Франц Шуберт
Франц Шуберт (1 сарын 31, 1797 – 11 сарын 19, 1828) нь Австрийн хөгжмийн зохиолч байв.
Вена хотын Веринг гэдэг оршуулгын газрын нэгэн булшны хөшөөн дээр: “Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм” гэж сийлсэн байдаг ажээ. Тэр нь асар их зовлон туулж, ахар богино наслаж, ер бишийн ихийг туурвисан хөгжмийн суут зохиолч Франц Шубертэд зориулсан үг байв. Их Бетховен, Шуберт хоёрын хувь тавилан ижил байв. Гэвч тэдний тэмүүлэл, зорилго тун өөр өөр байсан юм. Л. Бетховен хувьсгалыг магтан дуулж, гал дөл бадарсан бүтээлээрээ хүн төрөлхтнийг эрх чөлөө, ахан дүүгийн ёс, тэгш эрхийн төлөө уриалан дуудаж байсан бол Ф. Шуберт цоо шинэ үеийг төлөөлж, хөгжмийн романтизмын үүрийн туяа болон гийжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр цөөн хэдэн жил туурвисан гэхэд 1000 гаруй зохиолын өв санг үлдээсэн ажээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог. Жирийн хүмүүсийн амьдрал, сонирхол, сэтгэлийг сайн мэдэрч, түүнийгээ төгс илэрхийлдэг байсанд Ф. Шубертийн уянгын реализмын онцлог оршдог. Ардын дуу, хөгжим, бүжиг бол түүний сонат, симфони, цөөхүүл хөгжмийн нь үндэс болсон байдаг. Романтикуудын хамгийн дуртай төрөл нь дуу байсан ба Ф. Шуберт ч амьдралынхаа туршид дуу бичсэн гэхэд болно. Тэрээр зарим өдөр 8 дуу зохиож байсан гэдэг. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг, дунд боловсрол ч үгүй байсан тэр хүн зөвхөн авьяас билэг, нөр хөдөлмөр хоёроороо суутны зэрэгт хүрсэн юм.
Ф. Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүр байж, өвчин эмгэгт ээрүүлж явсан боловч гунил, гутралд орж байсангүй. Эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүй нь ядуу зүдүү гэж голж, ганцаардахад хүрчээ. Тэрээр 1818-1822 оны үед гуйлгачин шахам болж, гэртээ тавьсан хөгжмийнхөө хөлсийг ч төлж чадалгүй болтлоо ядарчээ. Өөрөө өчнөөн төчнөөн гайхамшигт зохиол бичивч худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Амьд ахуйдаа алдарт 9 симфонийхоо нэгээс бусдыг нь сонсож чадаагүй юм. Өөрийг нь ганц удаа баярлуулсан үйд явдал болсон нь түүний амьдралын сүүлийн жилд анд нөхөд нь зохион байгуулж тоглуулсан уран бүтээлийнх нь концерт байв. Австрийн хөгжмийн их зохиолч Ф. Шубертийг гэрээслэлийн нь дагуу хөгжмийн суут зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Энэ их хүн Л. Бетховений суу билгийг үргэлжлүүлэгчийн хувьд түүнтэй зэрэгцэн орших тавилантай байжээ.
Ф. Шубертийн “Төгсөөгүй” симфонийг “Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг” гэж урлаг судлаачид, их Бетховений симфониудтай эн зэрэгцүүлж үнэлдэг билээ.