Хизб ут-Тахрир
Хизб ут-Тахрир аль-Ислами (араб хэлнээс орчуулбал - "Исламын чөлөөлөх нам") нь 1953 онд Иерусалимд байгуулагдсан радикал исламист байгууллага бөгөөд орон нутгийн Шариатын давж заалдах шатны шүүхийн шүүгч Такиуддин ан-Набханигийн байгуулсан улс төрийн нам. Зорилго нь Исламын (Халифат) улсыг сэргээн байгуулах. 1977 онд Ливаны Бейрутад Набхани нас барсны дараа байгууллагын удирдлага Палестины Абдул Кадим Заллумын гарт шилжсэн. 2003 онд Заллум нас барсны дараа бүлгийг Палестины Ата Абу Рашта мөн удирдаж байжээ. Хизбут-Тахрир аль-Исламийг 1943 онд Хеброн мужид төрсөн Ата Абу Рашта удирддаг. 1966 онд Абу Рашта Каирын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр өөрийн мэргэжлээрээ маш их ажилласан бөгөөд Арабын орнуудад алдартай барилга, зам барихад шаардагдах материалын хэмжээг тооцоолох ном бичсэн ажээ. 1960-аад оны сүүлчээр тэрээр мэргэжлийн ажлаасаа гарч Хизбут-Тахрир аль-Исламид нэр нөлөөгөө нэмэгдүүлсэн юм. Хизбут-Тахрир нь дэлхийн 40 гаруй оронд өөртөө элсүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 50 мянга хүртэл хүн түүний эгнээнд багтаж байгаа гэсэн тооцоо байдаг. 1995 оноос Узбекистанд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд мөн Казахстан, Тажикистан, Киргизстан, Азейрбайжан зэрэг хуучин Зөвлөлт Холбоот улсын тусгаар улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа. Орост тус байгууллагын төлөөлөгчид Крым, Ижил мөрөн, Кавказад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан.