Jump to content

Хачиун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хачиун Алчи-с чиглүүлэгдэв)

Хачиун (1166-120?᠋; бас Хачиун алчи гэдэг) бол Чингис хааны дүү, Есүхэй болон Өэлүн хоёрын дундаас гарсан гуравдахь хүүхэд байсан юм.

"Монголын нууц товчооны" 60-р зүйлд:

„Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ“

гэсэн байдаг. Өрх гэрээр хаягдаад аж төрж байтал Таргудай Хирилтуг "Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив" гэж довтлон ирэхэд ах нарын хамт шугуйд нуугдан амь гарчээ. Харин түүний хэзээ таалал төгссөнийг таамаглахад 1206 оноос өмнө тохиосон нь тодорхой бөгөөд Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаад, эх дүү нартаа өрх айл хувиарлан өгсөн тухай Судрын чуулганд бичснээр Хачиуны хөвгүүн Элжигдэй ноёнд татар, урианхай, найман аймгаас нийлсэн 3000 өрх[1], Нууц товчооны 242-р зүйлд Алчидайд 2000 иргэнийг, мянганы ноёдоос Чаурхайг[2] өгөв гэж бага зэрэг ялгаатай тэмдэглэж байна.

Иймд Нууц товчоонд болон бусад түүхэн эх сурвалжид Хачиун алчи, эсвэл Алчидай гэж нэрлэсэн байдаг. Түүний хүү Алчидайн (Илжигдэй) үед түүний угсаа нилээн нэр төртэй болж ирсэн.

Тэмүжиний өөр хоёр дүү Хасар, Тэмүгэ нар том ахынхаа үйл хэрэгт дотны хамтран дэмжигч байсан тухай Нууц товчоонд дурьдах нь олон байдаг бол Хачиуны тухай заах нь ховор. Ялангуяа Чингис хааны хожим төрийн эрх барьж буй үеийн тухай бичээст Хачиуны тухай бараг байхгүй. Иймд Хачиун залуудаа насан өөд болсон байж болох юм гэсэн таамаглал байдаг.

Судрын чуулганд бичснээр Хачиуныг олон хатад, хүүхэдтэй байсан[3] гэж бичдэг ч, зөвхөн Элжигдэйн нэр л түүхэнд тодорхой үлдсэн. Элжигдэй ноёны угсааны ноёд Юань Улсын үед Жинань ван (济南王), У ван (吴王) цолыг үе залгамжлан хүртэж байсан нь Юань Улс хятадаас хөөгдснөөс хойш ч ван цол (ван гэдэг хятад үгийг эртний монголоор он гэдэг байсан) хэрэглэж байсан. Иймээс 15-17-р зуунд Хачиуны удмынхны захирсан отгийг Онниуд, Онлигууд гэж нэрлэх болж, тэд 1632 онд манжид дагаар орсноор Зуу Удын чуулганы Онниуд хошуу болжээ.

  • Хачиун
    • Элжигдэй
      • Жинань ван Хадаан
        • Лууда
      • Жаухур
        • Егэлэй
        • Жинань ван Хулачу (Хулухур)
        • Жинань ван Шинлахар
        • Ү ван Мунанзи
          • Ү ван Чосгин
            • Ү ван Дорж
          • Жи ван Долин
            • Жи ван Бабай
      • Есүжин гүнж: ихирэсийн Жахурчин хүргэний хатан болсон.
  1. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 196–197, 407.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. "Монголын нууц товчоо: Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-10-14.
  3. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 196–197.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)