Мацүо Башо
Мацүо Башо (Япон хэл: 松尾 芭蕉, Matsuo Bashō 1644—1694 оны 11 сарын 28, жинхэнэ нэр нь Мацүо Мүнэфүса) бол Японы Эдогийн эриний алдарт яруу найрагч, японы хайкү хэмээх яруу найргийн төрлийг үндэслэгч юм.
Мацүо Ига мужийн Үэн хэмээх жижигхэн хотод дунд зэргийн амьдралтай самүрайн гэр бүлд төржээ. Тэднийх засгийн зүгээс ямар ч тэтгэлэг авдаггүй байсан учир эцэг нь самүрайн хувьд шаардлага гарвал цэргийн алба хааж, амьдралын ахуйгаа залгуулахын тулд бичгийн багш л хийдэг байжээ.
Башоо бүр багаасаа шүлэг зохиол бичих сонирхолд хөтлөгдөн хайкү маягаар шүлэг туурвиж ихээхэн хөдөлмөрлөсний үр дүнд нэлээд нэрд гарч, улмаар 1672 онд уран бүтээл туурвих хамгийн боломжтой гэж тооцогддог байсан Эдо хотод ирж суурьшин өөрийн дэг сургуулийг үүсгэж, тэр үеийн Японы нэр нөлөө бүхий зохиолчидтой холбоо тогтоож ажилласан нь ирээдүйн их найрагч болох замын эхлэл болсон юм. Энэ үедээ олон шавьтай болж, Японы хайкүгийн төрлийн тэргүүн зэргийн найрагч гэж үнэлэгдэх болтлоо өссөн юм.
Харамсалтай нь тэр туйлын ядуу амьдарч, бичсэн зохиолоо зарах буюу шавь нарынхаа өгсөн мөнгөөр хоног өнгөрүүлж байсан учир амь зуухын эрхээр 1680 онд Эдогоос хүн цөөтэй, зэлүүддүү Фүкагавад ирж суурьшив. 1681 онд түүний нэг шавь Рика нь тэдний байшингийн дэргэд гадил (японоор башо гэдэг) мод суулгасан нь үр жимсээ их өгч, нөхөд нь тэдний байшинг Башо-Ан (гадилын байшин) гэж нэрлэснээр яруу найрагч өөртөө Башо гэдэг уран зохиолын нэр авсан түүхтэй. Энэ үеэс Башо зэн буддизмыг судалж эхлэсэн нь түүний хожмын уран бүтээлд үлэмж их нөлөөлсөн юм.
1684 онд тэрбээр өөрийн уран бүтээлийн замаа өөрчилж, олон удаагийн аялалд удаа дараа явсаар 1694 онд өвчин тусч, шавь нартаа өөрийн хогшил хөрөнгө, гар бичмэл, номоо яах тухай гэрээслээд 10 сарын 12-нд нас барсан байдаг.
Башо аялалд явахдаа олон гайхамшигтай хайкү туурвиж, өдрийн тэмдэглэл хөтөлсөн нь түүний амьдралын намтар болоод зогсоогүй, сэтгэлгээ, үзэл бодол, үйл хэргийнх нь илрэл болсноороо хойч үеийнхний дунд ихээхэн үнэ цэнэтэй болж үлдсэн юм. Энэ үеийнх нь бүтээл дотор л түүний шилдэг хайкунууд бий. Тухайлбал:
Нүцгэн мөчир дээр
Ганц хэрээ сууна.
Намрын үдэш... гэх юм уу,
Хуучин цөөрөм
Мэлхий үсэрч
Ус цалгиллаа гэж өнөөдөр хүртэл "эвдэгдээгүй" хайкү төрлийн төгс төгөлдрийн бэлгэдэл болсон бүтээлүүдээ туурвисан юм.
Ер нь хайкү байгалийн гоо сайхныг зураглах, түүнийг уран сэтгэлтэйгээ холбож мэдрэх яруу найраг юм. Харин Мацүо Башо хайкүд гүн ухааныг оруулж ирснээрээ сэрэл мэдрэмжийн зохицол илэрсэн жинхэнэ хайкү яруу найргийг үлэмж утгаар нь хөгжүүлсэн гавъяатай ажээ.