмжээг даатгалын шимтгэлийн хэмжээ, даатгуулагчдын цалин, хөлсний ажилтны өндөр нас, хөгжлийн бэрхшээл, тэжээгчээ алдахаас хамгаалах албан журмын тэтгэврийн даатгалтай уялдуулах гэсэн утгатай байсан.

Италид 1919 онд, Канадад 1927 онд, АНУ-д 1935 онд, Австралид 1908 онд, Дани 1891 онд, Шинэ Зеландад 1898 онд, Голланд, Шведэд 1913 онд тэтгэвэр тогтоож эхлэсэн байна.

Японд тэтгэврийг 1942 онд олгож эхлэхээр болсон боловч бодитоор дайны дараа 1954 онд олгож эхэлсэн бол Өмнөд Солонгост 1988 онд тэтгэвэр олгож эхэлжээ. Одоогийн байдлаар Японы эрх баригчид ДНБ-ий 2% -ийг улсын тэтгэврийн татаас олгоход зориулдаг байна.

Хятад улс бүх нийтийн тэтгэврийн даатгалд хамрагдаагүй хэвээр байна: Одоогийн байдлаар Хятадын хүн амын 66 хувь нь тэтгэвэр авдаг - "CEIC-ийн мэдээлснээр 60-аас дээш насны 230.8 сая хүнээс ердөө 152.7 сая хүн төрөөс төлбөр авдаг" ажээ. Малайзад 1951 онд Ажилчдын тусламжийн сан бий болсон бөгөөд энэ нь бараг бүх хөдөлмөр эрхэлдэг хүн амыг хамарч байв. Энэтхэг, Индонези, Балба болон Африкийн Гамби, Замби зэрэг зарим оронд ийм хадгаламжийн сангууд байдаг.

Тэтгэвэрийг автоматаар нэмэгдүүлэх системийг анх 1922 онд Дани, дараа нь 1946 онд Исланд, Люксембург, 1948 онд Франц, 1950-иад оноос Бельги, Чили, Финланд, Израиль, Нидерланд, Швед улсад нэвтрүүлж байжээ.

Украинд дундаж тэтгэвэр дундаж цалингийн 33%, Их Британид - 90%, Польшид - 58%, Беларусь улсад - 42%, ОХУ-д - 38% байна.

2016 оны байдлаар Европын Холбооны гишүүн орнуудад тэтгэвэрт гарах дундаж нас — 65 байсан.

ЗХУ болон дараа нь ОХУ-д тэтгэвэрийн нас 1932 оноос 2018 хүртэл эрэгтэй хүн-60, эмэгтэй хүн-55 байсан. 2018 оноос энэ насны үзүүлэлтийг эрэгтэй-65, эмэгтэй-60 болгож нэмээд байгаа юм.

Монгол Улсад өнөөгийн байдлаар тэтгэвэрт гарах нас, эрэгтэй-60, эмэгтэй-55 нас байна.