Jump to content

Урлаг судлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урлаг судлал -хүмүүнлэгийн ухааны нэг төрөл бөгөөд урлагийн түүхийн хүрээнд гоо зүйн объект, дүрслэлийн илэрхийлэлийг судалдаг шинжлэх ухаан юм. Уламжлал ёсоор урлаг судлалын салбар нь уран зураг, зураасан зураг, уран баримал, архитектур, керамик, гоёл чимэглэлийн урлагийг онцолдог юм. Гэсэн хэдий ч өнөө үед урлаг судлал нь дүрслэх урлагийг илүү өргөн хүрээг хамардаг, тэр дундаа урлагийн тухай байнга хөгжиж буй тодорхойлолттой холбоотой янз бүрийн үзэгдэх дүрсийн болон үзэл бодол, төсөөллийг авч үздэг. Урлаг судлал нь дэлхийн өнцөг булан бүрт болон түүхийн туршид янз бүрийн соёл иргэншлүүдийн бүтээсэн объектуудын судалгааг хамардаг бөгөөд энэ нь утга учир, ач холбогдлыг илэрхийлдэг эсвэл үндсэндээ үзэгдэх дүрслэлээр дамжуулдаг байна.

Урлаг судлал бол урлагийн бүтээлийн дүр төрхийг бий болгоход нөлөөлдөг соёл, улс төр, шашин шүтлэг, эдийн засаг, урлагийн янз бүрийн чиглэлийн хүчин зүйлсийг задлан шинжилдэг салбар юм.

Австрийн түүхч, урлагийн онол судлаач Ханс Зедльмайр (герм. Hans Sedlmayr; 1896- 1984) урлаг судлалыг 1. Урлагийн түүх (герман. Kunstgeschichte), 2. - Урлагийн мэдлэг (герман. Kunstwissenschaft) гэж хоёр хэсэг шинжлэх ухаан гэж үздэг байна. Х.Зэдльмайр энэ хоёр нь зөвхөн үйл ажиллгааны хувьд бага зэрэг ялгаатай болохоос судалгааны хувьд тэдгээр нь хоорондоо ихээхэн уялдаатай байдаг тул хатуу зааг ялгаа байдаггүй гэж онцлон тэмдэглэж байжээ.

Урлаг судлаачид

[засварлах | кодоор засварлах]

Ядуу гуталчны хүү Иоханн Иоахим Винкельманн (герм. Johann Joachim Winckelmann, 1717—1768) бол Германы урлаг судлаач, эртний урлаг, археологийн шинжлэх ухааны судалгааг үндэслэгч, урлагийн түүхийн "эцэг" гэх нэр авсан юм.

19-20-р зуунд урлагийн шүүмжлэл өргөн хөгжиж, урлагийн шинжлэх ухаанд хэд хэдэн сургууль, чиг хандлага бий болсон. Урлагийн судлалын чиглэлээр томоохон судалгааг Якоб Христоф Беркхардт (герман. Jacob Christoph Burckhardt; 1818—1897, Швейцар), Вильхельм Любке (герман. Wilhelm Lübke, 1826—1893, Герман), Алоис Ригл (герман. Alois Riegl; 1858—1905, Австри), Хайнрих Вольффлин (герм. Heinrich Wölfflin; 1864—1945, Швейцар) , Антон Спрингер (герман. Anton Springer, 1825—1891, Герман), Карл Вёрманн (герм. Karl Woermann; 1844—1933, Герман), Эжен Виоллет-ле-Дюк (франц. Eugène Emmanuel Viollet-le-Duc, 1814 —1879, Франц) , Гастон Камиль Масперо (франц. Gaston Camille Charles Maspero; 1846—1916, Франц), Абрахам Мориц Варбург (герм. Abraham Moritz Warburg, англи. Aby Moritz Warburg; 1866—1929, Герман), Ханс Зедльмайр (герм. Hans Sedlmayr; 1896— 1984, Австри) зэрэг бусад олон хүмүүс хийсэн юм.

Якоб Розенберг (англи. Jakob Rosenberg, 1893 - 1980) нь Рембрандтын талаар нийтэлсэн бүтээлээрээ алдартай урлаг судлаач, музейн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч байсан. Тэрээр 1937 онд АНУ-д цагаачлах хүртлээ Германд идэвхтэй ажиллаж, Харвардын их сургуулийн багшид ажилд орсон.

АНУ-ын урлаг судлал

[засварлах | кодоор засварлах]

АНУ-д урлаг судлалын хамгийн чухал байгууллага бол 1911 онд үүсгэн байуулагдсан "Урлагийн холбооны Коллеж" (англи. College Art Association of America. CAA) юм. Уг байгууллага жил бүр бага хурал зохион байгуулж, "Art Bulletin", "Art Journal" сэтгүүлийг хэвлүүлэн гаргадаг байна. Үүнтэй төстэй байгууллагууд дэлхийн бусад оронд Архитектурын түүх, Сэргэн мандалтын үеийн урлагийн түүх зэрэг мэргэшсэн чиглэлээр байдаг. Жишээлбэл, Их Британид "Урлаг судлаачдын холбоо" (англи. Association of Art Historians) нь анхны байгууллага бөгөөд "Урлаг судлал" хэмээх (англи. Art History) нэртэй сэтгүүл гаргадаг юм.