Төв халхын Дуулалт жүжгийн театр
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Төв халхын Дуулалт жүжгийн театр- Дундговь аймгийн соёл урлагийн байгууллага. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, зууны манлай алдарт уртын дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит театр юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1942 онд арван ханатай том “Улаан гэр”-ийг барьж соёл урлагийнхаа үйлчилгээг эхлүүлж өнөөгийн театрын суурийг тавьж байжээ. Улаан гэр нь 1950 онд Клуб, 1958 онд Соёлын ордон, 1989 онд Хөгжимт драмын театр, 1998 онд Театр киноны хүрээлэн, 2006 онд Төв Халхын Дуулалт жүжгийн театр болж өргөжөн хөгжиж ирсэн түүхтэй. Мөн 2008 онд тус театр Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Б.Норовбанзадын нэрэмжит болсон байна.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]Тус театр нь жилдээ шинээр 2-3 шинэ уран бүтээл, 1-2 жүжиг, 5-6 уран бүтээлийг шинэчлэн найруулан тавьж жилд дунджаар 40-50 мянга гаруй үзэгчдэд соёл урлагийн үйлчилгээгээ хүргэдэг.
Мөн Олон улс, улс бүсийн наадам, фестивалиудад оролцож “Дуу хуурын өлгий нутаг” Дундговь аймгийнхаа өвөрмөц онцлогийг харуулсан уран бүтээл туурвиж, урлаг соёлоо сурталчилах ажлыг зохион байгуулсаар байна.
1990 оны эхэн үед 130 гаруй ажилтантай байсан театр маань чөлөөт зах зээлийн шуурганд өртөж, бүр 13-хан хүнтэй үлдэж байсан түүхтэй. Аймаг, орон нутаг тог цахилгаангүй, хот руу ихэнх хүмүүс маань нүүгээд, ганзагын наймаа хүчээ аваад, хүн бүрийн сэтгэхүйд, үндсэндээ нийгэмд хямрал нүүрлэсэн хүнд үеийг даван туулжээ.
1992 онд Д.Намдагийн “Амь ба амьдралын үнэ” жүжгээр Монголын урлагийн ажилтны холбооны шагнал, 1993 онд Ц.Буян-Оршихын хөгжим “Эрлэг хэмээх амар амгалангийн орон” Монголын анхны поп рок дуулалт жүжгээрээ Монголын Радио телевизийн шагнал, 1994 онд “Хөх монгол” дуу хөгжмийн улсын наадамд “Бөртэ чоно-Гоо марал” цомнолоороо тусгай шагнал, 1998 онд Найрамдал зуслангийн 20 жилийн ойн Олон улсын хүүхдийн урлагийн наадмын Гран при шагналыг авч байсан.
2000, 2004, 2008 оны Говийн болон зүүн бүсийн “Шилдэг жүжиг шалгаруулах” уралдаанд, Н.В.Гоголийн “Гэрлэх гэсэн нь”, Б.Лхагвасүрэнгийн “Гэгээн тамлан”, А.П.Чеховын “Бэр гуйсан нь”, Ж.Б.Мольерийн “Бэрд” жүжгүүдэд найруулагч, туслах найруулагч, жүжигчнээр ажиллаж, гурван удаагийн шалгаруулалтын тэргүүн байрыг эзэлж, улмаар Улаанбаатар хотноо “Гэгээн муза” улсын уралдаанд оролцон хамт олноороо Гран при шагнал хүртэж байжээ.
2017 онд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр БНСУ-ын Чунбуг ардын урлагийн нийгэмлэгийн урилгаар очиж уран бүтээлээ толилуулжээ.
2019 онд ОХУ-ын Эрхүү хотод болсон Ванпиловын нэрэмжит Олон улсын сонгодог жүжгийн наадамд тус театрынхан маш амжилттай оролцсон.
Дөрвөн жилд нэг удаа мэргэжлийн театр чуулгуудын дунд болдог зүүн бүсийн "Шилдэг бүтээл-2018" уралдаанд манайх Александр Вампиловын зохиол, Э.Оюуны орчуулга "Ууган хүү" эмгэнэлт инээдмийн жүжгээр оролцож, Эрхүү хотод олон улсын наадамд оролцох эрх авсан.
Сүүлийн жилүүдэд тус театрын уран бүтээлчид БНХАУ, ОХУ, Солонгос, Япон, Герман, Франц, Вьетнам, зэрэг оронд тоглолтоо хийж гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингэснээр уран бүтээлчид нэлээд хөгждөг. Уран бүтээлчид гэдэг бусадтай харьцаж, дадлага практикаар авьяас, чадвар нь илүү хөгжиж байдаг.
Энэхүү театрт хөгжмийн, найрал дууны, бүхэл бүтэн хөгжмийн оркестр, бүжиг, драм гэсэн ангиуд дутмаг байгаа. Цаашдаа стандартынхаа дагуу явна гэвэл орон тоогоо нэмж, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, хүчин чадлаа нэмэгдүүлэх гээд хөрөнгө мөнгө ихээхэн шаардагдаж байна. Театр 61 хүний орон тоотой байна.
Энэхүү Дундговийн алтан тайзнаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Н.Норовбанзад, Монгол улсыг соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Даринчулуун, Э.Цээдорж, Ч.Сүхээ, Д.Дүнжмаа, Н.Дагийранз, С.Дашням нарын олон арван алдартан төрөн гарсан билээ.
Төв Халхын Дуулалт жүжгийн театрын дарга, Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрийн Доржсүрэн.