Jump to content

Улаан асрын зүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаан асрын зүүд  
ЗохиолчЦао Шюэчинь
Анхны нэр紅樓夢
УлсХятад
ХэлХятад хэл
УрсгалГэр бүлийн тууж
Хэвлэсэн огноо
  • 18-р зууны дунд үеийн (гар бичмэл)
  • 1791 (анхны хэвлэмэл хувилбар)

Улаан асрын зүүд (хятад хэл: 红楼梦, уламж.: 紅樓夢, пиньинь: hónglóumèng) бол 18-р зууны дунд үед бичигдсэн Хятадын Алдарт Дөрвөн Зохиолын нэг юм.

Их зохиолч Цао Сюэ Чин (Цао Шюэчинь) 18-р зуунд Чин улсын Цянь лун ди буюу Тэнгэр тэтгэгч хааны цэцэглэл хөгжлийн үед феодлын нийгмийн мөхлийн үе удахгүй хүрч ирэх гэж байгааг гярхайгаар сэрж мэдэн, түүний төлөө гансран гуньсан санааг илтгэн уг романаа бичжээ.

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Цао Сюэ Чин энэхүү гайхамшигт зохиол бичиж чадсан явдал нь түүний төрөлх авьяас чадвар болон мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна, нэн чухал нь туйлын баян чинээлэг байснаасаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Сюэ Чиний өвөө нь Манж Чин улсын Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хүн байсан бөгөөд Цао Сюэ Чин бас бага насны үедээ тун баян чинээлэг гэр бүлд өссөн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын гэрт маш их хуралт гарч, засаг төрөөс ноён зэргийг нь хасч гэрийн эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн байлаа. Залуу насныхаа үед, Цао Сюэ Чин хүний амьдралын жаргал зовлон бүхнийг эдэлж өнгөрүүлсэн байв. Өтөл насныхаа үедээ, Цао Сюэ Чин Бээжин хотын баруун дүүрэгт амьдарч, туйлын хатуу бэрх орчин нөхцөлд “Улаан асрын зүүд” хэмээх зохиолынхоо 80 бүлгийг бичиж, бүх номоо туурвиж дуусахаасаа өмнө нь хүнд өвчилснээс хойш дахиж үзэг барьж чадсангүй нас барсан байжээ. “Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэдэг юм. Цао Сюэ Чин уг зохиолоо бичиж дуусгахаас өмнө түүний амь сэрүүн байсан үед “Улаан асрын зүүд”-ий гар бичмэл нь олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Түүнийг нас барсны дараа, Гао Э гэдэг нэртэй бичгийн хүн Цао Сюэ Чиний уг санааг төсөөлөн бодож, 40 бүлэг болгон үргэлжлүүлэн бичээд “Улаан асрын зүүд”-ийг туурвиж дуусгасан байна.

“Улаан асрын зүүд” бол нэвтэрхий толийн шинжтэй уран зохиол юм. Уг зохиолд илэрсэн хүмүүст хаадын удам угсаа, язгууртан ноёдоос авхуулаад боол шивэгчин, худалдаачин, тариачдыг хүртлэх тухайн үеийн Хятадын нийгмийн олон шат давхаргыг бараг бүхнийг хамарсан байдаг ба дүрслэн бичсэн хүрээнд нь дээд давхаргын ёс журам, бэлэг талархлын харилцаанаас эгэл жирийн ард иргэдийн ажил байдал, жимс цэцэг мод тарих, мэрэг төлөг үзэх, туурийн урлагийн тоглолт гаргах зэрэг олон талыг багтааж, Манж Чин улсын үеийн нийгмийн амьдралыг бүх талаас нь харуулсан юм.

Цао Сюэ Чин “Улаан асрын зүүд”-дээ нийгмийн бүх талыг дэлгэн үзүүлэхдээ анхаарлаа хаадын удам угсаанаас эхлүүлэн улмаар Зя, Ши, Ван, Ци дөрвөн гэрт төвлөрүүлж, энэ дөрвөн гэрээс цаашид Зя овогтын гэрт төвлөрүүлж, Да гуань юань цэцэрлэгт хүрээлэнгээр олон хүний ажиллагааны төв болгосон байна. Цао Сюэ Чин эдгээр олон бүсгүйчүүд ялангуяа охидуудаар гол цогц болгосон нийгмийн жижиг хүрээ болон түүний гадаад ертөнцтэй харилцах харилцааны байдлаар нийгэм ахуйн дүр төрхийг харуулж, бэлгэдлийн ач холбогдолтой Цзя овогтны ордны сөнөж мөхсөн явцыг илтгэсэн байна.

“Улаан асрын зүүд”-д хүний дүрүүдийг маш амжилттай бүтээсэн юм. “Улаан асрын зүүд”-д 700 гаруй хүн гарсан байдаг ба түүний дотор нийтлэг дүр нь 100 гаруй байдаг билээ. Цао Сюэ Чин бас бүсгүйчүүд ялангуяа охидуудын гүн нарийн, хурц сэргэг, хувиралт олонтой сэтгэл зүйн байдал болон сэтгэлийн хөдлөл байдлыг маш оновчтой гүнзгий ухаж чаддаг байжээ. Тэдний амьдралд хүлээцтэй хандаж байгаа хүсэл мөрөөдөл ялангуяа хайр дурлалын талаарх хөөцөлдлийг нь Цао Сюэ Чин маш их өрөвдсөн сэтгэлгээгээр дүрслэн бичсэн юм. Энэ нь хүний амьдралын баялаг гүн агуулгыг харуулсан төдийгүй бас орчин ахуй, нийгмээс тэдэнд боогдуулал болон нөлөө өгч байгааг үзүүлж, үүний улмаар тэднийг амьдлаг уран дүр болгож чадсан билээ.

Их зохиолч Цао Сюэ Чиний туурвьсан “Улаан асрын зүүд” хэмээх энэ зохиолын урлагийн үнэ цэнийн асуудал бол өгүүлж дуусашгүй ярианы сэдэв юм. “Улаан асрын зүүд”-ий хэл хэллэг, бүтэц зохиомж, хүний дүр бүтээлт зэрэг нь бүр хятадын эртний уран зохиолын оргилд хүрсэн байна.