Jump to content

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн Өмчийн Хороог байгуулж, Засгийн газрын 1996 оны 184 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хорооны зохион байгуулалтын бүтэц дүрмийг баталж үйл ажиллагаа явуулж байгаад Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдаж, эрхэлж байсан чиг үүрэг нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжсэн. Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулсан.

Байгууллагын эрхэм зорилго

[засварлах | кодоор засварлах]

Төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг.

  1. Төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн санхүү, хөрөнгө оруулалт, зорилтот түвшинд шинжилгээ хийх, хянан батлах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  2. Төрийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдалд бүртгэлээр хяналт тавьж, төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;
  3. Төрийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалалт, захиран зарцуулалтад тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлж, төрийн өмчийн үр ашиг, төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
  4. Захиргаа, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, бүтцийн нэгж хоорондын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг шийдвэрлэх, чадавхыг дээшлүүлэх, хэвлэл, олон нийттэй харилцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  5. Агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд гарах захиргааны шийдвэрийг хянах, шинжлэн судлах, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулалтын нэгж болон хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах, агентлагийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах

Байгууллагын бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 144 дүгээр тогтоол болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дүгээр захирамжаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/72 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтцийг 5 хэлтэс, 3 алба, 55 орон тоотойгоор баталжээ.

  1. Захиргаа, удирдлагын хэлтэс (Мэдээллийн технологийн алба)
  2. Хууль, эрхзүйн хэлтэс
  3. Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтэс (Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын алба)(Удирдлага, төлөөллийн алба)
  4. Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэс
  5. Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтэс