Хайкү

Хайкү (Япон: 俳句) гэдэг нь 14-р зуунаас эхтэй Японы уламжлалт уран яруу найргийн нэг төрөл юм. Тухайн үед анх "хокку" (япон. 発句, «тэргүүн мөр») нэртэй байсан уг яруу найргийн төрөл нь 16-р зуунд тусдаа төрөл болсон байна. Өнөөгийн орчин үеийн нэрийг 19-р зуунд яруу найрагч Масаока Сики (Масаока Цүнэнори) санал болгосон байна. Хайку төрлөөр бичдэг яруу найрагчийг хайжин (яп. 俳人) гэдэг байна. Энэ төрлийн яруу найргийн хамгийн алдартай төлөөлөгч бол Мацүо Башо юм.

"Цөөн үгээр ихийг хэлэх" нь Хайку-гийн гол зарчим юм.

Тав, долоо, тав буюу арван долоон үеийн бүтэцтэй бөгөөд заавал дөрвөн улирлын аль нэгийг төлөөлсөн үг орсон байх ёстой. Түүнээс бус гурван мөрт шүлгийг хайкү хэмээвэл андуурал болно. Мацүо Башо хайкүг "Сэтгэл мэдрэгдмэгц бичих хэрэгтэй, ухаан мэдлэг дундуур орж амжихаас өмнө урьдах хэрэгтэй" гэдэг байсан нь шүлгийн энэ төрлийн онцлогийн тухай хамгийн зөв тодорхойлолт юм.