Хасан нуурын мөргөлдөөн

Хасан нуурын хилийн мөргөлдөөн (1938)
Хамаарах дайн: Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд
Огноо 1938 оны 7 сарын 29-1938 оны 8 сарын 11
Байрлал Нуурын ба нэргүй өндөрлөг (Хасан нуурын район)
Үр дагавар ЗХУ-ын ялалт.
Байлдагч талууд
ЗХУ Японы эзэнт гүрэн
Манж-го
Удирдагчид
В. К. Блюхер
Г. М. Штерн
В. Н. Сергеев
В. К. Базаров
Н. Э. Берзарин
Уэда
Исогаи
Цэргийн хүч
ЗХУ:
15 000 цэрэг.[1]
237 их буу[1]
285 танк[1]
250 нисэх онгоц[1]
1014 пулемёт
Япон:
20 000 цэрэг.[1]
200 их буу[1]
70 нисэх онгоц[1]
3 хуягт галт тэрэг[1]

«Чжангуфэн өндөрлөгийн хэрэг явдал» (Орос: Хасанские бои, яп. 張鼓峰事件) ЗСБНХУ, Япон улсын хооронд 1925 онд дипломат харилцаа тогтсон ч наран улсын милитарист хүрээлэл умард хөршийнхөө эсрэг нилээд түрэмгийлэх төлөвлөгөө боловсруулсаар байлаа. Япон улс ЗСБНХУ –ын эсрэг хийх дайны бэлтгэлийн үндсэн санааг 1927 онд Японы засгийн газрын тэргүүн болсон ерөнхий сайд Гиити Танако томьёолон, боловсруулснаар хожим нь “Танакийн меморандум” нэршин алдаршсан билээ.

1928 оны эхээр Япон улс түүхий эдийн баазтай болох, ЗСБНХУ, БНМАУ, Хятад руу хийх түрэмгий дайны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цэрэг түшиц газар эзлэх зорилгоор цэргийн түрэмгийлэлд шаргуу бэлтгэх болсон юм. Манжуурыг довтлохоос өмнө 20 –иод оны төгсгөл, 30 оны эцэс гэхэд ЗСБНХУ-ын эсрэг “Оцу” гэсэн нууц нэртэй цэрэг-стратегийн төлөвлөгөө боловсруулагдсан байв. 1933 онд японы цэргийнхэн Манжуурыг эзэлмэгцээ нутаг дэвсгэр дээр нь цэргийн төрөл бүрийн байгууламж барихын зэрэгцээ ЗСБНХУ, Монголын хил рүү төмөр болон засмал зам тавьж эхэлсэн байна.Энэ хугацаанд Японы Жанжин штабын тагнуулын хэлтсийн/зохиогч нь хожмоо дэслэгч генерал болсон, хошууч Канда Масатанэ/ аналитик суурь баримт бичгийг бүрдүүлэх даалгавар бүхий японы тагнуулынхан улам ажиллагаагаа идэвхжүүлэв.

Схемийн зураг. Хассан нуур дахь Японы цэргүүдийн ялагдал. 1938 оны 7-р сарын 29 - 8-р сарын 11

“Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг судлах материал” нэртэй нууц илтгэлд хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь ирээдүйн дайнд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.”Иймээс Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд багтаж буй ажил бол нилээд олон хэлбэртэй байх бөгөөд бүх дэлхий хамрах үйл ажиллагаа болох ёстой хэмээн зохиогч нь онцлон тэмдэглэж байв.”ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан японы тагнуул, нууц ажилтнуудад японы жанжин штабаас сайшаагдсан зөвлөмж энэхүү илтгэлийн үндсэн дээр өгөгддөг байсан бөгөөд хожмоо энэ зөвлөмж тэдний үйл ажиллагааных нь удирдамж болсон билээ.

ЗСБНХУ , Хятад , Солонгосын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж буй энэ тагнуулын ажиллагааны удирдах төв нь Оросын иргэний дайны үед байгуулагдсан ЯЦТГ/японы цэргийн төлөөлөгчдийн газар/ байв. Монголын нутаг дэвсгэр дээр цагдаагийн улс төрийн албаны 3 дугаар тасаг, хилийн цагдаагийн отрядын онцгой тасгууд хорлон сүйтгэх идэвхтэй үйл ажиллагааг явуулж байв./1/ Зөвлөлт Оросын эсрэг ажилдаа ЯЦТГ оросын цагаантны дүрвэгсдийг өргөнөөр ашиглаж байлаа. Тухайлбал, 1938-1939 онуудад, 1939 оны 04 сарын19-ны ЗСБНХУ-ын ДЯЯАК, АБЕГ-ын өгсөн тойм танилцуулгад тэмдэглэснээр Японы Кемпейтай,Германы Абверийн тагнуулуудын удирдлага дор ажилладаг, тэдний хөрөнгөөр байгуулагдсан ОФХ/”Оросын фашист холбоо”/ хэмээх байгууллага идэвхтэй ажиллаж байсан тухай тэмдэглэжээ. Энэ байгууллага нь дайсны хорлон сүйтгэгчид, алан хядагчид, нууц ажилтнуудыг ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр байршуулах ажлыг зохион байгуулдаг байв. ОФХ-ны алс Дорнодын болон европын их хурал дээрээ ЗСБНХУ-ын эсрэг явуулах дайнд фашист гүрнүүдийг дэмжих, зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр хорлон сүйтгэх – тагнуулын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай шийдвэр гаргаж байжээ./2/

1938 онд Японы жанжин штаб өөрийн тагнуулын нууц мэдээг харгалзан “Оцу” төлөвлөгөөндөө тодотгол оруулжээ. Тухайлбал, 1938-1939онд Алс Дорнод Зөвлөлтийн хотуудыг дараагийн зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор манжуурт ихээхэн хэмжээний цэрэг оруулахаар тусгаж, түүний зэрэгцээ БНМАУ руу цөмрөн орохоор төлөвлөсөн байна.Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр, Манж-Го ба Солонгосыг эзлэн авсны дараа шинэ зорилтоо ЗХУ-ын газар нутагт хандуулжээ.[2] ЗХУ-Японы анхны хилийн байлдаан 1938 онд Приморьед болсон Хасан нуурын тулалдаан байсан. Энэ байлдааны ажиллагааны өмнө болон дараа Манжийн хил дээр Япон ба ЗХУ-ын хооронд жижиг байлдаанууд үе үе гарч байжээ.Японы армийн түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө.[3] 1938 оны 8-р сарын 1-нд Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь ховх цохин гаргахыг Алс дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаав. Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемет, 237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ. Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы засгийн газар ноцтой түгшив. Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн саналыг 8-р сарын 4-нд элчин сайд Сигэмицу Гадаад хэргийн ардын комиссар Литвиновт өгчээ. Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж туршихаар шийджээ.Энэ нь хожмоо Монголын морьт 22-р хорооны хэрэг явдал дээр давтагдсан байна. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд «Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс давуулахгүй байх. Нисэх хучин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ. Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв. Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор японы цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж, зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болов. Хасан нуурын хавьд болсон тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анхудаа хүчтэй том улсын жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв.[4]

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 Хасан // Большая энциклопедия (в 62 тт.) / редколл., гл. ред. С. А. Кондратов. Т. 56. — М.: «ТЕРРА», 2006. — С. 147−148.
  2. Новиков М. В. Победа на Халхин-Голе. М., Политиздат, 1971. стр.26
  3. Шишов Алексей Васильевич. "Россия и Япония. История военных конфликтов". Archived from the original on 2009-06-03. Retrieved 2010-02-15. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |description= and |datepublished= (help)
  4. Артем Кречетников (2009-08-20). "Би-Би-Си: «Халхин-Гол: первый блицкриг»". Archived from the original on 2013-10-17. Retrieved 2013-10-29.