Jump to content

Хандын Нямбуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боржигин овогт Хандын Нямбуу (1942 онд Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Хаяа хонд гэдэг газарт төрж, 1998 оны 1-р сарын 3-нд нас барсан) - Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсад угсаатан судлал, социологийн ухааныг үүсгэн хөгжүүлсэн, түүхийн шинжлэх ухааны ухааны доктор.

Хүүхэд наснаасаа төвөд, монгол номд боловсорсон гэр бүлд өсөж, балчир ахуйгаасаа үлгэр домог, түүх хууч их сонсдог байсан нь түүний хожмын монгол судлалын нэртэй эрдэмтэн болоход нь нөлөөлсөн байна. Эмэг эх Сосор, эх Ханд, нагац эгч Ичинхорол, нагац ах Лувсанчой нар нь эртний ном судар, түүх шастир цээжээр хэлдэг, төвөд хэлтэй хүмүүс байжээ.

Тэрээр 1958 онд 7-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Нийслэлийн арван жилийн 2 дугаар дунд сургуулийг 1960 онд дүүргэжээ.

1960 -1965 онд Монгол Улсын Их сургуулийн хэл уран зохиолын ангид суралцан хэл уран зохиолын багшийн мэргэжлээр төгссөн. Энэ үеэс ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлын гарааг Улсын Төв Музейд угсаатны зүйч мэргэжилтнээр ажиллан эхлэжээ.

1969- 1972 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1972-1983 онд ШУА-ийн Философи-социологи эрхийн хүрээлэнгийн социологийн секторыг байгуулж эрхлэгчээр нь 1983 оныг хүртэл ажилласан.

Угсаатны зүйн судалгааг баруун аймгуудад гүнзгийрүүлэх зорилгоор 1983-1985 онд Ховд дахь Багшийн Дээд сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгчээр ажилласан.

1985 оноос МУИС-ийн Хэл бичгийн сургуулийн монгол хэлний тэнхимийн багш, 1989 оноос монгол судлалын лабораторын эрхлэгч, 1991 оноос нийгмийн ухааны сургуулийн Угсаатан судлалын тэнхмийн эрхлэгчээр 1998 оны 1-р сар хүртэл ажилласан.

Монголын Угсаатан судлал, хэл, аман зохиол, шашин, урлаг судлал, гүн ухааны талаар эрдэм шинжилгээний ном зохиол 20, өгүүлэл 200-аад, хүүхдийн уран зохиол 10-аадыг нийтлүүлж, Монголын шинжлэх ухаанд зохих хувь нэмрээ оруулсан билээ.

1992 онд "Монголын угсаатны зүйн удиртгал" хэмээх сурах бичиг нийтлүүлсэн бөгөөд энэ номд монгол утсаатнуудын гарал үүсэл, түүхэн нутагшил, дэлхий дахинаа тархсан монгол угсаатнуудын тухай нэгтгэн дүгнэж бичсэн нь их дээд сургуульд үээх угсаатан судлалын хичээлийн гарын авлага болжээ.

Тэрээр 1993 онд бичсэн "Монгол хувцасны түүх" нэгэн сэдэвт зохиолдоо нэн эртнээс өнөөг хүртэлх монголчуудын хувцасны түүхийг цаг үеэр нь үечлэн, хаад ноёдын хувцсыг зэрэг дэвээр нь ялган гаргасны дээр дэлхийн олон оронд оршин суудаг монгол угсаатнуудын хувцас гоёлыг нарийвчлан өгүүлжээ.

1992 онд "Хүндлэхийн дээд хөх Монголын төрийн ёсон",

1993 онд "Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Төрийн ёс, ёслол",

1990-1992 онуудад «Монголын ёс заншлын тайлбар толь» бага, дунд, их гэсэн цуврал ботиуддаа монголчуудын угсаа гарвал, түүний ёс заншил, зан үйлийн талаар нэгтгэн 300 орчим толгой үсгээр тайлбар өгөхийн сацуу хавсралтдаа ардын мэдлэгийн сангаас танилцуулсан юм.

1998 онд «Монгол хувцасны түүх» хэмээх эрдэм шинжилгээ судалгааны ном.

2023 онд "Монголын ёс заншлын их тайлбар толь" бүтээл нь дахин хэвлэгдсэн.

Тэрээр “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонуудад зөвлөхөөр ажиллажээ.

Гэргий, Н.Өнөржаргал, Н.Золжаргал гэж хоёр охинтой.