Jump to content

Хашимото Рюүтаро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хашимото Рюүтаро

Хашимото Рюүтаро (япон. 橋本 龍太郎, 1937 оны 7-р сарын 29-нд төрж, 2006 оны 7-р сарын 1-нд нас барсан) - Японы төрийн зүтгэлтэн, 1996 оны 1-р сарын 11-нээс 1998 оны 7-р сарын 30-ны хооронд Японы 82 дахь Ерөнхий сайдаар ажилласан байна.

Хашимото 1937 оны 7-р сарын 29-нд Японы Окаяма аймгийн Сожа хотод төрсөн. Түүний аав Хашимото Рёого Ерөнхий сайд Киши Нобүсүкэгийн (1957-1960) Засгийн газрын танхимд сайдаар ажиллаж байжээ.

Тэрбээр Кэйо их сургуулийг улс төр судлалын чиглэлээр 1960 онд төгссөн. 1963 онд Японы парламентын гишүүн болсон. 1989 онд Сангийн сайд, 1994 онд Гадаад худалдаа, аж үйлдвэрийн сайдын албыг тус тус хашжээ. 1995 оны есдүгээр сард Японы Либерал ардчилсан намын даргаар сонгогдсон юм.

Хашимото 1996-1998 онд Японы засгийн газрыг тэргүүлсэн. Тухайн үед гадаад бодлогын салбарт Оростой яриа хэлэлцээ эрчимжиж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцинтэй хэлэлцээ хийхдээ Хашимото Орос, Японд энхийн гэрээ хэрэгтэй гэж мэдэгдсэн ч тэр үед хилийн асуудлыг шийдэхгүйгээр энхийн гэрээ байгуулах боломжгүй юм гэж байсан. Япон-Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байсан Ерөнхий сайд.

1998 онд Японы Либерал Ардчилсан нам парламентын дээд танхимын сонгуульд амжилтгүй оролцож Хашимото огцорсон юм. Түүний оронд Обүчи Кэйзо Ерөнхий сайдаар томилогдов.

2000-2001 он хүртэл Хашимото Мори Ёшироогийн танхимд засаг захиргааны шинэчлэл хариуцсан Төрийн сайдаар ажиллаж байсан. 2001 онд Мориг огцорсны дараа тэрбээр Либерал Ардчилсан намын даргын албан тушаалд дахин өрсөлдсөн ч намын дотоод сонгуульд Коизүми Жүн-Ичироод ялагдсан байна.

2002 онд тэрбээр зүрхний хүнд хагалгаанд орж бүрэн эдгэрч чадалгүй байсаар 2006 оны долдугаар сарын 1-нд Токио хотын эмнэлэгт 69 насандаа нас баржээ.