Харри Худини
Харри Худини хэмээн алдаршсан Эрих Вайс 1874 оны 3 сарын 24-нд Австри-Унгарын нийслэл Будапешт хотод 7 хүүхэдтэй Еврей гэр бүлд мэндэлжээ. Түүнийг жаахан байхад гэр бүл нь АНУ-ын Висконсин (сүүлд Ходинигийн нэрэмжит талбайтай болсон) руу нүүж, 13тай байхдаа аавтайгаа Нью-Йорк хотод дотуур байранд суурьшин ямар ч хамаагүй олдсон ажлыг хийж, зарим үед гуйлга гуйж олсон зоосоо үсэндээ, хувцасандаа нууна. Удалгүй гэр бүлээрээ Нью-Йоркт суурьшиж, хичнээн ядуу зүдүү байсан ч ээж нь амьдралыг хөнгөвчлөх арга зам эрэлхийлж, хүүхдүүддээ хүнд хэцүүг мэдрүүлэхгүй байхыг хичээнэ. Эрих илбэ сонирхон зоос нууж, цоож судлан түлхүүргүйгээр түгжээг нь тайлах зэргээр өөрийгөө хөгжүүлж, бүр 1 удаа гүйлтийн тэмцээний аварга болж байв. 9 настай хүмүүст үзүүлбэр (trapeze – агаарын олстой үзүүлбэр) үзүүлж эхлэхдээ “Агаарын ханхүү, Эрих” хэмээн өөрийгөө нэрийднэ.
Франц илбэчин Жан-Южин Роберт Худины намтрыг уншиж судалсан нь түүний амьдралыг өөрчилж, өөрийгөө Харри Худини хэмээн нэрлэн мэргэжлийн илбэчний карьераа 1891 оноос эхлүүлэн хөзрийн илбэ үзүүлсэн ч амжилт олсонгүй. Удалгүй өөрийгөө чөлөөлөх төрөлд 1894 оноос насан туршийн хамтрагч, тайзны туслах, ирээдүйн гэргий Вилхелмина Беатрис “Бесс” Ранертай танилцжээ. Бесстэй танилцаад сар гаруй хугацааны дараа гэрлэн, хамтран ажиллаж багагүй амжилт үзүүллээ. Хосууд хүүхэдтэй болоогүй юм. 1899 онд Худинигийн гавтай үзүүлбэрт ихэд татагдсан Мартин Бек гэдэг менежертэй танилцсанаар түүний эрин эхэлж Европоор суурьшин аялан тоглолт хийн Дэлхий даяар алдарших хүслээ биелүүлэн 1905 оноос Америкт буцаж иржээ.
Худинигийн үзүүлбэрт орон нутгийн цагдаа нар түүнийг нэгжин шалгаж, шоронд түгжих, гавлах зэргээр оролцдог болсон нь нэр алдрыг нь өндөрт өргөж удалгүй Америкийн хамгийн өндөр орлогтой илбэчин боллоо. Худинигийн үзүүлбэрүүд гавнаас мултрах, хүлээстэй хүрэмнээс өөрийгөө гаргах, усаар дүүргэсэн танк, хадаастай хайрцагнаас гав, цоож, түгжээг тайлан гарч байгаа авьяаслаг үйлдлүүд нь хүмүүсийг татна. 1912 онд Худини Хятадын усан эрүү шүүлтийн хорго (Chinese Water Torture Cell) гэгддэг усаар дүүргэсэн түгжээтэй шилэн хоргонд хөлнөөсөө дүүжлүүлэн, хүлээстэй хувцастай орж усан дотор 3-с илүү минутын хугацаанд амьсгаагаа түгжин өөрийгөө суллах нь түүний оргил, нэрийн үзүүлбэр нь болж чаджээ. Худини карьерынхаа турш уралгүйгээр цаасан хайрцагнаас гарах, модон авдар, авс, төмөр хайрц, усны (diving suit), шуудангийн даавуун уут, сүүний том төмөр сав (бедон), шилэн хоргонд өөрийгөө хэдэн давхар олс, гав, гинж, цоож, түгжээгээр бэхлүүлэн зарим үед дүүрэн устай тохиолдолд орж, ихэнхдээ минут хүрэхгүй хугацаанаас 10 минутын хооронд өөрийгөө чөлөөлж чаддаг байв. Зарим тохиолдолд олсоор давхар хүлсэн модон хайрцганд хүлээтэй орж гол руу шидэгдэж, хайрцагнаас өөрийгөө суллах гээд байнга шинэ арга, шинэ үзүүлбэр сурч, хэрэгжүүлсээр байв. Худини заан алга болгож байсан удаатай.
Худинигийн хөрөнгө чинээ түүнд өөр бусад боломжуудийг нээн өгснөөр Германд онгоц худалдан авч Австрали руу онгоцоор нисэн хүрсэн анхны хүн болж, хэд хэдэн кинонд тоглосон боловч нэг их амжилт олоогүй юм. Олон жил төрөл бүрийн үзүүлбэр үзүүлэхдээ гэмтэж бэртсэн ч эмчийн үгэнд оролгүй үзүүлбэрээ үзүүлдэг байв. Нэг удаа залуу боксчин Гордон Вайтхэд Худинигийн гэдэс рүү цохих санал тавьжээ. Өмнө нь нэг бус удаа ийм үзүүлбэр үзүүлж байсан Худини бэлтгэж амжилгүй зөвшөөрсөнд залуу боксчин хамаг хүчээрээ цохисноор Худини эмнэлэгт хүргэгдэн, хагалгаанд ороход мухар олгой нь хагарсан байв. Хэд хэдэн хагалгаанд орсон боловч 1926 оны 10 сарын 31-нд 52 насандаа таалал төгсжээ.
1926 оны 10 сарын 24-нд хамгийн сүүлчийн удаа Детройт мужийн Гаррикийн театрт тогложээ.
Харри Худини “King of Handcuffs” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн шилдэг илбэчдийн нэг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Харри Худини – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Wikiquote (en) — Харри Худини