Jump to content

Фёдор Головин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фёдор Головин

Фёдор Алексеевич Головин (1650 онд төрсөн— 1706 оны 7-р сарын 30-нд Зүүн эрэгийн Украин дахь Глухов тосгонд нас барсан)—Оросын I Пётр хааны ойрын хамтран зүтгэгч байсан.

1692 онд Боярин (Ноён) цол хүртсэн. Оросын Гадаад бодлогын байгууллагыг (президент Посольских дел) удирдаж байсан. Мөн үүнээс гадна Далайн цэргийн газар, Зэвсгийн газар, Алтан болон мөнгөн танхимыг (Сангийн яам) тэргүүлж байсан бөгөөд Сибирийн захирагч, Хуулийн болон Мөнгөний үйлдвэрийн газрыг тэргүүлж байжээ. 1702 онд Ван буюу "Граф" цол хүртсэн.

Тэрээр София гүнжийн эрх барьж байх үед тэргүүн сайд Василий Голицыны нүдэнд өртөж, окольничий цолтой "Хятадын Энх-амгалан хаантай гэрээ байгуулж, маргааныг намжаахаар" (Альбазин цайз орчим хилийн мөргөлдөөн) 1686 онд Амар мөрөн орчим нутаг руу илгээгдсэн байна. 1689 онд тэрээр Нерчийн гэрээг байгуулж, түүний дагуу Хятадтай дайн хийх боломжгүй байсан тул Амар мөрнийг Горбицын цутгал хүртэл газрыг хятадуудад шилжүүлж өгч байжээ. Элч төлөөлөгчийн ажлаас буцаж ирээд Сибирийн амбан захирагчаар томилогдсон байна. Энэ үеэр тэр Оросыг өөрчлөн шинэчлэх хаан I Пётрын хамгийн ойрын туслахуудын нэг болсон байна.

1695-1696 оны Османы эзэнт улсын эсрэг Оросын цэргийн ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулах ажилд тэрээр идэвхитэй оролцож, I Пётр хаанаас өндөр шагнал (хэдэн тосгон, тариачид) хүртэж байжээ.

Ф.Головин Оросын усан флотыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. I Пётр хааны Европ руу хийсэн эхний аялалд (1697) Франц Лефортын дараах хоёр дахь нөлөөтэй хүн байсан. Европын нийслэлээр аялахдаа тэрээр гадаадынхныг Оросын албанд урьж, усан онгоц үйлдвэрлэх нөхцөлийг бэлтгэж, аялалын төгсгөлд шинээр байгуулагдсан цэргийн тэнгисийг удирдах газрыг тэргүүлж байжээ. Навигацийн сургууль мөн түүний харьяанд байсан. Ф.Лефортыг нас барахад 1699 онд генерал-адмирал болж 1700 онд Оросын анхны генерал-фельдмаршал цол хүртсэн хүн юм.

1706 онд Киев хотод байсан I Пётр хаан руу явж байх замдаа Глухов тосгонд нас барсан.