Jump to content

Франк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франк нутгийн тэлэлт

Франк (олон тоонд франкууд, лат. Franci, франц. Francs, герман. Franken) — Анх манай эриний 242 оны цаг тооны бичигт дурдагддаг, эртний Германы баруун хэсэгт оршиж байсан омог аймгуудын холбоо юм. Уг холбоо нь Хамави, Бруктери, Усипетес, Тенктери, Сикамбри, Хатти болон бусад аймгуудаас бүрддэг байжээ.

Франкийн түүхч Турын Грегуарын (лат. Gregorius Turonensis, франц. Grégoire de Tours) бичсэн хамгийн нэр хүндтэй "Франкуудын түүх" (лат. Historia Francorum, франц. Histoire des Francs) номоос гадна 7-р зууны үеийн "Фредегарын шастир" болон зуун жилийн дараа 8-р зуунд бичигдсэн зохиогч нь үл мэдэгдэх "Франкуудын түүхийн ном" (лат. Liber historiae Francorum) зэрэг нь франкуудын гарал үүслийг дүрсэлсэн хоёр эртний эх сурвалж байдаг ажээ.

"Франкуудын түүхийн ном"-д Приам, Антенор нарын удирдсан 12,000 троячууд Тройгоос Дон мөрөн (орчин үеийн Орос) хүртэл, дараа нь Дунай мөрний эрэг дээр, Азовын тэнгисийн ойролцоо орших Паннониа руу хэрхэн явсан тухай өгүүлдэг. Тэнд тэд Сигамбриа хэмээх хотыг байгуулжээ. Троячууд Ромын армид дайснуудаа Меотисын намаг руу түлхэхэд нь тусалж, Франк ("зэрлэг" гэсэн утгатай) гэсэн нэрийг авчээ. 10 жилийн дараа ромчууд Приамыг алж, Приам, Антенор нарын хөвгүүд болох Маркомер, Суннон нарыг бусад франкуудын хамт хөөжээ.

Германд байрлаж байсан франкууд урагшилж 261 онд Рейн мөрнийг гаталжээ. Франкууд олон газар улс, аймаг болон байж байснаас I Хлодвиг (481—511) Франк улсыг байгуулж 496 онд христийн шашинд орсон түүхтэй. Франкууд эзэмшил газраа улам тэлж яваандаа Францын хант улсыг бүтээжээ. Их Карлын (800–814) үед бүр томорч байсан.