Улаанбаатарын үдэш (дуу)
"Улаанбаатарын үдэш" дуу- 1985 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж аяыг, үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Пүрэвжавын Сандуйжав зохиосон байна. Анх энэ дууг Б.Бадар-Ууган дуулж, удалгүй "Инээмсэглэл" хамтлагийн хамтлаг дуулсан байна.
Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр байдаг гэхдээ ихэвчлэн үгийг нь харж байж аяыг зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг нь эхлээд Г.Пүрэвдорж бичиж дараа нь П.Сандуйжав үгийн тааруулж бичсэн түүхтэй ажээ.
Хятадад болсон том шоун дээр хятад хүн энэ дууг зохиосон байдлаар дуулсан тул Монголын Оюуны өмчийн газар уран бүтээлчдийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа ажээ. (БНХАУ-д “Улаанбаатарын үдэш” дуугаар нэрд гараад буй БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын ээж хүү хоёр дуулсан байна). Өвөр Монголын “Хангай” хамтлаг үндэсний хөгжимтэй хослуулан монгол хэлээр дуулсан нь Хятадын болон Азийн сонсогчдод хүрэхэд ихээхэн нөлөөлжээ. Мөн Ордос хотын дуучин Аянга дуулдаг бөгөөд тэрбээр зургаан жилийн өмнө CCTV-гийн “Rising star China” уралдаант нэвтрүүлэгт оролцохдоо энэ дууг дуулж дэд байр эзэлсэн юм. Мөн 2015 онд “Би дуучин” телевизийн нэвтрүүлэгт оролцсон Хятадын алдартай дуучин, жүжигчин бүсгүй Тан ВэйВэй “Улаанбаатарын үдэш”-ийг хятад хэл дээр дуулжээ. Түүний дуулж буй бичлэгийг “Youtube” сувагт 51 мянган хүн үзсэн байна. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Энэ дууг анх сонсоход л хуучны дурсамжууд санаанд орж ирж, өөд болсон аавтайгаа байсан үе минь санагдсан” гэжээ. Мөн дууны хөгжмийг Хятадын “MUSA x Loh Junhong” хамтлаг хийл, ятга, даралтат хөгжим, аман хуур дээр тоглон дүрсжүүлсэн байна.
"Улаанбаатарын үдэш" дууны үг
[засварлах | кодоор засварлах]1-р бүлэг
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Дахилт:
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
2-р бүлэг
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад
Дахилт:
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
3-р бүлэг
Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурсана
Дахилт:
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан